Ж.Эрхэмбаатар: "Алтай" хотхоны захиалагчдад ГЭРЧИЛГЭЭ гарахгүй

2022 оны 03 сарын 31

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банктай холбоотой асуудалд ерөнхий хяналтын сонсгол хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулсан юм. Нийт 120 гаруй оролцогч, сонсголын ажиглагч дөрөв болон хэвлэл мэдээллийн 21 байгууллага оролцсон байна. Энэ үеэр яригдсан онцлох сэдвийг тоймлон хүргэж байна.


Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хаяналт тавьж, шалгалт хийсэн талаарх аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийн нэрийг зарлалаа.

Эдгээр улстөрчдийг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн юм. Б.Баттөмөрийн нэрлэсэн 20 улстөрчийг танилцуулъя.
 

1. Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/ Хөтөл ХХК, ТОСК-Шинэ яармаг төсөл

2. Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/ Кью Эс Си ХХК

3. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/ Вестерн Холд ХХК

4. Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК

5. Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК

6. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК

7. М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/ Ачлал трейд ХХК, Мон лаа ХХК

8. Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/ Капитал банк, Монгол эм импекс концерн ХХК

9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/ Түгээмэлтүмэн хишиг ХХК

10. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/ Хөгжлийн банк, Хөтөл ХХК, Кью Эс Си ХХК

11. Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/ Шанхмайнинг ХХК

12. Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/ Монполимет ХХК

13. Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/ Эрд хул ХХК

14. Ш.Лхамсүрэн /ЗТХ-ийн дэд сайд асан/ Мондулаан ХХК

15. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/ МАК цемент ХХК

16. С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/ Энсада истерн ХХК

17. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/ Изинис эйрвэйз ХХК

18. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ Изинис эйрвэйз ХХК

19. Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/ Хөгжлийн банк

20. Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ Монгема ХХК


Л.ЭНХ-АМГАЛАН: НАМАЙГ ДОЛООН ЖИЛИЙН ТУРШ ГҮТГЭЛЭЭ

Байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн мэдээлсэн 20 улстөрчийн мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариу мэдэгдэл хийлээ. Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсэгт ажилласнаас хойш, сүүлийн долоон жилийн турш гүтгүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Монгема компани 2011 онд зээл авчээ. Би тэр үед УИХ-ын гишүүн болоогүй байсан. Хөгжлийн банкны асуудлыг ярьж буй нь сайн зүйл боловч үүгээр далимдуулж өрсөлдөгчөө намнаж болохгүй. Миний ХОМ-ыг шалгаж болно” гэлээ. Өмнө нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Улмаар хуулийн байгууллагууд буруугүй гэдгийг нь нотолж байжээ.

Н.АЛТАНХУЯГ: ХӨГЖЛИЙН БАНКААР УЛС ТӨРЖИЖ, ШОУ БОЛГОХОО БОЛЬ

Хөгжлийн банканд нөлөөлсөн 20 улстөрчийн нэгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дурдсан. Үүнд Н.Алтанхуяг өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Б.Баттөмөрийн танилцуулгаас харах юм бол энэ бүх дампуурлыг толгойлж байгаа хүн нь нөгөө муу "Женко" Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа. Тэгж гаргаж байна шүү дээ. Битгий ингэж улстөрж л дөө, ямар сонин юм. Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт. Тэгэхээр Б.Баттөмөр дарга аа, та гүтгэлгийн шинжтэй зүйлийг олон нийтэд өгч, тараахаа боль” гэлээ.

Мөн тэрбээр энэхүү сэдвийг шоу хийх сэдэв биш гэдгийг тодотгосон юм. Парламентын танхимд хариуцлагатай хүмүүс сууж ярилцах ёстой гэлээ. Тэрбээр “Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь ярилцмаар байна. Тэгэхгүй бол энэ чинь шоу болно шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.

ЗАР СУРТАЛЧИЛГААНД 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ

Үндэсний аудит газрын Гуравдугаар газрын захирал Д.Энхболд 2014, 2015, 2019 оны үйл ажиллагаатай холбоотой хийсэн Гүйцэтгэлийн аудитын үр дүнгийн талаар танилцуулсан. Аудитаар Хөгжлийн банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн үйл ажиллагааг хамарсан аж. Аудитаар үр ашиггүй зарцуулалт өндөр, удирдлагын бүтэц томорсоор ирсэн зэрэг асуудал анхаарал татаж байжээ. Тухайлбал, Хөгжлийн банк жилд 1.2 их наяд төгрөгийг үйл ажиллагаагаа олон нийтэд түгээхэд зарцуулсан аж. 2013 онд 720 сая төгрөг, 2014 онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн 2015 онд 791 сая төгрөг, 2016 онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ингээд үзвэл Хөгжлийн банк дөрвөн жилийн хугацаанд нийт 3.9 тэрбум төгрөгийг зар сурталчилгаанд зарцуулсан ажээ.

750 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ УЛСЫН ТӨСӨВ РҮҮ ШИЛЖҮҮЛЭХ НЬ ӨМНӨХ ЛУЙВРАА ДАВТАЖ БУЙ ХЭРЭГ

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар нээлттэй сонсголын үеэр өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Бүх асуудлыг 2017 оны хууль руу чихэж байна. Энэ бол худлаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны олгосон олон зээлийг улсын төсөв рүү оруулсан. Тус онд Хөгжлийн банкны олгосон гурван их наяд төгрөгийн зээлийг Улсын төсөв рүү татаж авсан байдаг. Одоогийн Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Сангийн яаманд байхдаа үүнд гар бие оролцсон” гэлээ.

Мөн тэрбээр “Н.Мандуул захирал 750 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсөв рүү шилжүүлнэ хэмээн хэллээ. Энэ зээлийг улсын төсөв рүү шилжүүлнэ гэж байхгүй. Байх ч ёсгүй. Өмнөх гурван их наядын луйврыг давтах гэж байна. Тиймээс Хөгжлийн банкны захиралд хандаж хэлэхэд чанаргүй зээлээ Улсын төсөв рүү татаж авна гэдгээ болих хэрэгтэй. Улсын төсөв гэдэг энд тэндхийн хогуудыг татаж авч санхүүжүүлдэг зүйл биш” хэмээн хэлсэн юм.

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨНИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүлсэн юм.

Тэрбээр “Хөгжлийн банкны удирдлагуудаас долоог нь хорьчихлоо. Гэтэл Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг яагаад өнөөдрийг хүртэл хориогүй, шалгахгүй байгаа юм бэ. Энэ хүн Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрыг удирдаж байсан. Яагаад охисон бэ” гэв. Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын даргаар 2016-2018 оны хооронд ажиллаж байсан юм.

"АЛТАЙ" ХОТХОНЫ ОРОН СУУЦЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРАХГҮЙ
 


"Бэрэн" компанийн барьсан "Алтай" хотхоны байрнаас 100 гаруй өрх орон сууц худалдан авсан. Тус компани нь шүүхийн барьцаанд байсан барилгыг санаатайгаар иргэдэд худалдсан хэмээн үзэж байгаа билээ.

Нийт зургаан блок барилга бүхий тус хотхоноос худалдан авалт хийсэн иргэд хохирох эрсдэл үүссэн. Иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцын гэрчилгээ нь гарахгүй ажээ.

Энэ талаар Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар “Орон сууцын гэрчилгээ нь "Бэрэн" компанийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Зургаан блокоос ашиглалтад ороогүй хоёр блок бий. Энэ хоёр блокын борлуулалтад хамтарч ажиллана. Иргэд банкны зээлээр худалдан авсан тохиолдолд гэрчилгээг нь гаргаж өгч, банканд нь барьцаалж, орон сууцын зээл эргэн төлүүлэх байдлаар явах юм” гэлээ.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН ЯВЦАД 110 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖЭЭ

Мөрдөн байцаалтын ажиллагаа нь нотлогдоод, тодорхой хэмжээгээр Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр яллагдагчаар татагдсан хүмүүс дээр явагддаг. Тэгвэл Хөгжлийн банктай холбоотойгоор хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Хэд хоногийн өмнө сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үед 107 тэрбум төгрөг төлөгдсөн байлаа.

Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөгийг мөрдөн байцаах шалгалтын явцад төлөгдөөд байна” гэжээ.

"МОНПОЛИМЕТ" ГРУПП ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХ ҮЕД ХАМААРАЛ БҮХИЙ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БАЙГААГҮЙГ МЭДЭГДЭВ

"Монполимет" групп "Монцемент" төслийн хүрээнд цогц үйлдвэрийн бүтээн байгуулалтад 2004 оноос хойш буюу нийт 10 гаруй жилийн турш судалгаа хийж, үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан байна. Үйлдвэрийг дагаад орон сууцын хороолол, төмөр зам, цахилгаан түгээх станц зэрэг дэд бүтцийн ажилд 49.5 тэрбум төгрөг зарцуулсан ажээ.

Мөн таван жилийн хугацаанд 200 гаруй ЖДҮ-тэй хамтарч 243 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн аж. "Монполимет" группийн "Монцемент Билдинг Материалс" ХХК-ийн захирал Ц.Халиун “Манай компанийн зүгээс нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Энэхүү зээлийг авах үед ямарваа нэгэн улс төрийн нөлөө байхгүй. Манай үүсгэн байгуулагч болон компанийн зүгээс 2014-2015 онд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.

Б.ЖАВХЛАН: САМУРАЙ БОНДЫГ ТӨЛӨХГҮЙ БОЛ ХӨГЖЛИЙН БАНК ДЕФОЛТ ЗАРЛАНА

Бид өрөө барагдуулахаас өөр арга зам байхгүй. Ирэх оны арванхоёрдугаар сард Самурай бондыг төлнө. Самурай бондын 30 тэрбум иен, ханшийг хөрвүүлвэл 780 гаруй тэрбум төгрөг болох юм. Хэрвээ үүнийг төлөхгүй бол Засгийн газрын давхар баталгаатай учир Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх хэрэг гарна.

Хөгжлийн банк дефолт зарлана. Бидэнд нэг жил найман сарын хугацаа байгаа. Ийм эрсдэлд ормооргүй байна. Одоо байгаа чанаргүй зээлийг төлүүлчихвэл бондоо асуудалгүй төлөх боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.59) 2022 оны 03 сарын 31

Алтай биш Хангай хотхон баймаар юм.

0  |  0
Бт(103.57.95.156) 2022 оны 03 сарын 31

Алтай биш ээ хангай хотхон

0  |  0
Top