Улсын Дээд шүүх С.Эрдэнийн хүргүүлсэн Ардчилсан нам /АН/-ын дүрмийн өөрчлөлтийг өчигдөр /2022.03.31/ бүртгэсэн. Ингэснээр Х.Баттулга, Ж.Батсуурь нарын оролцож буй сунгаа хүчин төгөлдөр бус гэсэн ойлголт төрөөд байгаа тул АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал дараах тайлбарыг өглөө.
-Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж авлаа. Ингэснээр та бүхний зохион байгуулж буй сунгаа явагдах боломжгүй болсон гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн тухай мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сангаас авсан. Дотоод сонгуультай холбоотой ямар нэгэн заалтад өөрчлөлт ороогүй байна. Намын даргын сонгуулийг өөрөөр хийхийг заагаагүй байна. Дээд шүүхэд бүртгүүлсэн нэмэлт өөрчлөлт нь Үндэсний бодлогын хороо даргатай байх юм байна, Үндэсний бодлогын хороо намын даргаа огцруулдаг эрхтэй болж байгаа юм байна гэдэг хэд хэдэн заалт нэмэгдсэн юм байна. Энэ нь намын даргын сонгуульд нөлөөлөх нөлөөлөл алга.
-Намын даргын сунгаа зохион байгуулагдана гэсэн үг үү?
-Сунгаа болдгоороо болно. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 09:00-20:00 цагийн хооронд намын гишүүд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай очиж саналаа өгөөрэй.
-Дээд шүүх бүртгэх болов уу?
-Дээд шүүх ерөөсөө л бүртгэж авах үүрэгтэй. Онц их хурлын материалыг Дээд шүүх бүртгэж авсан. С.Эрдэнэ даргатай намын зохион байгуулсан 13 дугаар их хурлыг хүлээж авлаа. Тэгэхээр дүрмийнхээ хүрээнд намын даргын сунгааг зохион байгуулна. Сунгааны дараа намын их хурал хуралдана. Улстөрийн намын тухай хуульд зааснаар их хурал бол бүхий л асуудлыг шийдэх эрхтэй байдаг гэдэг утгаараа энэ хурлаас гарсан шийдвэрийг Дээд шүүхэд өргөн барина.
АН-ын дүрэмд намын даргын сунгааг зохион байгуулахдаа бүх гишүүдээс санал авч, намын их хурлаар ёсчлон батлахаар заасан байгаа. Энэ дүрмийнхээ хүрээнд явж байгаа. Намын даргын сунгаанд идэвхтэй оролцоорой. Намын дүрмийн өөрчлөлт бүртгэгдсэн нь үнэн. Энэ дүрэм бол С.Эрдэнийн дүрэм гэж гараагүй. О.Цогтгэрэлийн дүрэм гэж гараагүй. АН-ын дүрэм юм. Энэ дүрмийг бүртгэлээ гээд Дээд шүүхтэй хэрэлдээд явах нь чухал биш. Энэ дүрмийн өөрчлөлтийн хүрээнд одоо явуулж байгаа үйл ажиллагаандаа тусгаад явахаас өөр арга байхгүй.
-Дээд шүүх С.Эрдэнэ даргатай АН-ыг албан ёсоор бүртгэсэн гэсэн ойлголт яваад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Та бүхэн Дээд шүүхээс АН-ын дарга хэн бэ гэдгийг асуугаарай. Өнөөдрийн байдлаар АН-д дарга байхгүй байгаа. Та бүхэн надаас биш Дээд шүүхээс асуусан нь дээр.
Сэтгэгдэл ( 1 )
Нам мам гэж солиор ж байхын оронд улс их орноо яаж хөгжүүлэх талаараа санал бодол оо хуваалцаж бүгдээрээ нийлж хийж бүтээлцье гэж бодмоор юм аа энэ Монгол улс аа харалдаа 3 хан сая хүн амтай 60 сая малтай энэ үнийн хөөрөгдлөө харалдаа ийм улсад хэзээ ч ийм асуудал байх ёсгүй баймаар л баймаар юм гэтэл нийгэм ийм дорой ядуурал цөхрөл дэндүү аймар байна шүү дээ энэ бүхнээ нэгдээд нэг тийш нь болгох нь зүйтэй бус уу