УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.
Сонсголд оролцогчид холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Хөгжлийн банкны асуудал өндөр түвшинд яригдаж байна. Нэг зүйлд санаа зовж эхэлж байна л даа. Бүх асуудалд нухацтай хандах шаардлагатай. Түүнээс хавтгайруулж бүгдийг нь луйварчид гэдэг хэлбэрээр хандаж болохгүй. Нэгт, маш олон ажлын хэсэг гарсан. Энэ шалгалтыг бүгдийг нь нууцын зэрэглэлээс гаргаж чадсан уу, зарим нь гараагүй юм шиг санагдаад байна. Хөгжлийн банк бол 2016 он хүртэл шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Харин 2016 оноос хойш яагаад гэнэт доройтчихов оо" гэх асуултыг тавилаа.
Үүнд, Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "С.Одонтуяа гишүүний тэр хэлмэгдүүлэлт дахиад явах вий гэдэгтэй санал нэг байна. Хэлмэгдүүлж хүнийг ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийчихсэн, зээл авчихсан гэсэн юм биш. Хэвлэл мэдээллээр явж байгаа асуудалд хандаж, хуулийн байгууллагаар үнэн зөвийг тогтоолгох ёстой гэдэг зөвлөмжийг л хүргүүлж байна. Монголбанкны шалгалтын материалыг улсын нууцаас гаргах үүрэг өгсөн. Тэрийг гаргачихсан байх гэж бодож байна. Бусад материал нь нууц биш байгаа. Тэр 2017 оны Хөгжлийн банкны хуульд УИХ, Засгийн газар жагсаалт гаргана гэж байсан ч жагсаалт гаргахгүй гэж зарласан. Үүнээс болж хяналтгүй зарцуулалт явагдсан байхыг үгүйсгэхгүй" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )