Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн “Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэр бүлэглэлийн гарт ороод байсныг төрд буцаан авсан нь дуулиан болж байна. Дуулиан шуугиан болохын шалтгаан дэндүү олон бий. Тус үйлдвэр нь жилдээ 60 шахам тэрбум төгрөгийн боруулалт хийж, хэвийн ажиллаж байхад нь концессын гэрээгээр авсан нөхөд нэг жилийн дотор “Ашиггүй ажиллаж байна” гэх нэрээр 1.3-хан тэрбум төгрөгөөр өөрсдөө авчихсан. Нөгөө талаар үйлдвэрийг авсан бүлэглэл өдгөө Хөгжлийн банк болон улсын татварт ихээхэн хэмжээний өртэй, зээлээ огт төлөөгүй яваа гээд юу мундахав.
Тэгэхээр улсын үнэ цэнтэй зүйлийг үнэгүй шахам авсан бүлэглэл амаа бариад суухгүй нь ойлгомжтой учраас Шадар сайд С.Амарсайхан руу гал нээгээд эхэлжээ. Энэ нь ч бас шалтгаантай. Тэрбээр анх “Хөтөл” цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудал болон үүсээд байгаа нөхцөл байдлыг нийтэд мэдээлэхдээ төрд яаралтай буцаан авах шаардлага байгааг дуулгасан. Шадар сайд ч уг асуудлыг нэг удаа хөндөөд орхиогүй, өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байж, төрд буцаан авч чадсан. Үүгээрээ С.Амарсайхан улс төр, бизнес бүлэглэлд том дайсантай болж байгаа ч ард түмэнтэйгээ үлдэж чадсан.
Тус үйлдвэр нь ОХУ-ын зураг төсөл, техник технологийн дагуу жилдээ 500 мянган тонн цемент, 65 мянган шохой, 70 мянган г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдаж байсан түүхтэй. Ийнхүү төрийн өмчид данстай 30 шахам жил ажиллахдаа алдагдал хүлээж байгаагүй үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн байдаг. Тус концессын гэрээ 2021 онд дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр яаравчлан гаргасан юм. Өөрөөр хэлбэл Ч.Сайхбанбилэгийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг оруулж ирэх үед гарсан шийдвэр.
Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Бэйзмент” компанид хувьчилсан. Тухайн үед зөвхөн эдгээр асуудал үүсээгүй. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын үед улсын өмчит Дулааны цахилгаан станц, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур”, “Эрдэнэс Тавантолгой”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан" компаниудыг хувьчлах асуудал яригдаж, зарим тал дээр шийдвэртээ тулж байв. Уг үйлдвэрийг хувьчлах үед Төрийн өмчийн хорооны даргаар АН-ын тавиул болох Ц.Нанзаддорж ажиллаж байсан. Гэхдээ өнөөдөр энэ үйлдвэрийг Шадар сайд С.Амарсайханы баг хууль бусаар хувийн өмчид халдаад авчихсан зүйл огт байхгүй.
Юуны өмнө хувьчлал буруу замаар гарсан. Одоогийн байдлаар үйлдвэр эзэнгүй болсон. Үйлдвэр хувьчилж авсан хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид нь авахгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс хуулийн байгууллага шалгаад “хувьчлах шийдвэрээ хүчингүй болго” гэсэн санал ирүүлсэн юм билээ. Үүний дагуу Засгийн газар уг хувьчлалыг хүчингүй болгосон гэх байр суурийг өгч буй. Одоогоор үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээл болон бусад зээлд нь суутган тооцож төрд авсан уу, төрд буцаан авах тогтоол батлаад албажих хүртэл нь зохицуулалт хийх үү гэх мэт асуудал яригдаж, ийш тийш мушгин гуйвуулж байна. Тэгвэл тухайн асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсэн учраас цаашид үйлдвэрийн хувь заяаг тус байгууллага шийдэх аж.
Одоо анх энэ сэдэл санааг гаргаж, үргэлжлүүлэн шийдвэрлэсэн Шадар сайд С.Амарсайхан руу болон Засгийн газар руу бүлэглэл чулуу шидээд эхэлжээ. Аргагүй юм, үнэгүй шахам авсан асар үнэ цэнэтэй үйлдвэрээ “алдчихаад” байгаа хүмүүс шүү дээ.
Хөгжлийн банкны асуудал ч ид дэгдэж, энэ давлагаанд “Хөтөл” хэрхэн хоцорч үлдэх юм. Үйлдвэрийг авсан нөхөд 2012 онд цементийн үйлдвэрлэлийн технологийн шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тонн хүргэж өргөтгөх, ил уурхай, автотээврийн цогцолбор байгуулах менежментийн хувьчлал хийх нэрээр Хөгжлийн банкнаас тухайн оны аравдугаар сарын 19-нд таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авсан ч 10 жил болоход зээлийн төлөлт огт хийгээгүй гэдгийг албаныхан хэлнэ лээ. Засгийн газраас өгч байгаа мэдээллээс харахад тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ толгой компани болох Худалдаа хөгжлийн банк болон гаднаас авсан зээл, төлбөртөө өгөөд дууссан аж. Зориулалтаар нь ашиглаагүй, бүлэглэлийн олон асуудалд зарцуулсан хэрэг.
Шадар сайд С.Амарсайхан руу гал өрдөх ажил зөвхөн үүгээр дуусахгүй бололтой. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн хөрөнгөөр үйлдвэрийн дэргэд байгуулсан орчин цагийн техник технологи бүхий ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн байсныг төрд буцаан авсан. Үүнийг мөн л хууль шүүхийн байгууллага шалгаж үзээд тухайн үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан АН-ын тавиул Ц.Даваацэрэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын ихээхэн хэмжээний хөрөнгийг хувийн байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдсон.
Өдгөө гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа юм. Уг нь ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийж, төлбөр тооцоо хийх ёстой ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй гэдгийг эх сурвалж хэлсэн. Үүнд ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч мөн л өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Гэтэл тус эмнэлэг нь "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Товчхондоо бол төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авч байгаа учраас цэвэр гэмт хэрэгийн шинжтэй гэхээс өөр аргагүй. Энэ мэтээр төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан зүйл олон бий.
Дашрамд дурдахад, өдгөө цахим орчин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төр ард түмнээсээ өмчийг нь булаан авлаа” гэх зэргээр давалгаалж байна. Гагцхүү тэд төрийн өмчийг ямар замаар өөрийн болгосон бэ гэдэг үндэслэл дээр тулгуурлаж байгааг анзаарах хэрэгтэй. Хууль бус замаар авсан улс төр, бизнес бүлэглэлийн үйлдвэр, объектыг “ард түмний өмч” хэмээн онцлох нь зүйд нийцэхгүй. Хамгийн наад зах нь “Хөтөл” цемнент, шохойн үйлдвэр нь зөвхөн зах зээлийн нийгэмд хөл тавьсан цагаас хойш хувийн хэвшилд очтлоо топ аж ахуйн нэгжээр шалгарч байв.
Тухайлбал, “Топ-100”, “Топ-150” аж ахуйн нэгжээр нийт есөн удаа, “Шилдэг үндэсний үйлдвэрлэгч”-ээр гурван удаа, “Барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч”-ээр зургаан удаа, “Шилдэг татвар төлөгч”-өөр удаа дараа шалгарч байсан, төрийн “Алтан гэрэгэ”, аж үйлдвэрийн салбарын “Тэргүүн дээд” шагналыг тус тус хүртэж байсан байгууллага аж. Харин хувийн хэвшилд очсноор банкны зээлээ төлж чадахаа больсон төдийгүй татварт 20 тэрбум төгрөгийн өртэй явж байх жишээтэй. Нөгөө талаар ажилчдын тоо цөөрч, ахуй хангамж илтэд муудсан учраас үйлдвэрийн ажилчид хүртэл төрд эргүүлэн авахад санал нэгдэж байгаа нь “Ард түмний өмч” гэж хэлэх ямар ч үндэслэлгүй юм. Хэдхэн хүний өмчя болчихоод байгааг ойлгох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд энэ байдлыг шалгах, хууль бус байвал хууль зарчимд нийцүүлэхээр ажиллаж байгаа нь сайн хэрэг. Өнөөдрийн Засгийн газар, Шадар сайд С.Амарсайханы хувьд бүлэглэлийн гарт хууль бус орсон үйлдвэр, эмнэлэг хоёрыг төрд авч, ард түмэнд адил тэгш үйлчлэх зам дээр гаргаж ирлээ. Улс төрийнхөө карьерын замаар замнаж яваа түүний хувьд улс төр, бизнесийн бүлэглэлтэй тулах нь тийм ч амар зүйл биш. Тэд өөдөөсөө шидэх чулуу, араасаа нээх гал гээд олон ажиллагааг сөрж таарна. Гэвч Шадар сайд төрд өргөсөн тангарагтаа үнэнч зогсож, ард түмнийхээ талд үлдэж чадаж байна. Энэ бол цаашид улс төрд уламжлагдан явах ёстой сайн жишиг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Талийхгаж байгаа найзаа ашиглаж нэр дээр нь авсан юм шиг харагдаад хардах шалтаг харагдаж байна!!! Хуучирсан технологи ашиглажээ зайлуул!!! Худалдаж авсан менге хаанаас гарсныг шалгаал эзэн нь тодорно!!!
ЭНЭ ТОМООХОН ХУЛГАЙ ЛУЙВАРЫН АРД ЦААД ЭЗЭН НЬ ЭЛБЭГДОРЖ Л БАЙДАГ
Бүгдийг нь төрд буцааж ав. Хулгайчууд аймаар даварчихсан бна