АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын газрын тосны стратегийн нөөцөөс өдөрт 1 сая хүртэлх баррель газрын тос зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн ОХУ, Украин улсуудын хоорондын хэлэлцээ зарим асуудал дээр эерэг мессеж өгч буй зэрэг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахад нөлөө үзүүлж байна.
Oilprice.com-ийн мэдээллээр Брент төрлийн түүхий тосны үнэ баррель тутамд 4.95 ам.доллароор буурч,108.13 ам.доллар болсон бол WTI төрлийн тосны үнэ 6.20 ам.доллароор буурч, 101.62 ам.доллар болжээ. Нью-Йоркийн биржийн мэдээллээр нэг баррель цэвэр тосны үнэ 5.86 ам.доллароор буурч, 101.96 ам.доллар болсон байна.
Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт манайх шиг шатахууны импортын хэт хамаарал бүхий улсад таатай мэдээ юм.
УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 155,546 тонн шатахууны нөөцтэй байсан. Тодруулбал, А-80 автобензин 12,572 тонн, АИ-92 автобензин 54,255 тонн, АИ-95 автобензин 4,073 тонн, дизелийн түлш 82,582 тонн байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Хоногийн хэрэглээгээр тооцвол АИ-92 автобензиний 41, АИ-95 автобензиний 49 хоногийн, А-80 автобензиний 75, дизелийн түлшний 30 хоногийн нөөц юм.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 81,044 тонн буюу АИ-92, АИ-95 автобензиний 35 хоногийн, дизелийн түлшний 36 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 396.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Сэтгэгдэл ( 0 )