Төгрөгийн ам.доллартай харьцах Төв банкны албан ханш 2927.22 төгрөг байна. Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн Монгол Улсын гадаад валютын нөөц эрчимтэй буурч, арилжааны банкууд дахь ам.долларын бэлэн нөөц дуусаж, бэлэн бус хэлбэрээр, тодорхой лимиттэйгээр шилжүүлэг хийгдэж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл валют арилжааны “Найман Шарга” төвд үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагууд дээр ч өнөөдрийн байдлаар ам.долларын арилжаа хийгдэхгүй байна. Тус төв дээр өнөөдрийн тогтсон ханшийн тухайд, 1 ам.долларыг 3080-3100 төгрөгөөр худалдаж авч, 3130-3140 төгрөгөөр зарна гэсэн үнийг валютын арилжаа эрхлэгчид хэлж байлаа.
Гэхдээ валют арилжааны ханшийн самбарууд дээр зөвхөн ам.долларын авах болон зарах үнэ хоосон байна.
“Найман Шарга” төвд үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс “Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ам.долларын ханш улам өсөх хандлагатай байна. Маргааш төдийгүй ойрын хугацаанд тогтсон үнэ хэлэх боломжгүй байгаа тул худалдаанд гаргах нь ховор байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 1 )
Dollariin hanshiig hoorogdood bga chenjuuddee arga hemjee avaachee.