-Махны дундаж үнэ 800 хүртэлх төгрөгөөр өссөн байна-
Хотын төвийн хэдэн дэлгүүрээр нөөцийн үхрийн мах хайгаад олсонгүй. Байгаагаас хонины махыг л худалдаалж байлаа. Худалдагчдаас нөөцийн үхрийн махны талаар асуух үед “Савласан үхрийн мах цөөн тоогоор ирдэг учраас хурдан борлогддог. Дорхноо л дуусчихдаг юм. Бусад дэлгүүрт ч ховор байгаа” хэмээх хариуг өгч байлаа. Мөн зарим иргэдийн хувьд нөөцийн мах амтгүйгээс гадна хялгас ихтэй, махнаас илүү өөх нь их, тэр ч бүү хэл хороондоо байрлах дэлгүүрт нь нөөцийн мах дууссан байдаг талаар ярьж байсан юм. Иймээс өнөөдрийн сурвалжилгыг нөөцийн махтай холбоотойгоор бэлтгэн хүргэлээ.
ҮХРИЙН МАХНЫ ЭРЭЛТ ИХ БАЙНА
Нийслэлчүүдэд зориулан бэлтгэдэг нөөцийн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан билээ. Хаврын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 23 аж ахуйн нэгж, байгууллага 96 тэрбум төгрөгөөр 13 мянган тонн махыг бэлтгэсэн. ХХААХҮЯ энэ жилийн махны нөөцийн ажлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хийж байгаа юм. Нийслэлийн есөн дүүргийн 486 дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг худалдаалж буй боловч зарим дэлгүүрт хэдийн үхрийн мах дууссан ажээ. Нийт зургаан хорооны 10 дэлгүүр ороход хонины нөөцийн мах байх боловч үхрийн мах дууссан зургаан дэлгүүр байлаа.
Тухайлбал, нөөцийн мах борлуулж буй Шим хүнсний дэлгүүрийн худалдагч “Үхрийн мах дууссан. Хонины мах л үлдлээ. Үхрийн мах бага хэмжээтэй ирдэг учраас худалдан авагчид дорхноо л дуусгачихдаг. Харин хонины махыг уутны цаанаас нь харж өөхтэй эсэхээр нь ялгаж авдаг болохоор зарим нь үлддэг юм” гэлээ. Харин Женоессеко дэлгүүрийн худалдагч “Үхрийн мах дууссан. Маш хурдан борлогддог. Эрэлт нь их байгаа. Хонь л үлдсэн байна” хэмээв. Мөн Долоон бурхан дэлгүүрийн худалдагч “Үхэр, хонины мах худалдаалж байна. Гэхдээ үхрийн мах ховор. Иргэд хонины махнаас илүүтэй үхрийн мах худалдаж авч байна. Худалдан авалт хэвийн байгаа” хэмээн хэлсэн юм.
НӨӨЦИЙН МАХ ХЯМД ҮНЭТЭЙ БОЛОХООР ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА ГЭВ
Иргэдийн хувьд нөөцийн махтай холбоотойгоор өөрсдийн санал сэтгэгдлийг хуваалцлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Лхагва “Нөөцийн мах хямд үнэтэй байгаа болохоор худалдаж авч байна. Гэхдээ амт муутай. Мөн үхрийн мах иддэг учраас их хэмжээгээр авах боломжгүй. Нөөцийн махнаас илүүтэй махны худалдаачдаас шинэ мах авсан нь амт шимтэй юм. Гэвч өндөр үнэтэй байгаа нь өрхийн санхүүд хүндрэл учруулж байна” гэлээ. Тус дүүргийн иргэн Л.Отгонсүрэн “Саяхан нөөцийн мах худалдаж авсан. Гэхдээ дотор нь үс, хялгас их байлаа. Угааж ч үзлээ, түүж ч үзлээ. Хяналт, шалгалтын ажлыг нь хийгээгүй юм байх даа гэх бодлыг төрүүлсэн. Үхрийн мах ховор байна. Харин хонины мах олдоц сайтай боловч өөх ихтэй юм билээ. Аль алинаас нь худалдаж авсан. Шөл гаргах гэхээр амттай шөл гарахгүй. Хямд үнэтэй болохоор нь худалдаж авч байгаа. Эрүүл мэндэд сайн байж чадах эсэхийг нь хэлж мэдэхгүй юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ “Нөөцийн үхрийн махыг дэлгүүрүүд их хэмжээгээр өгөхгүй байгаа. Нэг хүнд 1-2 уутыг л худалдан авах боломжтой хэмээн хэмжээ зааж байна. Хангалттай нөөцийн мах бэлдсэн гэсэн. Гэтэл үхрийн маханд яагаад хэмжээ заагаад байгаа юм бэ” хэмээв. Энэ мэт иргэд ижил санал гомдлыг хэлсэн юм. Тиймээс ХХААХҮЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тодруулахад “Махны хадгалалт, хамгаалалт болоод чанарт шалгалт хийдэг. Өнгөрсөн жил зуншлага сайн байсан учраас махны чанар, өнгө үзэмж сайн байлаа. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьсан. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулсан. Малчдын нийлүүлэлтээс борлуулах цэгүүдэд хүргэх хүртэлх бүхий л үед бид хянаж, шалгаж ажиллалаа” хэмээх тайлбарыг өглөө. Харин Махны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Ариунтуяа “Иргэдийн зүгээс нөөцийн махтай холбоотойгоор албан ёсоор гомдол гаргах хэрэгтэй. Гомдол гаргахдаа махаа хаанаас худалдаж авсан, ямар асуудал үүссэнийг баримтжуулж гомдол гаргахгүй бол бүхий л худалдааны төвөөр явж асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Манайд ч гомдол ирээгүй. Тиймээс иргэд цаг тухай бүрд нь баримтжуулж, гомдол гаргаж, хамтарч ажиллахыг хүсэж байна” гэх тайлбарыг өгсөн юм.
НӨӨЦИЙН МАХ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХАНШААС 600-1200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ
Энэ жилийн нөөцийн махыг 7100-8900 төгрөгийн хооронд худалдаалж байна. Тодруулбал, ямааны мах кг нь 7100 төгрөг, хонины мах 8300 төгрөг, үхрийн мах 8900 төгрөгийн ханштай байгаа юм. Гэвч энэ нь өнгөрсөн жилээс 600-1200 төгрөгөөр нэмэгдсэн ханш. Нөөцийн хонины мах өнгөрсөн жил 6700 төгрөг, үхрийн мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн ханштай байжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2018 оны ханштай өнөөдрийн ханшийг харьцуулахад хонины мах 1900 төгрөгөөр, ямааны мах 2700 төгрөгөөр, үхрийн мах 3300 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Товчхондоо 2021 онд нөөцийн махыг өмнөх жилтэйгээ ижил ханшаар борлуулсан. Бусад цаг үед жил бүр үнийн өсөлттэй байлаа. Ингэхдээ жилд 500-1600 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэйгээр нэмэгдсэн аж.
МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ 160-813 ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ
Жил бүрийн хавар манай улсад махны үнэ нэмэгддэг тогтолцоо бий болоод удлаа. Нөөцийн мах худалдаанд гарсан ч захуудаар борлуулж буй үнийн ханш буурах бус эсрэгээрээ нэмэгдсэн юм. Махны үнэ энэ сарын 23-ны байдлаар 160-813 төгрөгөөр өссөн байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.65 хувиар буюу 444 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3.56 хувиар буюу 440 төгрөгөөр өсжээ. Үхрийн ястай махны үнэ 6.01 хувиар буюу 813 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.62 хувиар буюу 256 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ 1.55 хувиар буюу 160 төгрөгөөр өсаж, ямааны ястай махны үнэ 4.79 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус өсжээ. Ингэснээр хонины мах кг нь 12-15 мянган төгрөг бол үхрийн мах 12.5-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин адууны мах кг тутамд 9.5-11 мянган төгрөгийн ханштай байгаа бол ямааны махыг 9900 төгрөгөөр борлуулж байгаа аж.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )