Улс төр бүү хэл амьдралынхаа жолоо цулбуурыг эвхэх дөхсөн өвгөдөөс намаа салгаж авч чаддаггүй үнэхээр арчаагүй залуус. Залуус ч гэж дээ, эхнээсээ 50 насны босго давсан хэдэн нөхөр. АН-ын залуус гэх нөхдийн байж байгаагаас харвал өвгөдийнхөө дороос босож чадалгүй эрүү өвдөг нийлэх нь тодорхой болов. Намгүй ч болчихлоо. Тэдний эрүү өвдөг нийлэх ч яахав. Нэгэн цагт Монголын улс төрийн баруун жигүүрийг эзлэн байсан АН л хайран байна. Эзэд нь хэрэггүй ч зөв замаар явбал энэ нам яах аргагүй Монголын улс төр, нийгэмд хэрэгтэй.
Ямар ч эрх мэдэлгүй, хэзээ мөдгүй дээлээ нөмрөх гэж байгаа Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Х.Баттулга нараас одоо болтол айж сууна гэж баймгүй юм. Уг нь тэр хэдэн өвгөд нь төр, түмнээс хулгайлж авсан хөрөнгө мөнгөө хэрхэн яаж нуух, хэрхэн яаж ял зэмгүй үлдэх вэ гэж зовж яваа хүмүүс шүү дээ. Тийм ч учраас эрх мэдлийн төлөө ийн үсээ цайтал зүтгэдэг байх.
Одоогийн байдлаар АН-д сарниж задраагүй фракц гэж үлдсэнгүй. Сүүлээ хавчаад зугтсан Н.Алтанхуяг “Алтангадас”-ыг, төвийг сахисан Д.Дорлигжав нар МҮДН-ыг, сураг алдарсан З.Энхболд “Шонхор”-ыг, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын “өвгөн залуус” нь “Нэг ардчилал”-ыг, торны цаана суугаа Э.Бат-Үүл нар “Зүүн хойд Ази”-ыг гээд бүгдийг самарсан, эднээс юу ч үлдээгүй.
Эдгээр нөлөө бүхий фракцууд алга болохоор Д.Нямхүү нарын “Кроун” мэт жижиг бүлэглэл ч амь тавьчихаж. Анхнаасаа сүрхий зүйл ч байгаагүй.
Саяхан ганц бүтэн үлдсэн ганц фракц МоАХ-ыг “Үндэсний хэмжээний зөвлөгөөн” нэрийн дор С.Эрдэнэ, Д.Сосорбарам нарын нөхөд самарчихлаа. Энэ уран уншигч жүжигчин ч бас юу билээ.
Өнгөрөгч хугацаанд АН-ын хэдэн өвгөд л нам нам хэмээн дундаа тэмцэж байгаагаас нэг ч залуусын түүчээ нийгмийн индэрт гарч ирсэнгүй нь хэний ч сонирхлыг татаж байгаа. Олны өмнө гарч ирсэн нь Д.Монголхүү гэх хэн ч биш нөхөр аанай л өвгөдийн захиалгаар Х.Баттулгын өөдөөс дайрч байгаагаас өөр зорилго алга.
Өнөөх Д.Монголхүү нь “МоАХ шинэчлэгдэн зохион байгуулагдаад МАН хэмээх дарангуйлагч улс төрийн хүчинтэй тэмцэнэ. Хүний эрхийг хумиж байгаа хэнтэй ч МоАХ тэмцэх түүхэн үүрэгтэй. Тэр дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Тиймээс би...” хэмээн цээжээ дэлдэх аж. Үнэнийг хэлэхэд МоАХ бол санхүүжүүлэгч Х.Баттулгаасаа салчихаар ямар ч амьдрах чадваргүй байгууллага шүү дээ. Тэр Д.Монголхүү нь ч “Женко”-гоор тэжээлгэж явсан нэг нөхөр гэхэд болно. Ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийгээ” гэдэг болсон. МоАХ-нд дайн байлдаанд оролцсон шахуу санаж, өөрсдийгөө партизан хэмээн нэрлэсэн хэдэн өвгөн л үлдэнэ.
“Женко”-гийн нэр дээр байдаг ч Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэх Ардчиллын ордны байрнаас ч хөөгдөнө Өөр юу ч байхгүй. Ийм байгууллагыг тэргүүлсэн ч яалаа, байсан ч яалаа. Өөрөөр хэлбэл төр, нийгмийн зүгт ямар ч нөлөөлөх үүрэггүй болсон байгууллага. Муу нэртэй, луу данстай ч Х.Баттулга л санхүүжүүлж байсан тулдаа хэдэн жил тэсэж, улс төр, нийгэмд харагдаж ирсэн түүхтэй.
Үүгээр ч зогсохгүй АН өнөөгийн Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилж, иргэдийн амьдрал ядуу зүдүү байгааг гайхширч байгаагаас бус намыг авах тэмцэл л явж байна. Тэд төрийн эрхэнд гарсан цагтаа самарч явснаас энэ төр, нийгмийн амьдралд анхаарч байсан өдөр ч алга.
Залуус гэхээр дээр дурдсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд эхлэх байх. Эрхэм хоёрын нэрийг байн байн дурдаад байгаагийн учир гэвэл бусдыг нь нийгэм бүү хэл АН дотроо ч танихгүй өтөлцгөөж байна. Ийм болтол нь дарсан хэрэг шүү дээ. Тэгээд ч АН-ыг оюутан ахуй цагаасаа дэмжиж ирсэн далаад оны залуусаас УИХ-ын босго давж, сайдын тамга атгасан нь ердөө энэ хоёр. Бусад нь хувь заяатайгаа нэгэнт эвлэрсэн. Эвлрээд зогсохгүй хий хоосон улстөржсөн нөхөд болсон нь нийгмийн сүлжээнээс харагдаж байна лээ.
Тэднийг маргааш улс төр ярихаас цаашгүй өвгөн нас угтан авна. Ах нараа дагаад олон арван жил ажил хийгээгүй нэгэнд бол тэтгэвэр ч байхгүй. Ядахад улс орондоо хийсэн гээд үзүүлж харуулах гавьяагүй ийм л хүмүүс болгосон. Аргагүй шүү дээ, 30 жил ах нарынхаа дор хэвтсэн нөхдийг хаана хэн таних юм, хаана юу хийж амжих юм.
Далаад оныхны дүр зураг ийм байхад наяад оны залуус хэрхэн яаж байх билээ. Наяад оны төлөөллөөс хэдэн нөхөд залуучуудын байгууллага гээд сүрхий яваад байсан сураг тасарсан. Ах нараа хараад зүрх нь үхээ биз. Ерөөсөө эртхэн ажил амьдралаа бодохгүй бол өвгөдийнхөө ярьж хэлж байгаа, намаа булаалдаж байгаагаас бэлхэн харж байгаа байх. Гэтэл МАН-ыг өнөөдөр наяад оныхон удирдаад явж байх жишээтэй. АН-ыг үүсэн байгуулагдаж ахуй 1990 оноос хойш аваад үзье.
Тухайлбал 1990 онд МАН-ын даргаар 1940-өөд онд төрсөн Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар ажиллаж байсан бол 1996 онд гэхэд 1950-иад оны Н.Энхбаяр, С.Баяр нар намын удирдах албанд ороод ирчихсэн байв. Ийнхүү 2005 он гэхэд М.Энхболд тэргүүтэй 1960-аад оныхон намын толгойд гарч, 2013 он гэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат тэргүүтэй 1970-аад оныхон, 2016, 2020 он гэхэд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980 оныхон энэ намыг удирдаж байна. Магадгүй 2028 он гэхэд ерээд оныхон ороод ирж таарна. Намын шинэчлэл, залуусын дуу хоолой гэдэг энэ юм.
Гэтэл АН-ынхан 1950 оны төлөөллөөс эхлээд 1960-аад оны төлөөлөлтэйгөө бүтэн гурван үеийг барахаар яаж нам хөгжиж дэвшиж, ялалтад хүрэх юм бэ. Өдгөө далаад оны төлөөлөл гээд байгаа нь О.Цогтгэрэл, М.Тулгат, Ц.Баатархүү, О.Баасанхүү нарын нөхдийг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга гэх мэтээр өмнөө залж хөөргөөд байгаа болохоос тэдэнд тамга тэмдэг ч алга. Хаана ч ямар ч эрх хэрэгжүүлэх боломжгүй. Хоосон дарга сэтэртэй нөхөд энд тэнд ярилцлага өгөөд явж байна. Одоо бүр нам ч үгүй болжээ. Тэгэхээр АН 1950, 1960 оны төлөөлөлтэйгөө 30 гаруй жил үйл ажиллагаа явуулсан учраас ийнхүү сураг алдарч байгаа хэрэг шүү дээ.
Шинжээчдийн хэлж байгаагаас харахад АН ойрын 10 жилдээ дээш өндийхгүй. Үүнийг өндийлгөж босгохын тулд залуучууд нэг талдаа гарах ёстой. Нэг талдаа гарна гэдэг нь талцаад байгаа ах нарын аль нэгтэй очиж нийлнэ гэсэн үг биш гэдгийг л сайтар ухаарах ёстой юм. Өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээр нэгдсэн, ардчилал, шударга ёсны төлөөх үзэл бодолтой залуус нэгдэн босох цаг нь болсон.
АН-д ирээдүйтэй сайн залуус байна хэмээн улс төр судлаачид, зарим нэртэй нийтлэлчдийн зүгээс хэлэх болсон ч ойшоож байгаа зүйл алга. Улс төрийн ууган хүчний дэргэд НАМЗХ гээд 60 гаруй мянган гишүүнтэй залуучуудын байгууллагад улс төр сонирхогч залуус дүүрэн бий. Тэгэхээр улс төр гэхээсээ илүүтэй албан тушаал горилж, амбиц хөөсөн эдгээр нөхдөөс цус сэлбэнэ гэдэг хэцүү. Гагцхүү сонголт юм. АН-ын дэргэд гэхэд Монголын ардчилсан залуучуудын холбоо гэх 90 гаруй мянган гишүүнтэй байгууллагад албан тушаалын төлөө “яахаас ч буцахгүй” хэдэн нөхөд байсан нь намын задралаа дагаад юу ч биш болов.
Ийм намд ямар залуу хүн ирээдүйгээ сүйтгэх гэж очих юм. Нам хэмээн 20 настайгаасаа дагаж гүйгээд 50 насны босго давахад улс төр ч үгүй, ажил ч үгүй үлдсэн ах нарын амьдрал нүдэн дээр өрнөж байхад хэн тийш очих билээ. МАН, АН гэх хоёр улс төрийн хүчний дэргэдэх залуусын байгууллага 60, 90 мянган гишүүнтэй хэмээн бахархадаг байв. Өнөөдөр МАН-ын залуусын тоо өсөж, АН-ынх уруудаж байхгүй болсон байх. Ямартай ч АН хэмээх улс төрийн хүчнийг өнөөдөр ам уралдан бурж байгаа өвгөд бус залуус аврах учиртай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Маш зөв гарчиг байна. Энэ 90-ээд оны хэдэн өвгөн Ардчилалыг өмчилж аваад АН-д шинчлэлт хиЙХГҮЙ ЯВСААР тэр муухай Эрдэнээд АН-г алдаад сүйрүүлсэн юм шүү дээ
Энэ хэдэн хөгшин ухна шиг өвөгчүүлийг зайлуулж байж АН нам шиг нам болно.энэ ухнууд байгаа цагт сэхэхээ үзэхгүй улам бүр л уруудан доройтох болно доо.Ардчиллыг би хийсэн би байгуулсан гэж булаалдсан хэдэн хөгшин ухна царайтууд зайлж байж АН сэхнээээ.
Улс төрийн хүүр болсон АН. Амьдралаа сүйрүүлэх гэсэн залуус л АН гэж гүйнэ дээ хөөрхий.
3 say hund ingej olon huvaagdah hereg ugaasaa baihgui tor zasagaa evlej negtgeed ard irgeden hynaj zovlood yvahad bolondoo iimiin tuld toroos muuhai humuusiig hol bailgahan chuhal
Ядаж байхад тэр Сосорбарам гэгч балиар юмны ярьж хэлж байгааг харсан байлгуй, ийм цагаан солиотууд Монголчуудыг толоолж Байна гэхээр ой гутмаар
Жонхуу, мэлхий 2 АН-! нас зайлах хэрэгтэй
Ардчилсан намыг амьтай голтой байлгах гэж гэр орон, ажлын өрөөгөө Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим болгон мөрөөдөн засаж, өөрийгөө Монголын лидр, одоо ч УИХ-ын гишүүн гэж сэрүүн зүүдэлж, лайвчин болсон өвгөн С.Эрдэнийн дүр зураг балран одсоор. Энд тэнд хурал хуй зохион байгуулж хэлж байгаа үгийн утгыг ч хүмүүс сонирхохоо байсаар алсран одсоор. Гэвч тэр зөрүүд ухна гүрийсээр, зөрүүдэлсээр. Дараагийн сонгуульд тэр нэр дэвшинэ, унана, гэвч гүрийсээр... алсран одно