Д.Тогтохсүрэн: "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг ярилцаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.28/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 


-Эдийн засгийн хүрээнд ямар тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай вэ гэдэг асуудлыг гишүүд хөндөж байна вэ?

-Хүндэрч байгаа хэдэн хүчин зүйл бий. Нэгт, экспорт хязгаарлагдмал нөхцөлд явагдаж байна. Хоёрт, импорт мөн адил хязгаарлагдсан. ОХУ, Европын орнуудаас орж ирж байгаа импорт тодорхой хэмжээнд саатаж байна.

Үүнтэй холбогдуулан арга хэмжээ авах шаардлагатай. Дээр нь, Орос Украйны дайнтай холбоотой дэлхий нийтэд шатахууны үнэ өсч байна. Энэ мэт зүйлээс шалтгаалж үнийн хөөрөгдөл, ам.долларын ханшны асуудал яригдаж байна.

Шатахууны үнэ нэмэгдсэн, цаашид ч төлбөрийн асуудал яригдаж байгаа олон улсын хэмжээнд. Тиймээс тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ бүгдийг даван туулах хөтөлбөр гаргах хэрэгтэй гэж бүлэг үзэж байна. 

-Засгийн газрын шийдвэрээр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрд авсан нь маргаан дагуулж байна. Төр хувийн хэвшлээ дээрэмдлээ гэж ч ярьж байна. Үүнд, бүлэг ямар байр суурьтай байгаа юм бэ?

-"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг бүлэг дээр ярилцаагүй. Засгийн газраас ойрын үед УИХ-д шийдвэрийн төсөл өргөн барих юм билээ. Тэр үед нь эргэн ярилцана гэж үзэж байна.

-Улсын төсөвт тодотгол хийх асуудал хөндөгдөх үү?

-Асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Жишээ нь, ам.долларын ханш нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тэрний нэг гол хүчин зүйл нь манай импорт. Энэ хүрээнд олон зүйл яригдаж байгаагийн нэг нь мөнгөний ямар бодлого байх вэ, төсвийн ямар бодлого байх вэ, төсөвт тодотгол хийх үү гэдгийг хүртэл цогцоор нь авч үзэх ёстой асуудал юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top