Ц.Мөнхцэцэг: Дээд боловсролд ТӨРӨӨС ОЛГОХ ДЭМЖЛЭГ чухал байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Төрийн ордонд өнөөдөр /2022.03.10/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, явуулж байна.

Тэрбээр "Хуульч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа тогтолцоогоо яаж авч явах ёстой юм. Өнөөдрийн ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн агуулгаар нь үзэхэд нийлүүлэлт талаасаа дутаагүй. Хамгийн их нийлүүлэгдэж байгаа мэргэжил болсон. Гэхдээ энэ нь цаг үеийн шаардлагатайгаа нийлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэнэ, стандарт, чадавхыг нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр ямар хэмжээнд харж, бэлтгэж, нийгмийн харилцааныхаа агуулга руу тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм" хэмээн онцоллоо. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Дээд боловсролд төрөөс олгох дэмжлэг маш чухал. Их, дээд сургуулийг хөгжүүлэхийн тулд төрөөс санхүүжилтээр шийдвэрлэх ёстой. Их, дээд сургуулийн зардлын 92 хувь нь сургалтын төлбөрөөс олж байна. Тиймээс багш нарыг дэмжих үүднээс төсвийн санхүүжилтийг нэмэх чиглэлээр тодорхой өөрчлөлтүүдийг хийнэ. Төрөөс их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг хатуу тогтоож, барьж байдаг. Энэ нь тухайн сургуулийн үр ашигт сөргөөр нөлөөлж байна. Сургалтын төлбөрийг тухайн сургуулиуд тогтоож байх асуудал яригдаж байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлага төрөөс томилогдсон хүмүүс байдаг. Энэ байдлыг аль болох тухайн сургуулиас нь хамаарч, менежментийг нь өөрчлөх шаардлагатай байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top