Хөвсгөл нууранд цөмөрсөн автобус хориглох туузыг тасалж орсон байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар 45 хүний суудалтай автобусны хойд хоёр дугуй мөс рүү цөмөрч орсон талаарх мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу автобусыг гаргахаар онцгойгийн 13 алба хаагч, 3 автомашин газар дээр нь очиж ажиллаж, 15 иргэнийг аварсан байна. Одоогоор автобусыг гаргахаар шуурхай ажиллаж байгаа ажээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн захирагч, ахмад Ц.Саруулсайхантай холбогдоход “Хүн тээврийн автобус 15 зорчигчтой явж байхдаа “Ашхай” жуулчны бааз байрладаг нуурын үзүүр хэсэгт бөгсөн хэсгээрээ цөмөрсөн. Таталтын үйл ажиллагаа явагдаж байна. Автобус цөмөрсөн хэсгийг манайхан өрх гэж ярьдаг юм. Ер нь энэ хэсгээр мөс ч нимгэн байдаг. Энэ жилийн “Мөсний баяр”-аар нууран дээр, ялангуяа мөс нимгэн газарт машин гаргахгүйн тулд нэлээд хичээж ажилласан. Хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэг их явууллаа. Дээр нь нуурын хөвөөгөөр 700 гаруй шон хатгаж, 3000 метр тууз холбож татсан. Гэтэл туузыг тасалж ороод цөмөрчихсөн байна. Зорчигчдыг аюулгүй гаргаж авсан. Жолооч нь “Гайгүй байх гэж бодоод орчихсон” гэдэг тайлбар өгсөн. Манайхны хэнэггүйн л асуудал юм даа. Одоогоор өөр зөрчил гаргасан машин байхгүй” гэж ярилаа.

Тодруулахад, өчигдөр /2022.03.03/ уламжлалт “Мөсний баяр” албан ёсоор эхэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(118.235.24.20) 2022 оны 03 сарын 04

Үнэн тэнэг юмаа. Төлбөрийг нь төлүүлээд торгууль бас нэм.

0  |  0
Top