ОУВС-гаас валютын ханшийг УЯН ХАТАН БОЛГОХ зөвлөмж өгчээ

2022 оны 04 сарын 01

Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгч манай улсад валютын ханшаа уян хатан болгох нь зөв гэсэн зөвлөмж, чиглэл  өгсөн талаар эдийн засагч Ө.Ганзориг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр үүнийг “төгрөгөө сулруул” гэсэн шууд утгатай болохыг тодотгоод өөрийнх нь хувьд санал эсрэг байгаа гэлээ. Түүнчлэн  төгрөг сулраад иргэд улам ядуурна. Дундаж цалин 1.2 сая төгрөг нь удахгүй 200-300 доллар боллоо. Засгийн газар, Монголбанк арга хэмжээ авах шаардлагатай гэлээ.

Сануулахад, Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн 2017 онд Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Тухайн үед,  Мөнгөний болон ханшийн бодлогын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд  Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийг шинэчлэн баталж, Монголбанкны эрх үүргийг тодотгон, засаглал, бие даасан байдлыг бэхжүүлэх үүрэг хүлээсэн. Мөн Мөнгөний бодлого ойрын үед хатуу хэвээр хадгалагдаж, ханш уян хатан байх шаардлагатай талаар тус хөтөлбөрт тусгаж байсан юм.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Харин ханш уян хатан байх шаардлагын тухайд эсрэг тэсрэг байр сууриуд бий.

Түүнчлэн ковидын эрсдэлтэй үед тогтвортой байсан төгрөгийн ханш 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш тогтмол суларч буй энэ үед Олон Улсын Валютын Сангаас манай эрх баригчдад өмнөх зөвлөмжөө дахин сануулж байна.

Эдийн засагчдын тайлбарладагаар манай улс зохицуулалттай хөвөгч валютын ханштай. Валютын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээр төгрөгийн гадаад валюттай  харьцах ханшийн  хөдөлгөөн тодорхойлогддог гэсэн үг юм. Түүнчлэн  Монголбанк зөвхөн гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй ханшийн богино хугацааны огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор тус зах зээлд оролцох зарчим баримталдаг талаар эдийн засагч Д.Ган-Очир байр сууриа илэрхийлж байсан. Валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд зарим хүчин зүйлс нь валютын ханшид урт хугацааны нөлөө үзүүлдэг бол, зарим нь валютын ханшийн  богино хугацааны хөдөлгөөнд нөлөөлдөг аж.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд валютын эрэлт, нийлүүлэлтээс үүдэлтэй ханшийн хэлбэлзэл өндөр байна. Төв банкны тухайд өчигдрийн гадаад  валютын дуудлага худалдаагаар банкуудад  2966.30 төгрөгийн ханшаар 49.8 сая ам.доллар нийлүүлсэн байна.  Харин өмнөх буюу мягмар гарагийн дуудлага худалдаагаар 2937.81 төгрөгийн ханшаар 60 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн. Тэгэхээр төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш хоёр өдрийн дотор 29 төгрөгөөр суларчээ.

2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан бол энэ сарын 22-ны өдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар болж, 1 тэрбум гаруй ам.доллароор буурсныг Төв банкнаас мэдээлсэн. Энэ нь төлбөр тооцоо, гадагш урсаж байгаа мөнгөн дүнтэй холбоотой, гадаад төлбөр тооцоо хийхэд шаардлагатай валют Төв банкны нөөцөөс л тодорхой хэмжээгээр гарч байгаа гэж тодотгосон. Монголбанк нэгдүгээр  сараас хойш гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг банкуудад  нийлүүлсэн. Зөрүүлээд экспортлогч компаниудын орлого болох  500 сая ам.долларыг худалдан авсан гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэлдээ дурдсан.

Тэрбээр “Төв банк ам.доллар хэвлэдэггүй. Төв банкны долларын нөөц Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос, Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын авчирж буй ам.долларын эх үүсвэрээс, мөн олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээрээр орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл, бидний олон улсын зах зээлээс босгож байгаа мөнгөн  эх үүсвэрүүдээс  ерөнхийдөө бүрддэг... Монголбанк ам.доллар хэвлэдэггүй учраас өнөөдрийн байдлаар худалдаж авсан ам.доллар зарснаасаа ийм л бага байна. “Эрдэнэт Үйлдвэр” Монголбанканд 258 сая ам.доллар худалдсан. “Оюу Толгой” компани үйл ажиллагааныхаа цалин, бусад урсгал зардлыг нөхөх зорилгоор манайд 194 сая ам.доллар худалдсан. “Эрдэнэс Тавантолгой” компани 23 сая ам.доллар, мөн “Монголросцветмет”-ээс гээд нийтдээ 500 сая ам.доллар худалдаж авсан.

Бидний хувьд нөөцөө арвижуулъя гэвэл экспортоо л дэмжих ёстой нь эндээс маш тодорхой байгаа юм. Монголбанкнаас зардал дээрээ тодорхой хязгаарлалт тавьж байна гэдэг асуудал ярьж байна. Монгол Улсын аюулгүй байдал болсон гадаад валютын нөөцийг тодорхой түвшинд хадгалах нь Төв банкны үндсэн зорилго. Төв банк бодлогын хувьд  хоёр сонголтын урд л байна.  Нэгдүгээрт, нөөцөө хадгалаад эдийн засгийнхаа тогтвортой, аюулгүй байдлыг хангах,  зөрөөд ханшийг зах зээлийнх нь нөхцөл байдлын дагуу сулруулаад явах, эсвэл ханшаа тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө зараад явах гэсэн хоёр л сонголт байгаа. Сонголтын хувьд мэдээж эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа харж байна. Бид экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх ёстой. Экспортыг дэмжсэн бодлого дээр ажлаа хийе” гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тэгэхээр валютын гадагшлах урсгалыг хумих, дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх богино хугацааны шийдвэртэй арга хэмжээнүүд авах боломж, нөөцийг төр засгийн бүхий л түвшинд эрэлхийлж, бодитой үйлдлүүд хийх шаардлага нэгэнтээ тулсныг хаа хаанаа харж буй энэ үед эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг уг асуудлыг авч хэлэлцээд байна. Бүлгийн хуралдаанаар олон улсын нөхцөл байдлаас үүдэн эдийн засагт учрах сөрөг үр дагаврыг богино хугацаанд даван туулах чиглэлд УИХ шийдэл гаргах ёстой гэж үзсэн.  Ерөнхий сайд, Засгийн газрыг тодорхой саналууд бэлтгэж боловсруулан  УИХ-д оруулж ирэх ёстой гэж үзэж буйгаа бүлгийн зүгээс мэдэгдээд буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nuguu(73.25.114.116) 2022 оны 04 сарын 01

OYBC yamar hamaaitain. Naad avilgach hulgaich naraa sain namna.

0  |  0
Ард(202.126.88.216) 2022 оны 04 сарын 01

Хуцдаг юм бэ. Манай мөнгиийг цаас болгочих сонирхолтой пизданууд

0  |  0
Иргэн(202.9.46.1) 2022 оны 04 сарын 01

ОУВС ДОЛЛАР ГЭДЭГ ЦААСЫГ ҮНЭД ХҮРГЭХ Л ЗОРИЛГОТОЙ ГАЗАР

2  |  0
Зочин(103.212.119.107) 2022 оны 04 сарын 02

ОУВСан зөвхөн долларыг л хамгаална. Тэд нарт монголчуудын амьдрал огтхон ч сонин биш шүү. Төгрөгөө цаас болгож л болохгүй шүү. Наадуул ёинь эдийн засгийг алнс шүүү

2  |  0
Top