Экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх Боомтын СЭРГЭЛТИЙН талаарх 4 байр суурь

2022 оны 03 сарын 28

 

Ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Эдийн засгийн чуулганыг угтан Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2022.03.28/ “Боомтын сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Боомтын сэргэлтийн хүрээнд 44 төсөл хэрэгжүүлж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газраас мэдэгдэж буй. Сангийн яамнаас өмнө нь  өгсөн мэдээллээр, Монгол Улс нийт 46 боомттой ч нийт экспортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт,  импортын 92% Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгосон. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байгаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Гашуунсухайт,  Ханги, Шивээхүрэн,  Бичигт боомтуудыг автозам, төмөр замаар холбосноор бараа тээврийн өртгийг 75% хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж буй юм.

 

Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлэгт  оролцогчид Боомтын шинэчлэлийн талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан  “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын шинэчлэл” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ манай уул уурхайн түүхий эдийн үндсэн  худалдан авагч БНХАУ-ын зах зээлийн цаашдын төлөв байдал, төмөр замын дэд бүтцийн тэлэлт болоод дотоодын нөхцөл байдал зэрэг мэдээллүүдийг өглөө.


 

Сангийн сайд Б.Жавхлан: Боомт гэдгийг эдийн засгийн коридор гэж ойлгох ёстой

БНХАУ-ын нүүрсний хэрэглээ жилдээ 300 гаруй сая тонн байгаагаас 80 сая тонн нь коксжих нүүрс байна. Бид нөөцөөрөө үүнийг хэдэн арван жилийн туршид урд хөршид нийлүүлэх боломжтой. БНХАУ манай экспортыг сороход бэлэн болсон. Бид өөрсдийн дотоод нөхцөл байдал асуудлаасаа үүдэн төмөр замын солбицлын цэгээ тодорхойлж чадахгүй арван хэдэн жил болсон, цаг алдсан. Сая өвлийн олимпийг далимдуулан Ерөнхий сайд тус улсад айлчлах үеэр арван хэдэн жил гацсан төмөр замын солбицлын цэгтэй холбоотой түгжээ тайлагдсан.

2021 оны байдлаар БНХАУ-ын нийт төмөр зам 150.000 км байна. Үүнээс 40.000 км нь өндөр хурдны төмөр замаар холбогдсон. 2050 он гэхэд төмөр замын сүлжээгээ 274.000 км болгож өргөтгөнө.

Боомт гэдэг бол нэг улсын, хоёр улс хоорондын асуудал биш. Монгол Улс сүүлийн 10 гаруй жил яригдаж буй "Бүс ба зам"-ын салшгүй хэсэг болох ёстой. “Бүс ба зам” санаачилгын нэг чиглэл нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын газрын коридор юм.

Дэлхийн эдийн засгийн интеграцичлалын үед боомт гэдэг ойлголт өөр болж байна. Хуучин бол боомт гэхээр хил дээр байдаг шалган өнгөрүүлэх, нэвтрүүлэх, гааль, мэргэжлийн хяналтынхны хэсгийг ойлгодог байсан, бид. Тэгвэл дэлхийн интеграцичлалын үед боомт гэдгийг эдийн засгийн коридор гэж бид ойлгох ёстой гэлээ.

 Мөн тэрбээр илтгэлдээ гадаад зах зээлийн боломжийн талаар хэлэхдээ:

 

  • БНХАУ-ын ирэх таван жилийн төлөвлөгөөгөөр Монголтой хил залгаа нутагт логистик түгээлтийн төв шинээр байгуулна.

 

  • Тус улсын зүгээс төмөр зам, авто замаа хил хүртэл байгуулсан.

 

  • БНХАУ-ын ирэх таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн импортлох шинэ гарцуудыг бий болгоно.

 

  • БНХАУ мах, махан бүтээгдэхүүн хүлээн авах байгууламжуудыг байгуулж байна.

 

  • Автомат удирдлага бүхий тээврийн технологиуд хөгжсөн гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Манай аймгийн хоёр боомт 30 жил болоход хөгжиж, дэвжсэн зүйл цөөн

Манай аймаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол бүс нутаг. Гашуунсухайтын боомтоор нүүрс, зэсийн экспорт хийж байна. Шивээхүрэнгийн боомтоор мөн экспорт хийж байна. Өмнөговь аймаг Монгол Улсын нүүрсний экспортын 90 гаруй хувийг, зэсийн экспортын 50 гаруй хувийг энэ хоёр боомтоор хийж байна. Хоёр боомт 1992 онд байгуулагдсан. 30 жил болоход манай аймгийн хоёр боомт хөгжиж, дэвжиж,  бүтээн байгуулалт хийгдсэн зүйл их цөөхөн. 30 жил болж байгаа боомт гэхэд дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд маш сул дорой, хүндрэлтэй  байдалтай байгаа.

Өнгөрсөн оны тавдугаар  сард Ерөнхий сайд, Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга нартай хамт Гашуунсухайтын боомт  дээр ажилласан. Ковидын нөхцөл байдлын үед экспортыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар газар дээр нь очиж танилцуулсан.

Тэр үед бид ярилцаж байгаад, Ковидын эсрэг хуульд Боомт дээр бүрэн эрхт захиргаа ажиллуулна гэсэн  заалт оруулж батлуулсан юм. Бүрэн эрхт захиргаа ямар үүрэгтэй вэ гэхээр боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болон аймаг, орон нутгийн Онцгой комисс бусад хувийн хэвшлийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, уялдаа холбоог нь сайжруулснаар экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Ковидын хууль энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгагдсан. Энэ хууль хэрэгжиж дуусахаар Бүрэн эрхт захиргааны бүрэн эрх байхгүй болчих учраас өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-ын даргын захирамж гараад, миний бие ахлаад, хилийн боомттой аймгуудаас сонгогдсон гишүүд оролцоод, боомтын эрх зүйн байдлыг судалж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Бид тодорхой хугацаанд судалгаа хийгээд, Хилийн тухай хуульд өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрчлөлт оруулсан. Цаашдаа Монгол Улсын хилийн боомтууд дээр Боомтын захиргаа байгуулагдаж ажиллана гэдэг заалт оруулсан.

Боомтын захиргаа гэдэг байгууллага нь боомтын төлөвлөлт, тохижилт үйлчилгээг хийдэг, тэнд байгаа бүтээн байгуулалтыг хариуцдаг байхаар хуульд тусгагдсан. Ковидын хуулийн үйлчлэл дуусахаар, Хилийн тухай хуулийн хүрээнд Боомтын захиргаа байгуулагдаад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдээд байна.


 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: БНХАУ, ОХУ-тай байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүдийг шинэчлэх хэрэгтэй

Хилийн боомтууд байгуулагдаад  31 жил болсон ч  анх байгуулагдсан тэрчигтээ байгаа.

1998 онд Хавиргын боомтын одоогийн барилга баригдсан. Одоо яг хэвээрээ, ямар ч өөрчлөлт ороогүй. Монгол, Хятадын хилийн боомтууд яаж баригдсан бэ гэхээр хил дээр байсан хилийн уулзалтын цэгүүдийг тэрчигээр нь боомт болгоод нээчихсэн, тухайн үед. Гашуунсухайт-Ганцмодны боомт гэдэг бол Монгол, БНХАУ-ын хооронд хилийн асуудлыг хэлэлцэж байдаг, хилийн уулзалтын цэг байсан. Бусад нь яг адилхан.

Би өөрөө хилийн боомт дээр буюу уулзалтын цэг дээр цэргийн алба хааж байсан хүн

Засгийн газар хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах асуудлыг олж харж, ажиллах гэж байгаад талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсын хил дээр 33  боомт ажиллаж байгаа. Эдгээр нь эрх зүйн хүрээнд байх ёстой хилийн боомтууд. Б.Жавхлан сайд сая яриандаа 40 гаруй боомт гэж ярьсан. Яг энэ тоогоор бүгд ажиллахгүй байгаа. Саяхан ОХУ-тай ГХЯ-ны шугамаар хэлэлцээр хийгээд хэрэгцээгүй хилийн гарцуудыг бүгдийг нь хаачихсан. Одоо 33 үлдсэн шүү. Үүний 16 нь Монгол, ОХУ-ын хил дээр, 17 нь өмнөд хил дээр. Агаарын замын 6, төмөр замын 6, автозамын 27 боомт бий. Зэрэглэлээр нь ярьвал олон улсын 6 боомт, хоёр талын ажиллагаатай 27 боомт байгаа. Байнгын ажиллагаатай 30, түр 1 нэг боомт байгаа.

Ковид гараад Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

Хилийн боомтын асуудал нэг улсын асуудал хэзээ ч биш. Нэг улс дангаараа ямар ч юм хийгээд хилийн боомт ажиллахгүй. Яагаад гэхээр Монгол Улс хоёр хөрштэйгөө хуурай газраар хиллэдэг. Хоёр хөрштэй хиллэж байгаа хил хоёр улсын хоорондын хил болохоос нэг улсын хил биш. Хоёр улсын ашиг сонирхол нэгдэж байж хилийн буюу боомтын асуудлыг шийддэг. Энэ зарчмыг цаашдаа онцгойлон анхаарч ажиллах ёстой.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг яриад байгаа. Өнөөдөр хөрш орнуудын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлаас манай боомтуудынх нь хэд дахин бага байгаа. Тэгэхээр  боломж байвал олон улсын жишигт хүргэх, боломжгүй бол хоёр улсынхаа хилийн нэвтрүүлэх чадвартай яг ижил түвшинд хүргэх. Энэ бол боомтын сэргэлтийн бодлого.

Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг яаралтай дуусгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжээгүй байгаа хилийн боомтуудыг бүгдийг нь нэвтрүүлэх хүчин чадлыг нь сайжруулах төсөлд хамруулах шаардлагатай.

Бүх хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг яаралтай хийх ёстой.

Үндэсний аюулгүй байдлын асуудлыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Гамшиг ослын үед хилийн боомтуудаа хэрхэн яаж ажиллуулах вэ гэдгээ олон улсынхаа гэрээнд суулгаж чадаагүй. Ийм учраас ковид дэгдсэн, хилийн боомтууд хаагдсан. Яах вэ гэдэг бодлого бодож чадаагүй явсаар байгаад одоо зарчмын зарим шийдлүүдэд хүрч байна. Энэ бол ололт.

Тийм учраас бид цаашид эхний ээлжинд БНХАУ-тай, ОХУ-тай байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүдийг шинэчилж, гамшиг ослын үед хилийн боомтуудыг хэрхэн ажиллуулах вэ гэдэг бодлогоо олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд суулгаж өгөх ёстой.


 

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран: Гацаа үүсгэсэн асуудлуудаа арилгах шаардлагатай

Өнөөдөр ажиллагаатай байгаа боомтын тоо дэндүү цөөн гэдэг нь ойлгомжтой байна. 44 төсөл хэрэгжүүлээд, 10 орчим хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулна гэдэг бол зөв бодлого гэж үзэж байна. Хатуу дэд бүтэц, зөөлөн дэд бүтцийг шийдвэрлэх, уламжилж ирсэн асуудлууд, гацааж байгаа зүйлсээ арилгах зэрэг олон асуудлууд байна. 2009 оноос хойш бүс нутгийн интеграцичлал, хилийн үйлчилгээ, боомтын хүчин чадал, тээвэр, логистикийн чиглэлээр дэмжиж ирсэн. Өргөн уудам нутаг дэвсгэр, арвин их баялагтай Монгол Улсын хувьд эдийн засгийн томоохон потенциал байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ потенциалыг бүрэн дүүрэн ашиглах тал дээр хэрхэн зөв ажиллах вэ, хөдөлгөх вэ л гэдэг асуудал байна. Монгол Улс Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн улс орон. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, ингэснээр Монголын гол чухал түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг экспортлох, худалдаа эргэлтийг сайжруулах тал дээр нэлээдгүй зүйлийг хэлж байгаа юм.

Хорио цээрийн үеийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монголын хилийн боомтуудыг түшиглэн өндөр ач холбогдолтой ажил хийгдэж байгаа гэж үзэж байна. Тандан судалгааг сайжруулах, сорьц шинжилгээ лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэх ажлууд хийгдэж байна.  Боршоо, Бичигт, Замын-Үүд гээд боомтууд дээр зөөлөн  дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлууд маань үр дүнгээ өгөх болов уу гэж найдаж байгаа. БНХАУ, ОХУ-тай хийгдэх  худалдаа эргэлтийг дэмжих  автомат  системийн дэмжлэг чухал үр дүнтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top