АН-ын хэрүүл эцэстээ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД очлоо

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын хэрүүл эцэстээ Үндсэн хуулийн Цэцэд очлоо. Учир нь, өөрийгөө АН-ын албан ёсны ганц дарга хэмээн тодорхойлсон С.Эрдэнэ өчигдөр /2022.03.15/ журмын нөхөд болох УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь хоёрыг Үндсэн хуулийн Цэцэд өгч, шалгуулахаар болсон талаараа мэдэгдэв.

Тэрбээр Ц.Туваан, Ж.Батсуурь хоёрыг шалгуулах гомдлоо өнгөрсөн даваа /2022.03.14/ гарагт Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "АН-аас нэр дэвшиж УИХ-д гарсан ч хууль зөрчсөн Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн Цэцэд шалгуулахаар өгсөн. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг шийдэх байх" хэмээн тодотгосон билээ. 

Тэгвэл АН-аас нэр дэвшиж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.

Тэрбээр "Миний хувьд АН парламентад суудалтай болохоор УИХ-ын гишүүн хүн даргалж байх ёстой гэдэг үзэл санаатай байдаг. О.Цогтгэрэл гишүүн нэрээ татсан, тиймээс нэрээ дэвшүүлсэн. Олон сайхан залуус нэрээ дэвшүүлэх байх гэж бодсон ч экс Ерөнхийлөгч Х.Баттулга л нэрээ дэвшүүлсэн. Би 500 сая төгрөгийн дэнчингээ төлчихсөн" хэмээн ярьсан.

Харин УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас намынх нь Дотоод сонгуулийн хорооноос зарласан намын даргын сунгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймдээ ч удаа дараа хууль зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа аж. Ямартай ч хэдэн жил хэл амаа олж чадахгүй, хагаралтай яваа АН-ын хэрүүл эцэстээ Үндсэн хуулийн Цэцэд очоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top