Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулах уулзалт болсон байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, оролцогчдын асуултад хариулжээ.
Нарийн зохицуулалттай 44 хууль, зөвшөөрлийн харилцаа тодорхой хэмжээнд туссан 120 гаруй хууль байна. Мөн сайдын тушаал, ИТХ-ын тогтоол зэрэг 1600 орчим зөвшөөрөлтэй дүйцэхүйц захиргааны актууд байна. Хуулийн төсөлд зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулснаас бусад харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжийг олгох аж.
Зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж, цахимжуулна. Өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл нь аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлэх бөгөөд хэрвээ 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.
Мөн Ерөнхий сайдын дэргэд төр хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон орон тооны бус зөвлөл ажиллуулж, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвшөөрлийн тоог нэмэх тохиолдолд нийтийн сонсгол явуулах, зөвшөөрлийн тооллогыг жил бүр явуулах, зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Уг танилцуулгын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин орон нутгийн барилгын компани барилгаа улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд Улаанбаатар хот руу 5-7 удаа ирэх хэрэгтэй болдог тухай жишээг дурдаад эдгээр олон зөвшөөрлийг цахимжуулах, нэгтгэх, хялбаршуулах онцгой шаардлагатай байгааг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )