Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй-гийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент хоорондын найрамдалт харилцаа амжилттай хөгжиж буйг талууд онцлон тэмдэглэв.
Мөн Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Латомб төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенатын ээлжит чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцахад тус өдрийн хуралдааныг даргалагч Сенатын дэд ерөнхийлөгч, Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Натали Делатр зочдод зориулсан тусгайлсан мэндчилгээг дэвшүүлэв.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон хоёр улсын эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой болж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, айлчлалынхаа хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхахын зэрэгцээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Түүний үргэлжлэл нь Монголын парламентын төлөөлөгчдийн ажлын айлчлал болж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )