Манай эмэгтэй улстөрчид жендэрийн асуудлыг ном журмын дагуу байршуулахыг хүссэндээ байнга яриад, түүний төлөө яваад байдаггүй. Гагцхүү өөрсдөө улс төрөөс арчигдах вий гэж айдагтаа уйгагүй ярьдаг, бас явдаг. Түүнээс энэ нийгэм дүүрэн асуудал байхад хэзээ тэд явж байсан юм. Тэдний нэг бол Чингэлтэй дүүргээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа М.Оюунчимэг. Өнгөрөгч 2016 онд 65 суудал авсан ах намынхан маш хүчтэй байж, 2020 оны сонгуульд тус намаас мандат авна гэдэг жинхэнэ тулааны асуудал байсан.
Зарим тойргийн мандат 2018 оноос эзнээ олчихсон, мандатын эрхээ эдэлж байгаа гишүүд нь сандран гүйж байсан цаг. Энэ үеэс М.Оюунчимэг гишүүний амны уншлага нь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн асуудал болж эхэлсэн. Өөрөө ч телевиз, дэлгэцийн урлагийн туршлагатай хүн учраас ярихыг бол төгс чадна. Гагцхүү хөрсөн дээр хийж хэрэгжүүлсэн ажил харагддаггүй гэх.
Ингэхдээ тэр “УИХ-д ёс зүйтэй, боловсролтой хүнээ боддог хүн орж ирээсэй гэж бодож байгаа юм. Эмэгтэйчүүд УИХ-д орж ирснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Гурван ээлжээр хичээллэдэг байдал байхгүй болсон” хэмээн гөрдсөн.
Сургууль, цэцэрлэгийн асуудал бол маш олон жил хүндэрч хөглөрсөн зүйл. Бүр туйлдаж арга ядсан зүйл хийгээд 2016 оноос Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын Засгийн газар дамжуулан цэгцлэх аядсан л хэрэг. Ёстой л нүдээ аниж байж бага зэрэг урагшлуулсан. Үүнийг ганцаараа хийсэн мэт бүтэн хоёр жил ярьж байж мандатаа авч санаа амарсан хүн бол тэр.
Түүнээс бус сэтгүүл зүйн салбараас орж ирсэн нэг учраа мэдэхгүй эмэгтэй хийчих асуудал огт биш. Харин муу нэртэй ч Ц.Гарамжав, М.Билэгт гээд бизнесийн зовлон туулж, олон хүний амьдрал чирж ирсэн эмэгтэйчүүд бол өөртөө нааж болох л асуудал.
Тухайн үед тэр мандатгүй үлдэх нь гэж айгаад байх ч хэрэггүй байсан л даа. Өөрөө улс төрийн мэдрэмжгүй учраас үхтэлээ айсан хэрэг. Нэг хэсэг Т.Аюурсайхан шударга үнэний дүр эсгэж мандав даа. Ингэхдээ М.Энхболдын бүлэглэлийг түлхэн унагаасан гэх “баатар”-аар тодорсон. Намынхаа даргад гавьяа байгуулсан нөхөрт нэг дүүргийн сонгууль зохицуулах эрх байлгүй яахав.
Тиймээс Чингэлтэй дүүрэгт төдийгүй МАН-д шинэ цагийн “баатар”-аар тодорсон нөхөрт хүчтэй өрсөлдөгч огт хэрэггүй тул УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг замаасаа зайлуулж, улмаар нэгэнт сонгогдохгүй гэх төлөвлөгөөний дагуу М.Оюунчимэгийг дагуулав.
Нөгөө хамтрагч Ж.Сүхбаатараа ч “нам дамжсан, урваж шарвасан” гэх нэр хоч сэм өгөөд дагуулчихсан юм. Гэтэл МАН-ын нэр хүнд асар өндөр байсан учраас гурвуулаа гараад ирсэн. Намынх нь нэр хүнд муу байсан бол М.Оюунчимэг бүү хэл өнөөх хоёр нь ч өвдөглөчихөөр амьтад. Түүнээс хойш дахин хоёр жил өнгөрөхөд тэр жендэрийн эрх тэгш байдлын талаар нэг ч үг унагаагүй л болов уу. Харин одоо ярих цаг нь ойртож байна. Одоо л ярьж эхлэхгүй бол “алдуул”-ууд очдог тус тойргийг овоо хараандаа авчихсан нөхөд МАН дотор байж таарна. Гагцхүү ярьсаар яваад ядарч туйлдах, эцэст нь төрхөмдөө буцах магадлал өндөр юм.
Тэгээд ч манай нэг улс төр судлаач “Чингэлтэйчүүд муу сонголт хийдэг” гэх үг яагаад ч юм М.Оюунчимэг гишүүнийг харахаар санаанд орох. Ард түмний сонголт ямар байхыг ганц нэг хүн дүгнэж болохгүй ч нийтлэг хандлага, олон жилийн дундаж сонголтоос харахад бас чиг бодож үзмээр. Гэхдээ энэ тойргоос хэн хэнийг сонгож байсныг бус УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тухай дурдах учраас хойш тавья. Түүнээс бус өдгөө хаях хонхор олдохгүй байгаа Ц.Элбэгдоржоос эхлээд “Салаавч” Г.Баярсайхан нарын олон “алдуул”-ыг лав сонгож байсан тойрог юм билээ. Магадгүй сонгогчид нь жалга довны үзэл дагаад байдаггүй, даяаршсан тойрог байж болох юм. Өршөөнө биз.
Халгаж тойроод яахав. М.Оюунчимэг нарын ихэнх эмэгтэй гишүүд энэ улс төрд хэрэггүй гэдгээ өнгөрөгч хугацаанд сайтар батлан харууллаа. Бултаар нь дайраагүй шүү. Зөвхөн сүүлийн 10 жилийн байдлыг харахад ганц хэрэгтэй хууль батлуулсан нь Л.Эрдэнэчимэгийн хаягтай “Тамхины хяналтын тухай хууль” байна. Харин мань М.Оюунчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын даргад өргөн мэдүүлж байгаа харагдсан. Өөрөөр сэтгэж, өөр асуудлаа ойлгохгүй байна уу, эсвэл санаж сэрэхээ байчихсан хэрэг үү гэх хүмүүс ч байна. Арваад жилийн өмнө батлуулж байсан хуулийг нэмэлт нэрээр бариад орж ирж байгаа нь ийн хэлэхэд хүргэсэн байх.
Мэдээж хэрэг, өнөөдөр нийгэмд тулгамдаж буй электрон тамхины асуудал хөндөж байгааг буруутгахгүй. Миний хувьд жишээ авч байгаа хэрэг. Түүнээс бус ямар нэгэн хуулийг засаж нэмж болохгүй гэсэн үг огт биш. Орондоо хүртэл хуулиа засдаг л хүмүүс. М.Оюунчимэг тэргүүтнүүд бол архи дарс, аяга шанаганы асуудал ярьдаг өнөөх л тулга тойрсон хэрүүлээсээ салаагүй хүмүүс. Яаж улс орны хэмжээний бодлого тодорхойлох юм бэ. Нэг архины асуудал гарахаас нэгдээд сүрхий мэдээлэл хийдэг. Нэг хүчирхийллийн асуудал гарахаар нэгдээд мэдээлэл хийдэг л хүмүүс. Гагцхүү тэр нь ажил болж байсан нь бараг үгүй юм.
Нэгэнтээ "Жижиг дунд үйлдвэрлэл бол хулгай биш. Шударга шуурхай шийд. Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авсан долоон сайд нарыг өршөөлийн хуульд хамруулж, нэг удаа төрийн их уучлал үзүүлье" гэх бичигтэй цаас барьсан зураг цахим орчинд түгээгдэж, хэл ам болж, хариуд нь “Бага насны охины тухай, алуурчдын эсрэг шударга шүүхийн төлөөх цахим жагсаалд барьсан цаасыг өөрчилж эвлүүлэг хийн улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсан” хэмээсэн.
Хэн нэгэнд ингэх шаардлага байсан эсэхэд нь эргэлзээ төрдөг. Тэгээд ч энэ тухай хэн нэгэн буруутан тодроогүй юм даг. Энэ талаас нь харвал гэнэт өнөө хэдийгээ өмөөрмөөр санагдсан ч байж болох юм. Аль нэг сайдаас нь ямар нэг зүйл “гулсуулчихсан”, эсвэл “гулгуулах” төлөвлөгөөтэй байсныг үгүйсгэхгүй. Тэдэнд “гулсуулж” “гулгуулахгүйгээр” амьдарч ажиллах нөхцөл байхгүй.
Зөвхөн сонгуульд өрсөлдөхөд тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгө зарцуулна. Эх үрсийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд олон баярын үеэр тэд хэдэн зуун сая төгрөгөөр сонгогчдоо тал засах болдог. Хамгийн наад зах нь Цагаан сараар тавгийн идээ тараана гээд амар зүйл биш.
Гэтэл мань М.Оюунчимэгт ямар ч бизнес байхгүй хэрнээ сонгуульдахаас эхлээд бусад гишүүдийнхээ адил л ажиллаж амьдарч байгаад эргэлзэх хэрэггүй. Адил тэгш байхгүй бол түүнийг “Хөөрхий минь” гээд сонгох сонгогч байхгүй. Насаараа бизнес эрхлээгүй гэдгээ ч хэлж байсан санагдана. УИХ-ын гишүүний цалингаар энэ бүгдийг зохицуулдаг гэж арай хэлэхгүй биз.
Миний сайн мэдэж байгаагаар тэр сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан. Энд ажиллаад бэлэг сэлт тарааж, сонгуульд зарцуулах хэмжээний мөнгө олох нь бүү хэл талхаа дийлвэл их юм болно. Ямар сайндаа хуралдаан дээр боов гаргаж идээд нэр хоч зүүсэн тал бий. Энэ бол манай захын редакцын өдөр тутмын амьдрал учраас М.Оюунчимэг гишүүн түүнээсээ л салаагүй явааг харуулсан л даа. Одоо бол тэр хотын аль өдөрлөг газарт зоог барьж явааг таахын аргагүй болоо биз ээ.
Ингэхээр нэгэнт парламентад орж ирсэн хүнд сайд, дарга нарт тал засах, кнопоо “худалдах” хэрэг гардаг биз дээ. Дашрамд дурдахад энэ мэт бизнес хийдэггүй гэх түшээд чухам хаанаас энэ мэт нүдэнд харагдаж гарт баригдамгүй их хөрөнгө мөнгийг зохицуулаад байгааг зохих газраас шалгаж баймаар юм.
Сэтгүүл зүйн салбар гэснээс тэр цагийн хатууд буюу 1995 онд ОХУ-ын Ленинград хотын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, 2008 онд АНУ-ын Оклахома мужийн Улсын их сургуульд сэтгүүл зүйн мастер тус тус хамгаалсан салбартаа ховорхон эрдэмтэн. Монголын үндэсний телевиз, "ММ" агентлаг редактор, ахлах редактор, тоймч, "ММ" агентлагийн ерөнхий редактор, захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч гэхээр тэр бүрий сэтгүүлчдийн хүрээд байдаггүй талбар.
Сэтгүүлчийнхээ хувьд хамгийн өндөр карьерт авирч очсон цөөн төлөөллийн нэг. Энэ өнцгөөс нь харвал сайн сэтгүүлч гэхээсээ илүүтэй богино зайд орон зайгаа харж, өөрийгөө өндөрт өргөхийг хичээж явдаг болов уу гэмээр. Энэ хэрээрээ их ярьдаг ч маш бага хийдэг хүн. Эрх биш сэтгүүл зүйн салбараас төрсөн гишүүн болохоор манайхан ч болж өгвөл сонины булан, цэнхэр дэлгэцийн реклам дундуур дуу дүрсийг нь гаргаад байгаа нь анзаарагддаг. Харин хэтэрхий их яриад байвал сонгогч олонд улиг болж, өөрөө ч ядардаг тал бий. Хийсэн зүйл байхгүй ч яриад байвал хэн ч залхана. Ярьсаар яваад ард түмэнд улиг болж, ядарч туйлдсан хамгийн сонгодог жишээ бол “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар байна.
С.УУГАНБАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
ЭНЭ УГ НЬ СЭТГҮҮЛЧ БАЙХДАА ГАЙГҮЙ ЮМ ШИГ БАЙСАН МЭРГЭЖИЛЭЭ БУРУУ СОНГОСОН БОЛОЛТОЙ
ЕС ЗҮЙ ХҮНИЙ ХАРИУЦЛАГА ХАНДЛАГАА НАМ ГЭХ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛД ХҮН НЭР ТӨР АЖИЛ АЛБАА ӨГЧ БОЛОХГҮЙГ НИЙТЛЭЛЧ ҮНЭХЭЭР САЙН БИЧСЭН БАЙНА.ЭНЭ БОЛ АРДЧИЛСАН НИЙГЭМ АРДЧИЛСАН.МОНГОЛ УЛС МӨН ГЭЖ.ОЙЛГОВ.
би л амтай гэсэн шиг бусад нь тэгээд амгүй юмуу
Энэ балай авгай хэрүүлээс өөр юу хийсийн улс төрөөс зайлвал таарна
Оюунчимэг гэгч 1996-2008 онд АН-ын гишүүн, 2008-оноос МАН-ын гишүүн болоод явж байгаа хог доо.
мансууруулах бодис хэргэлсэн юм шиг чалчаа мөөрөө эмэгтэй бол энэ Оюунчимэг гэгч. бизнес эрхэлдэггүй атлаа маш их хөрөнгөтэй ХАС банкнаас баахан зээл аваад төлөлгүй муу зээлд хамруулж чөлөөлүүлсэн бас нэг хулгайч шүүдээ
Юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй . Камер харчихвал ярьж эхэлнэ.
алмас
Тендерээр баяжиж байгаа гэж дуулсан шүү