Таван толгойн 40 хувийг “Шинхуа” групп эзэмшихээр болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой болж, Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар Таван толгойн 40 хувийг БНХАУ-ын «Шинхуа» групп, 24 хувийг АНУ-ын   «Пибоди» 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциумд тус тус эзэмшүүлэх гэрээний төслийг дэмжлээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэлсэн тул дэмжсэн шийдвэр гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад, лхагва гарагт УИХ-д өргөн барихаар болжээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Таван толгой төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан төдийгүй, оролцогч талууд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч  чадсан гэдгийг онцолжээ. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцлоо. Энэ нь манай улсад ашигтай хувилбар гэж үзэж буйгаа Засгийн газрын гишүүд илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ 600 мегаваттын цахилгаан станц, шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барихаар болжээ.
Ийнхүү Таван толгойгоо БНХАУ, АНУ, ОХУ-тай хамтран эзэмших шиидэлд хүрсэн манай Засгийн газрынхан Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсан тул хөрөнгө оруулагчид 500  сая ам.долларыг буцалтгүйгээр олгоод, дээрээс нь нэмж 500 сая ам.долларын урьдчилгаа өгөхөөр болсныг онцолж байна, Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамж, лиценз эзэмшигч «Эрдэнэс Таван толгой» компанийн тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогын таван хувьтай л тэнцэх төлбөрийг авах тохиролцоонд хүрчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top