НҮБ: Нүүдлийн МАА эрхлэгчдийн жилийг тэмдэглэх тогтоол баталлаа

2022 оны 03 сарын 17

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Олон улсын  бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй батлав.

Эдүгээ дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн, энэ салбар дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд ихээр өртөж, мал аж ахуй эрхлэгчид газар эзэмшил, газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зах зээлээс алслагдмал зэрэг бэрхшээлтэй тулгарсаар байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг зарлан тэмдэглэх санаачлага гарган, НҮБ-ын гишүүн улсууд болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын дэмжих бүлэг зэрэг байгууллагын дэмжлэгийг авснаар энэ асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдлаа. Манай улсын санаачилсан  “Олон улсын  бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолд 61 улс орон хамтран зохиогчоор нэгдэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд чуулганы Бүгд хуралдаанд тогтоолын төсөл танилцуулж хэлсэн үгэндээ “Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд Олон улсын  бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн ач холбогдол оршино гэв. Манай улсын хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг бууруулахад олон улсын жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулахыг тэрээр тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top