Д.Сарангэрэл: Монгол Улс сэтгэл санааны хохирлыг тооцож байгаагүй, хохиролд механик хандаж ирсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2022.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо·Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн барьсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ийм нарийн чухал хуулийн төсөл орж ирж байгааг дэмжиж байна. Энэ хуулийн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох гэдэг заалт орж ирж байна. Үүнийг яаж тогтоох юм. Ер нь манайх хохиролд механик хандаж ирсэн. Ихэвчлэн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг тооцож ирсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тооцож ирээгүй. Нэг нь сэтгэц, нөгөө нь сэтгэл санааны хохирол гэж орж ирж байна. Энэ хоёрын ялгааг хэрхэн тусгаж байна вэ. Дээр нь, боловсон хүчний бэлтгэл хэр байна. Төлбөрийн асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэхээр тусгав" гэв. 

Үүнд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бидний сүүлийн 30 жилд эрх зүйн хөгжлийнхөө хүрээнд хийж чадаагүй асуудал бол сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг аргачлал юм. Хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой үнэлгээ байдаггүй. Эрх зүйн хөгжлийн хувьд хоцорч яваа юм. Хүний нөөцийн асуудал байна. Шүүх шинжилгээний байгууллага бол цэвэр шинжлэх ухааны байгууллага. Харьцангуй хараат бус, бие даасан байдалтай ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгөх үүднээс хуульд өөрчлөлт оруулсан. Шүүх шинжилгээний шинжээч бэлдэх анги төгсөлтөө хийгээд удаж байна. Дотооддоо ингэж боловсон хүчнээ бэлтгэж байна. Гадаадад шинжээч эмч нараа сургаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Имо(192.82.76.241) 2022 оны 03 сарын 24

Балайр авгай минь ээ 6500 € үнэтэй хээрийн эмнэлэгээ буцаан авъя аа. Хэн нэг нь шүүхдээчээ нэхээчээ

0  |  0
Top