УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын удирдлагуудаас гадна 60 гаруй иргэд оролцов. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн банк маш том луйврын систем болжээ. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг парламент дахь сөрөг хүчний хувьд, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдрах нөхцлийг дээшлүүлж болохуйц томоохон хэмжээний бүтээн байгуулалт, улс орны хөгжин дэвших боломжийг үгүй хийсэн Хөгжлийн банкны асуудлыг дуулиан, шуугиан төдий болгож өнгөрүүлэхгүйн төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хэсэг нь буюу 1.7 их наяд төгрөг нь муу зээлийн ангилалд орчихоод байгаа. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 25 жилд байгаагүй 5.3 хувийн уналттай гарсан бол 2021 онд ердөө 1.3 хувиар өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг шокын байдалд байгаагийн нотолгоо. Тээвэр ложистикийн гацаа, шатахууны үнэ чөлөөлсөнтэй холбоотой инфляц огцом өссөн хүнд үед Хөгжлийн банкны асуудал хуулийн дагуу шийдэгдэж дуустал хараа хяналтаасаа гаргахгүйн тулд энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үзэж, санаачилга гарган ажиллаж байна. УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийг шалгах Түр хороог байгуулах боломжтой болох ажээ.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох “Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2021 оны үйл ажиллагааны судалгаа”, “Парламентын мөрдөн шалгах ажиллагаа: Хяналт шалгалтын түр хороо” сэдэвт илтгэлүүдийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат нар тавьж, түр хороо байгуулснаар үүсэх давуу тал, боломж, түр хороо хэрхэн ажилладаг талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Ардчилал өндөр хөгжсөн орны парламент хянан шалгах түр хороо байгуулах замаар баримт цуглуулан, буруутай нь тогтоогдсон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх замаар баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангадаг туршлагын талаар мөн тайлбарлалаа.
Хэлэлцүүлэгт оролцсон СХД-ын иргэн М. Зундуйдаваа: “Хөгжлийн банкны зээлийг бидний халааснаас төлөхийг эрс эсэргүүцэж байна. Иймд УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг дэмжихийг тойргоос сонгогдсон гишүүдээсээ шаардацгаая”, ХУД-ийн иргэн Н. Цэрэнбат: “Хөгжлийн банкны зээлийг Ардчилсан намын үед идсэн гэж сурталчлаад байгаа ч, үнэн хэрэгтээ хуулиа өөрчлөөд МАН өөрсдөө завшсан байна гэдэг бодит мэдээллийг өнөөдрийн хэлэлцүүлгээс олж авлаа. Ийм мэдээллийг олон нийтэд өргөн хүрээнд мэдээллэж баймаар байна”, БЗД-ийн иргэн Ч.Нарантуяа: “Өмч хөрөнгөндөө ард түмэн хяналт тавих цаг иржээ. Манай нам ч дотооддоо олон асуудлуудаа хянан шалгах ёстой. Ардчилсан намын үед хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн ч одоо ямар нэртэй байна. Дүгнэлт хийх хэрэгтэй! Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж байна” зэргээр санал шүүмж өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр “Төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын тухай”, АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай” гэсэн хоёр хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Бүлгийн дарга Д.Ганбатад гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )