Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 11-нд болж монголчуудын хувьд түүхэн бүтээн байгуулалтыг сурвалжилах, сэтгүүлчдийн баг Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Цар тахал, хөл хорионоос болж хоёр жил орчим олуулаа томилолтоор яваагүй сэтгүүлчид өглөө эрт дуу шуутайхан уулзацгаан замдаа гарлаа.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нийт урт нь 226.9 километр бөгөөд гуравдугаар зэрэглэлийн төмөр зам гэнэ. Хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байхаар төлөвлөж, хагас жилийн дотор дотоодын хүч, хөрөнгөөр бүрэн ашиглалтад оруулахаар болж байгаа юм. Дорноговь аймгийн төв дээрээс бага оврын автобусанд шилжин сууж, говийн энхэл донхолтой замаар явсаар Мандах сумын Халзан цав хэмээх газарт хүрлээ.
Төмөр замын ажлын нээлтийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлсийг тус газарт бэлтгэжээ. Төд удалгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан нисдэг тэргээр газардаж, нээлтийн арга хэмжээ боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд “Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх аж. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм байна. Мандал боомтоос ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн томоохон хот болох Бугат хүртэл харьцангуй ойрхон бөгөөд БНХАУ-ын зүгээс хилийн цаана хүртэл бүтээн байгуулалтаа аль хэдийнэ хийжээ. Одоо зөвхөн манай улс л төмөр замаа аль болох хурдан, чанартай барьж дуусгах үлдсэн байна.
Энэ зам ашиглалтад бүрэн орсноор 1300 гаруй ажлын байр шинээр бий болно.Үүнээс гадна говь хээрийн алслагдсан бүсэд хөгжил нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй тээвэрлэлт үүсэх нь дамжиггүй. Одоо бол том машинаар тээвэр хийж байгаагаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл нэлээд байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Тус чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор Ханги-Мандал боомт дээр ачиж, буулгах терминал баригдана. Улмаар Хангийн боомтыг хоёр дахь Зам-Үүд болгон хөгжүүлж, ачаа барааны эргэлтийн нэг цэгийн төвлөрлийг бууруулах боломж бүрдэнэ. Нээлтийн үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ цаашдаа Бичигтийн боомтоос эхлээд бусад бүх боомтуудаа төмөр болон автозамаар холбох нэн шаардлага бийг хэлсэн.
Ер нь манай улсын эдийн засгийн багтаамж нэг жилд 40-50 их наяд төгрөг байдаг аж. Үүнийг 150-200 их наяд төгрөг болгож байж эдийн засгийн суурь тэлж, нийгмийн бусад төсөл хөтөлбөрүүдээ хийж чаддаг, тэр талдаа түлхүү анхаарал хандуулах чадамжтай болно гэдгийг ч тэрээр хэлж байсан. Зүүнбаян-Хаги чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа. Энэ эрхийг гуравдугаар сарын 9-ний өдрийн ЗДасгийн газрын хуралдаанаар Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлд олгосон.
Тус компани нь өмнө нь 130 орчим километрийн урт төмөр зам тавьж байсан туршлагатай гэдгийг Монголиан транс лайн” ХХК-ийн захирал Б.Баяржаргал хэлж байсан. Нийт ачаа тээврийн 95 орчим нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн байх тус зам ашиглалтад орсноор эргэн тойрны 30 километрын радиуст Цагаан суварга, Хармагтай, Манлай гээд 10 гаруй томоохон орд газар эргэлтэд орох эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Мөнхүү Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Газрын тос нэрэх үйлдвэртэй ч холбогдоно гэхээр Монгол Улсын хөгжлийн нэгэн томоохон гарц болох учиртай.
Одоогийн байдлаар дан дотоодын 90 орчим аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх учраас тусгайлан зориулсан сүүлийн үеийн дохиолол хамгааллын систем ч суурилуулахаар төлөвлөжээ. Мөн хилийн зурвас бүсийг дайран өнгөрч байгаа учраас хилээс эхний 50 орчим километр төмөр замыг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа дөрвөн анги барьж байгуулах бол үлдсэнийг нь 32 аж ахуйн нэгж 4-10 километрээр нь хуваан хийх аж. Харин хяналт, шалгалт дээр нь Монголиан транс лайн” ХХК ажиллана гэсэн үг.
Нийт 226 километр төмөр зам барихад 400 орчим сая ам.долларын хөрөнгө шаардлагатайгийн эхний ээлжийнхийг концессийн гэрээ авсан компани өөрөөсөө гаргаад явж байгаа ч үлдэгдлийг нь төслөөсөө босгохоор төлөвлөж буйгаа хэлнэ лээ. Төмөр зам барихаар болж, тендер зарлахад гаднын компаниуд 3.2 сая ам.долларын үнийн санал иржүүлж байсан юм билээ.
Харин Засгийн газраас өөрсдөө барих шийдвэр гаргахад тухайн компаниуд нэрээ татсан гэдэг. Ер нь манайхан өөрсдөө замаа барихад 1.2 сая ам. Доллараар барих боломжтой гэсэн судалгааг гаргаж, үүнийхээ ч дагуу эхнээс бариад эхэлсэн. Тийм ч учраас өнөөдөр ээрэм талын дундуур зурайн босож байгаа нь монголчууд бидэнд ямар их хүч, хөрөнгө байгааг харуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам тээврийн хөгжлийн сайд ч энэ тухай хэлж байсан. Тэрээр “Зургаан сарын дотор энэ замыг ашиглалтад оруулах бүрэн боломжтой. Замын хэвгийн гайгүй, харьцангуй ачаалал бага, зардлын хувьд ч давуутай байх боломж гарсан. Хуучин Замы-Үүдээр амьдрал явж байна, Гашуунсухайтаар нүүрс гарч байна л гэж боддог байж.
Харин биднийг цаашдаа ямар боомт дээр ач холбогдол өгч, холимог тээврийг хөгжүүлэх нэн шаардлагатайг цар тахал бидэнд ойлгууллаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын импорт, экспортын ачаа тээвэр 20 сая тонноор нэмэгдэх, төмөр замын тээвэр 65 хувиар нэмэгдэх тооцоо бий” хэмээн хэлсэн юм. Дотоодод үйлдвэрлэсэн бетонон төмөр дэрүүдээс гадна хоёр хөршөөсөө ч бетнонон дэр худалдан авахаар тохиролцож, ОХУ-аас орж иржээ. Харин БНХАУ-аас авах дэрүүд ойрын хугацаанд орж ирэхээр болжээ. Ингэснээр бүтээн байгуулалтад ямар нэгэн саадгүй болж, зөвхөн биднээс шалтгаалах ажил үлдэнэ. Энэ ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэснээр зургаахан сарын дараа гэхэд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар монголчууд анхныхаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ гэсэн үг.
Төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээ болсон газар хүртэл бас л шаггүй замыг туулдаг аж. Бага оврын хоёр автобуст хуваагдаж суусан сэтгүүлчид дөрвөн цагт аймгийн төвөөс хөдөлсөн ч даруй таван цаг явж байж хүрсэн. Харин яг хажуугаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зурайх нь сэгсчүүлж яваа хүнд атаархал төрхөөр байсныг нуух юу байхав. Ингэж л өөрсдийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр төмөр болон автозамуудыг олноор нь барьж байгуулах нь эдийн засаг төдийгүй хүний амьдралын чанарт нөлөөлөх нь гарцаагүй. Ээрэм тал, элсэн говийн дундуур зурайх хос мөнгөн замаа улам олон, урт болгож байж халуун говийн урт замыг ойртуулах учиртай. Зам ойр, аюулгүй байх нь үр ашгийг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн хувьд ашигтай ажиллаад ирэхээр амьдрал ахуйд тустай, ирээдүйдээ итгэлтэй амьдрах боломжийг бүрдүүлэх болно.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )