Ш.Мягмар: Усан цахилгаан станц алсдаа өгөх үр ашиг нь өндөр байдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр болдог билээ. Сүүлийн үед гуравдугаар сарыг цэвэр усны ач холбогдлыг анхаарч, цэвэр усны нөөцийн тогтвортой тогтолцоог сурталчлах өдрүүд болгон олон арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Усны газар байгуулагдаад хоёр жил болж багагүй ажлыг эхлүүлээд байгаа аж. Тус газрын дарга Ш.Мягмартай хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.


-Усны газар байгуу­лагд­санаар ямар ажлуулыг эхлүүлээд хэрэгжүүлж байна вэ?

-Усны салбар нь 11 яаманд харьяалагддаг. Хот суурины ус хангамж Барилгын яаманд, рашаан, усны чанарын асуудал Эрүүл мэндийн яаманд, усны эрчим хүчний асуудал Эрчим хүчний яаманд, үйлдвэр уул уурхайн ус хангамж Уул уурхайн яаманд, хөдөө аж ахуй бэлчээрийн усан хангамж Хөдөө аж ахуйн яаманд, ус бол байгалийн нөөц баялаг гэдэг утгаараа Байгаль орчны яаманд харьяалагддаг. Салбар болгон өөрсдийн үйл ажиллагаанд таарсан бодлого боловсруулдаг. Усны газар байгуулагдсанаар усны үнэлэмжийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй ус ашиглалтын бодлогыг хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт: Бид хүн амаа чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангах үүрэгтэй.

Хоёрдугаарт: Монгол орны онцлог болох хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, нүүдлийн мал аж ахуйгаа усаар хангана.

Гуравдугаарт: Улс орон хөгжихийн тулд үйлдвэр, уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ хөгжүүлэх шаардлагатай учир үйлдвэр, уурхайг усаар хангана.

Дөрөвдүгээрт: Байгалийн экологийн тэнцлийг хангана. Байгальд байх ёстой усны нөөцийг заавал үлдээнэ. Тэгснээрээ ургамал амьтан, хөрс, мод зүлэг бүгд ургаж, тэжээн тэтгэгдэж байдаг онцлогтой.

Тавдугаарт: Усны сайн засаглал буюу усны зөв менежментийг бүх шатанд хэрэгжүүлэх бодлогыг баримталж  байгаа.

Ковидын дараа Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хэрлэн тооно, Орхон, Онги зэрэг томоохон төслийг эхлүүлж байна. Энэ төслийн хүрээнд томоохон голын ай савд олон зориулалттай усан цогцолбор барьснаар нэг талаас усны нөөцийг нэмэгдүүлнэ, нөгөө талаас усаа хамгаалах, зүй зохистой ашиглах, саарал усны хэрэглээг нэвтрүүлэх гээд олон ач холбогдолтой. Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн гол дээр боомт барьсан. Хоёр сая метр кубийн усан сан байгуулж, Хяргас сумын усалгаатай ногоон байгууламжийг сэргээх ажил хийж байна. Сүхбаатар аймгийн Ганга нуур 2018 онд 95 хувь нь усгүй болж байсан. Ганга нуурыг сэргээх ажил хийж гадаргын болон гүний судалгаа хийж даралттай цооног гаргасан. Мөн Хэнтий аймгийн Гурван нуур,  Аварга тосон рашаа, Зүүн бүрд нуур, Говь-Алтай аймгийн Эгийн нуурыг сэргээх ажил хийж байна.

-Усны нөөц ундарга ихтэй, гол мөрөн бүхий сав газрын усыг говь тал хээрийн бүс рүү татах тал дээр ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

-Манай орны нийт усны нөөцийн 60 гаруй хувь нь Сэлэнгэ, Хэрлэн, Булган голоор дамжин ОХУ, БНХАУ-руу урсан гардаг. Олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 метр куб ус ОХУ руу урсдаг. Өнгөрсөн жилийн том ажил бол Сэлэнгэ мөрний сав газар дахь ус ашиглалтын балансыг тооцсон. Хилийн бүсийн хэлэлцээр хийж ОХУ-тай Сэлэнгэ мөрний гарч буй усны хэдэн хувийг ашиглахыг тохирох боломж бүрдэх байх. Сэлэнгэ мөрний сав газарт усны тохируулга хийх боомт барина. Ингэснээр усан сангаа хуримтлуулах, говь тал хээрийн бүс нутаг руу ус дамжуулах хоолойгоор хүргэх ажил хийгдэх гэж байгаа. Дээр хэлсэн Хэрлэн, Орхон, Онгийн гол дээр хамгийн түрүүнд боомт барьж говь тал руугаа ус дамжуулах зорилготой байна.

-Говь-Алтай, Завхан аймгуудын эрчим хүчийг усан цахилгаан станцаас гаргаж байгаа. Бусад аймгуудыг цахил­гаанаар хангах боломжтой юу?

-Монгол орны хэмжээнд усан цахилгаан станц байгуулж эрчим хүч гаргах боломж бий. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Усны газраас том судалгаа хийж манай орны 12 том гол дээр 33 байршилд олон зориулалтын усан сан, усан цогцолбор барих боломжтой гэж үзсэн. Олон зориулалттай гэдэг нь олон давуу талтай. Үер уснаас хамгаалах, усалгаатай газар тариалан хөгжүүлэх, мал аж ахуйг өргөжүүлэх, аялал жуулчлалыг бий болгох, уул амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой.

Тайширын усан цахилгаан станц нь 7-11  мегават цахилгаан эрчим хүч гаргаад Завхан, Говь-Алтай аймгийн олон сумдыг эрчим хүчээр хангаж байна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар энэ жил бэлтгэл ажил нь хийгдэж байна. Усан цахилгаан станцын анхны хөрөнгө нь их боловч алсдаа өгөх үр ашиг нь өндөр байдаг. Тайшир, Дөргөний усан цахилгаан станц нь баруун бүсдээ нэг кв эрчим хүчийг 37 төгрөгөөр өгч байгаа бол хилийн чанадаас түүнээс тав дахин өндөр үнээр эрчим хүчийг худалдан авч байна.

-Манай орон Алтай, Хангай, Хөвсгөл, Хянганы нуруунаас усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн дулаарал нь усны нөөц багасахад нөлөөлөх үү?

-Дэлхийн цаг уурын байгууллагаас сүүлийн 100 жилийн мэдээг гаргахад дэлхийн 0.8-1 градусаар дулаарчээ гэсэн судалгаа бий. Манай улсад сүүлийн 80 жилийн хугацаанд 2.2 градусаар дулаарсан байна. Дэлхийн дунджаас хоёр дахин дулаарсан гэсэн үг. Дэлхийн дулаарлаас болж Хойд мөсөн далайн мөс хайлж байна шүү дээ. Манай орон 608.4 км куб усны нөөц бүрдүүлдэг гэж үздэг байсан бол сүүлийн 20 жилийн судалгаагаар 564.8 болтлоо буурсан.

Үүний гол шалтгаан бол мөнх цаст мөсөн уулын эзлэх талбай багасч, мөсний зузаан нимгэрсэнтэй холбоотой. Жил бүр усны тооллого хийхэд гадаргын ус буюу булаг шанд, гол горхи, нуур цөөрөм багассан. 2019 онд хийсэн усны тоо баримтын дүн мэдээнээс үзэхэд, Монгол Улсад 264 гол горхи, 704 булаг шанд, 286 нуур тойром ширгэсэн гэсэн судалгаа гарсан. Гэвч усны хэрэглээ нэмэгдсэн байна.  Өмнөх хэрэглээ 574 сая метр куб байсан бол сүүлийн гурван жилд 594 сая метр куб болтлоо нэмэгдсэн байна. 2020 оныхыг  2019 онтой харьцуулахад 2.4 хувиар нэмэгдсэн байна. 2022 оны усны хэрэглээг тайлан мэдээнээс гаргана.

-Мэргэжлийн хүний үүднээс усны төлбөр хоёр дахин нэмэгдсэн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Усны нөөцийн төлбөр хоёр өөр ялгаатай. Ус бол байгалийн нэг баялаг шүү дээ. Тэр утгаараа ус ашиглалт, байгалийн нөөцийн төлбөр төлнө. Байгалийн нөөцийг ангилж, усны ашиглалт, зориулалтаас хамаараад 29 сав газарт хуваасан. Хүн ам, хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч гээд усны нөөцийн төлбөр өөр, өөр байдаг. Манай Усны газраас томоохон үйлдвэр, уурхай, үйлчилгээний салбаруудаас байгалийн нөөцийн төлбөр авдаг. Өнгөрсөн жилийн байдлаар байгалийн нөөц ашигласны төлбөрт 47 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд усны үйлчилгээний үнийг Ус сувгийн удирдах газар хариуцдаг. Монголд хүн амын дундаас усны төлбөр авдаггүй, зөвхөн үйлчилгээний төлбөр авдаг.

Нийслэлийн усны долоон эх үүсвэр, 200 гаруй худгаар дамжуулаад ус олборлож, усан сангуудаар дамжуулж, 500-600 км урт шугамаар таны гэрт усыг чинь хүргэж өгсний төлөөх зардал юм. Энэ зардалд хүмүүсийн цалин хөлс, шугам хоолойны ажиллагааны зардал, ариутгалын зардал зэрэг багтдаг. Хүмүүсийн сэтгэлгээнд үнэгүй юманд үрэлгэн ханддаг. Тодорхой хэмжээгээр усыг үнэтэй болгох, иргэдийг усны зөв хэрэглээнд сургах шаардлага бий.

-Ус дахин боловсруулах саарал усан технологийн тухай яриад жилийн нүүр үзэж байна. Энэ төсөл нь хэр үр дүнтэй байна вэ?

-Усны нөөцийг ашигласан бол бохирдож байдаг. Таны ахуйн хэрэглээнээс ашигласан усыг саарал ус гэдэг. Үүнийг боловсруулж цэвэрлээд эргүүлэн ашиглаж байна. АНУ-ын Мянганы сорилтын сангаас том төсөл хэрэгжиж байгаа. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир уснаас хоногт 51 мянган куб усыг цэвэрлээд Дулааны цахилгаан станц ТЭЦ-III, IV-ийн хөргөлтөнд өгөхөөр технологийн ус гаргахаар ажиллаж байна. Энэ ажил ноднин дөрөвдүгээр сар эхэлсэн, таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Ингэснээр жилдээ 18 сая метр куб гүний усыг хэмнэх боломжтой болно.

-Нийслэлчүүд бид чанартай ус хэрэглэж чадаж байна уу?

-Байгаль дахь ус өөрөө тодорхой хэмжээний эрдэс бодис агуулж байдаг. Жишээ нь Монгол орны баруун бүс маш зөөлөн цэнгэг устай. Говь болон зүүн аймгуудын усанд эрдэс давс ихтэй байдаг. MNS20180900 гэсэн усны стандартын дагуу хүн амыг чанарын шаардлага хангасан баталгаатай ундны усаар хангах үүрэгтэй. Нийслэлийн хэмжээнд чанарын шаардлага хангасан усаар хангахыг зорьж ажилладаг, шалгалт, шинжилгээг тогтмол хийдэг.

Усны чанарыг сайжруулсан нэг жишээг дурдвал Говь-Алтай нь ундны усны чанар муутай, тухайн орон нутагт хүн амын дунд элэг цөсний өвчлөл ихтэй байдаг байсан. Говь-Алтайн аймгийн төвийн ус хангамжийг 60 км урт шугам татаж Завхан аймгаас усаар хангах том төсөл хэрэгжүүлсэн. Усны чанар нь сайжирсан учраас өвчлөл багасах байх. Өмнөх нийгмийн үед манай усны бодлого голдуу хөдөө аж ахуйн усан хангамж, бэлчээрийн усан хангамж тал руугаа эрчимтэй явагдсан. Харин одоо хүмүүнлэг ардчилсан нийгмийн үед хүнийхээ усан хангамжийг нэгдүгээрт тавьдаг болсон. 2025 он гэхэд нийт хүн амын 90 хувийг чанарын шаардлага хангасан баталгаатай усаар хангана гэсэн томоохон зорилго тавьж байгаа.

-Нийслэлийн гэр хороолол тэлэхийн хэрээр худаг ус гаргах, түгээх ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Улаанбаатар хотын хувьд Туулын хөндийн дагуу байрлах 218 гүний худгийн усаар хангаж байна. Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амтай байхаар байгуулсан юм билээ. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод нийт хүн амын бүртгэлтэй 44 хувь нь амьдран сууж байна. Хичээл сургууль эхлээд оюутан сурагч ирэхээр бараг 50 гаруй хувь нь төвлөрдөг. Түрүүн хэлсэнчлэн Улаанбаатар хотын хувьд Туулын хөндийд байгаа гүний худгууд, долоон эх үүсвэрээс усыг олборлож ариутган цэвэрлээд хүн амаа хангаж байна. Хоногт дунджаар 150-170 мянган метр куб усыг олборлон, 580 гаруй км шугамаар усыг иргэдэд түгээж байгаа.

Мөн гэр хороололд 646 ус түгээх байр бий. Цаашдаа Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газар энэ маягаар өсөн нэмэгдэх юм бол хэт төвлөрөл бий болно. 2015 онд хийсэн Улаанбаатар хотын усны нөөцийг хянан баталгаажуулах судалгааны ажлын үр дүнд хүн ам, үйлдвэр аж ахуйн газрууд өнөөдрийн байдлаар хурдацтай өсөн нэмэгдэх тохиолдолд 2028 он гэхэд Улаанбаатар хотын батлагдсан усны нөөц эрэлт хэрэгцээ тэнцэхээр байгаа.

Мөн нөгөө талаар газрын хөрсний ус амархан бохирдох эрсдэлтэй байдаг. Айлууд зусланд хашаандаа гүний худаг гаргадаг болсон. Гүний худаг гаргахдаа тухайн сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэж газрын дорх усны ашиглалтын хэмжээг заадаг. Гүний худаг гаргахыг нийслэлийн Байгаль орчны газар хариуцаж зөвшөөрөл өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөл өгөхдөө усны чанарын шинжилгээ хийлгэх тал дээр шаардлагыг хүргүүлдэг. Ер нь газрын усны ашиглалтыг сайжруулах зорилгоор худаг гаргах зөвшөөрлийг хязгаарлах бодлого барьж байгаа.

-Нийслэлийн ус хангамжийн баруун эх үүсвэрийг барих ажил хэзээ эхлэх вэ?

-Мянганы сорилтын сангаас 350 сая ам.доллар буцалтгүй тусламжаар нийслэлийн ус хангамжийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Энэ төсөл нь гурван хэсэгтэй. Эхний хэсэг нь усан хангамжийн шинэ эх үүсвэр хайж шугам хоолойг холбох ажил. Усны эх үүсвэрийн нөөцийг 2020 онд батлуулсан. Шувуун фабрик, Биокомбинат орчимд жилдээ 51 сая метр куб ус хэрэглэх боломжийг тогтоогоод байна. Одоо ашиглалтын цооногийг тоноглох, шугам хоолойг холбох, газрыг чөлөөлөх зэрэг зураг төсөл, судалгааны ажил хийгдэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(202.126.92.99) 2022 оны 03 сарын 24

Suuliin uyed usni usnii asuudal geed toriin bus baiguullaga yum yaridag boljdee er n toriin baiguullaga yum yarix yumu toriin bus baiguullaga yum yarix yumu

0  |  0
Gidertehnik(66.181.179.209) 2022 оны 03 сарын 24

Ene durak usan tsahilgaan stants uzeechgui baij hudlaa shaah um ene chin meregjliin ch hyn bish shyydee

0  |  0
Зочин(202.9.47.36) 2022 оны 03 сарын 14

Ш.Мягмарын ярилцлага дотор БХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний ажил болох хүн амын ундны ус хангамжийн болон усны төлбөрийн асуудал, УБ хотын гэр хорооллын ус хангамж, ус түгээх байр зэрэг ажлын талаар дурьдсан байх юм. Усны газар устай холбоотой бүхий л ажлыг хариуцдаг, зангиддаг гэсэн буруу ойлголт, мессежийг нийгэмд, олон нийтэд тараах нь маш буруу бөгөөд нэн зохимжгүй болно. Эрхэм дарга Та залруулга хийнэ үү.

0  |  0
зочин(202.21.114.170) 2022 оны 03 сарын 14

чоорт, ямар ч шинэ мэдээлэл, шинэлэг зүйл алга, усны салбарыг яана да яана!!! шинэчлэл зайлшгүй хэрэгтэй бн

0  |  0
Нэхэмжлэл(103.57.94.137) 2022 оны 03 сарын 14

Эгийн голын УЦС-ыг дурссан ч үгүй. Барих талаар хөөцөлдөөд ажил хийгээд байвал зүгээрсэн. Д.Одхүүг төслийн нэгж байвал захирал болгоорой

0  |  0
Top