АН: Цагдаагийн хуульд цагдаа нарт хариуцлага тооцох заалт байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх зарим хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг танилцуулах сургалт өнөөдөр /2022.03.01/ УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаныхны дунд боллоо.

Сургалтыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, хуульч Ч.Өнөрбаяр удирдав.

АН-аас өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, УИХ дахь АН-ын бүлэгт хүлээлгэн өгсөн Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тухай хуулиуд энэ хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байгаа юм. Иймд энэхүү хоёр хуулийн төслийн талаарх үзэл баримтлал мэдээллийг сургалтаар өглөө.

Мөн нэмэлтээр Төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын тухай хууль болон Иргэний улс төрийн эрхийн тухай хуулиудын талаарх үзэл баримтлал, эдгээр хуулиуд яагаад ардчилсан Үндсэн хуульт улсад зайлшгүй байх ёстой талаар ярилцлаа. Аливаа хууль нь эрх, үүрэг, хариуцлага гэсэн гурван үндсэн агуулгыг шингээсэн байх ёстой. Гэвч УИХ-аар хэлэлцэх хуулиудын эхийг ихэвчлэн тухайн салбарынхнаар хийлгэдэг учраас, жишээ нь Цагдаагийн тухай хуулийг боловсруулсан цагдаагийнхан өөрсөддөө оногдох хариуцлагыг хуулийн төсөлд бараг тусгадаггүй. Энэ мэтээр салбар бүр өөр өөрсдийн эрх, үүрэг, дэд бүтэцдээ анхаарч хуулийн төслийг боловсруулсаар, өнөөдөр манайд батлагдан хэрэгжиж байгаа хуулиудад хариуцлагын асуудал маш бүрхэг тусгагдсан, ихэвчлэн орхигдсон байдаг тухай доктор Ч.Өнөрбаяр сургалтын үеэр онцлон тэмдэглээд Ардчилсан намаас өргөн барих хуулиудыг боловсруулахдаа үүн дээр онцгой анхаарч ажиллахыг ажлын албаныханд хэллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.199) 2022 оны 03 сарын 01

АН-д үүрэлсэн ард түмний хөрөнгөөр хөлжсөн Хулгайч, луйварчидаа яах гэж байна. Чиний зөвлөж явсан этгээдийн нэр тэргүүн эгнээнд яваа даа тэгээд Цагдаа нтр гэхээ больж үз тэд ажлаа хийгээл явж бга.

0  |  0
иргэн(49.0.178.43) 2022 оны 03 сарын 01

Танай дүрэмд ч өөрсөдийнхөө хулгайч нарт хариуцалга тооцох заалт байхгүй. ийм лебералууд, танай хүзүүгүй таргалсан даа...Удахгүй ТЭР танай нам гээчийг өөрийн өмч болгоно гэж байна уу???

0  |  0
Top