Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг УИХТГ, Азийн сан хамтын ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн жил цар тахлын хүнд үед бид парламентын ардчилал, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр иргэний боловсролыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрүүд боловсруулах, байгаль экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх механизмыг дэмжих чиглэлээр бэлтгэл ажлыг хангах зэрэг чамгүй ажлуудыг амжуулаад байна. Мөн Парламентын боловсрол хөтөлбөрийн сургагч багш, чиглүүлэгчдийг бэлтгэх ажлын хүрээнд эхний сургалтыг 2021 онд зохион байгуулсан. Азийн сангаас парламентын боловсролын хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлж, оролцогчдыг хэрэглэгдэхүүнээр хангаж парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцлоод, талархал илэрхийлэв.
Азийн сангийн суурийн төлөөлөгч Марк Кэйниг цаг гарган хүлээн авч буйд талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд 2022 онд ковидын нөхцөл байдал сайжирч бид төлөвлөсөн ажлуудаа урагшлуулж үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байна гэв.
Парламентын цахим шилжилт, ил тод нээлттэй байдлын хүрээнд манай 2 тал үйл ажиллагаагаа идэвхжүүлбэл хийх олон ажлууд байгааг дурдав. Мөн Азийн сангаас 4-р сард иргэдийн зөвлөлдөх цахим хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд УИХ дахь Байгаль хамгаалах бүлгэмийн ажлыг идэвхжүүлэх, дэмжих зорилгоор өндөр хэмжээний айлчлал зохион байгуулах зэрэг ажлуудыг ойрын үед хийхээр төлөвлөж буйгаа онцлов.
Талууд ойрын хугацаанд төлөвлөгөөний дагуу хамтран хийх ажлуудыг гүйцэтгэж, нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )