Анх 1944 онд 11 генерал цолтон төрсөн нь бүгд дарийн утаа үнэртсэн офицерууд байсан гэдэг. Тэд бол яах аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан баатрууд байв. Дайн байлдаангүй энх цагт генерал цол олгож болохгүй гэсэн үг биш. Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон генералуудын тоо нэмэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд НҮБ-ын цэргийн командлагчийн орлогч генерал Б.Баярсайхан Африк тивд “Монгол мянгат”-ын хамт үүрэг гүйцэтгэж байх жишээтэй. Ерөөсөө Зэвсэгт хүчний дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож олгодог хуультай.
Энэ тухай Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийн хавсралтын “Цэргийн цол олгох журам”-д тодорхой бий. Тухайлбал, уг журмын 1.1-д “Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл бөгөөд тэр нь тухайн цэргийн алба хаагчийн цэргийн боловсрол, мэргэшлийн түвшин, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн” гэжээ.
Мөн 1.2-т “Цэргийн цолыг зөвхөн Монгол Улсын цэргийн байгууллагад цэргийн тангараг өргөж, цэргийн алба хааж буй цэргийн жинхэнэ алба хаагчид олгоно” гэсэн бол 1.4-т “Цэргийн жинхэнэ алба хаагчдад албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн цэргийн цолыг шат дараалан олгоно...” хэмээн тус тус заажээ.
Тэгэхээр генерал цолны будлиан анх яаж эхэлсэн тухайд баримт түших нь илүү зүйд нийцнэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Батлан хамгаалахын анхны иргэний сайдаар томилогдсон Д.Дорлигжав тухайн үеийн шилдэг генералууд болох Ш.Жадамбаа, Р.Гаваа нарын 10-аад хүнээс өө сэв хайн чөлөөнд гаргаж, оронд нь нутаг ус, нам гэсэн шалгаруураар генерал цол олгож, албан тушаалд томилж эхэлсэн түүхтэй.
Тэгэхээр Ерөнхийлөгч Н.Багабанди 11 генерал төрүүлсэн бол Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед 19 генерал төрж, Ц.Элбэгдоржийн үед 40 генерал төржээ.
Харин “Женко” Х.Баттулгын үед 20 орчим генерал төрсөн гэж мэдээлснээс өөрөөр нарийн тоо гаргаагүй байдаг. Тэгвэл өөрөө цэргийн гэх Ерөнхийлөгч маань хэдэн генерал төрүүлэх вэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
6 жилд лав 60 төрөх байхаа. Түрүүчийн ерөнхийдлөгчдийнхөөс нилээн хэд нь аавын хаалга татсан байх шүү.
40-50 байхад болох юм байна.