Орос, Украины ээлжит хэлэлцээний дараа ОХУ-ын талаас “Украины төлөөлөгчид гэрээнд тусгаж болохоор тодорхой байр суурийг илэрхийллээ” гэж мэдэгдлээ.
ОХУ Украины талаас тавьсан саналуудыг ойрын хугацаанд хянаж үзээд зохих хариуг өгөх аж. Истанбулд болсон хэлэлцээний үр дүнгээр эхний байдлаар Оросын Батлан хамгаалах яамнаас байлдааны үйл ажиллагаагаа эрс багасгах талаар мэдэгдлээ.
Оросын тал Украины нийслэл Киев болон хойд хэсгийн Чернигов хотын ойролцоо байлдааны үйл ажиллагаагаа эрс багасгах аж. ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин “Хэд хэдэн удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа бид дахин нүүр тулан уулзлаа. Оросын арми Киев, Чернигов чиглэлд байлдааны ажиллагаагаа эрс багасгана” гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл Украины талаас хэлэлцээнд оролцогч Александр Чалый “Энх тайвныг тогтоох хүртэл Украин улс бүх нийтийн санал асуулга явуулах ёстой. Иргэд санал болгож буй гэрээний хувилбарыг дэмжих эсвэл татгалзахыг шийднэ” гэжээ.
Харин хоёр улс гэрээнд гарын үсэг зурах эсэх нь гал бүрэн зогссоны дараа болох зүйл гэв. Гэрээг Украины парламент болон батлан даагч орнуудын парламент соёрхон батлах ётой.
Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Путин, Зеленский нарын уулзалтыг хоёр орны Гадаад хэргийн сайд нарын түвшинд гэрээ үзэглэхтэй зэрэгцүүлэн хийхийг санал болгожээ.
Оросын тал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хоёр талт уулзалт хийх саналыг хүлээж аваагүй хэвээр байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )