Б.Жавхлан: Уртын тээвэр ирэх сарын 1-нээс эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23/ болж байна. Хуралдаанаар ОХУ Украины эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.  

Тэрбээр "ОХУ-аас импортолж байгаа бүтээгдэхүүний 75 хувийг шатахуун эзэлдэг. ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дан болон давхар байдлаар нөлөөлж байна. Гэсэн хэдий ч шатахууны нийлүүлэлт, төлбөр дээр ямар нэгэн саатал гараагүй. Манай банкуудаас шатахууны төлбөр тооцоо ямар ч саадгүй явж байгаа. Цаашид ч саадгүй гүйлгээ хийж байхыг тал талаасаа хичээж ажиллах болно.

Монгол Улс гадаад бодлогын хувьд нэг цонхны бодлоготой тул НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр суурь хэвээр гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн ойрын хугацаанд Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. 

Экспортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс төлдөг төлбөрөө бид төлсөөр байх нь. Харин экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Гол экспортыг урд хөрш хязгаартайгаар авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгойгоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлнө. Гэхдээ экспорт төлөвлөсөн хэмжээнд явж эхлэх, уурхай дээрээс олборлолтоо хийх нь хамгийн чухал. Ингээд эхэлбэл "Эрдэнэс Тавантолгой" компани асуудалгүйгээр аваад гарчихна.  Өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо. Уртын тээвэр эхэлснээр боомтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Ямар ч байсан АМНАТ-ын төлбөрийг эхлүүлнэ.

Дахиад Цагаан хаданд их хэмжээний нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Зэс, алт зэрэг манай экспортолдог түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Харамсалтай нь өссөн хэмжээгээр экспортолж чадахгүй байгаа нь боломжийг алдаж байна" гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top