Ж.Батсуурь С.Эрдэнэд тал засаж, Х.Баттулга ӨРСӨЛДӨГЧГҮЙ СУНГААНД яллаа

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан шат, шатны сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээж, түүнээс хойш дотроо хоёр хуваагдаж, “хоёр толгой”-той болсон.

Тэдний хэрүүл, хуваагдал нь эцэстээ тогооноосоо хальж, намын гишүүд хийгээд дэмжигчид нь хүртэл аль нь жинхэнэ АН болохоо ч ялгахаа байсан.

Өөрөөр хэлбэл, “хоёр толгой”-ны нэгийг нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, нөгөөг нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж, өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөөрөө улс төр хийж ирсэн юм.  

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн улс төрийн онцлохоор О.Цогтгэрэлийн талын АН-ын даргыг сонгох сонгууль, С.Эрдэнийн талын АН-ынхан Дээд шүүхэд намынхаа дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлсэн явдлыг нэрлэж болно. Гэхдээ энэ удаад зөвхөн өнгөрсөн амралтын хоёр өдөр болж өнгөрсөн, АН-ыг тойрсон олон үйл явдлыг тоймлон хүргэж байна.


-Ж.БАТСУУРЬ ӨРСӨЛДӨГЧӨӨ ТОНГОРЧ, С.ЭРДЭНЭД ТАЛ ЗАСЛАА-

Анхаасаа О.Цогтгэрэлийн талын АН-ын даргыг сонгох сонгуульд хоёрхон хүн нэр дэвших эрхээ авч, хамтдаа барианы зурхайгаас хөдөлсөн. Нэг нь Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга бол нөгөө нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь. Тэд намын даргын сонгуульт ажлаа хамтдаа хийж, 21 аймгийнхаа иргэд сонгогчидтой уулзсан. Гэвч намын даргыг сонгох сонгуулийн өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Дээд шүүхээс сурталчилгааны явцад АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Тиймээс миний бие нэрээ татаж байна” хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ Ж.Батсуурь гишүүний энэхүү гэнэтийн шийдвэрийг “С.Эрдэнэд тал засаж, хаяаг нь бараадсан” гэж тайлбарлах, хардах олон хүн байна. Үнэхээр ч Ж.Батсуурь эв нэгдэл гэх үгээр халхавч хийж, уснаас хуурай гарахын тулд өрсөлдөгч Х.Баттулгыгаа тонгорч, С.Эрдэнийг сонгосон байхыг үгүйсгэх аргагүй билээ.


-УХРАХ ЗАМГҮЙ Х.БАТТУЛГА ӨРСӨЛДӨГЧГҮЙ СУНГААНД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ-

Нэгэнт өрсөлдөгч Ж.Батсуурь нь нэрээ татсан тул тэр өрсөлдөгчгүйгээр АН-ын даргын сонгуульд ялалт байгууллаа. Учир нь, түүний өрсөлдөгч Ж.Батсуурь нэрээ татсан ч АН-ын даргын сонгох сонгууль хэвийн үргэлжилсэн юм.

Харин Ж.Батсууриас ялгаатай нь Х.Баттулга нэрээ татсангүй, С.Эрдэнийн талд гарсан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ялангуяа хар амиа бодож, хэн хэгний хатавчинд очиж суусангүй АН-ын даргын сунгаагаа ялалтаар дуусгалаа.

Тодруулбал, АН-ын даргыг сонгох санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан юм. 

Тэрбээр “Улсын Дээд шүүх бол зөвхөн бүртгэх үүрэгтэй. Энэ бол улс төрийн башир арга. Харин Ж.Батсуурь нэрээ татсан нь хувь хүний л асуудал. Намайг өөр нам байгуулна гэх яриа гаргасан байна. Энэ бол цуурхал, худал мэдээлэл шүү. Бидэнд ухрах зам байхгүй, бидний дайсан бол ажилгүйдэл, ядуурал” гэх байр суурийг өчигдөр /2022.04.03/ хэвлэлийнхэнд дайв.


-БИД АН-ЫН ДАРГАА ЗАХИАЛГААР БИШ ӨӨРСДӨӨ СОНГОХ ЁСТОЙ-

Дээрх үйл явцад  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ч бас байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Манай намын онцлог бол гишүүн төвтэй. Гишүүд хаана байна, бид тэнд байх ёстой. Иргэд тэгш боломж, шударга ёсыг хүсэж байна. Төрд байх иргэдийн хяналтыг бас хүсэж байна. Дан ганц улс орныг удирдаж байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Харин Улсын Дээд шүүх дээр АН-ын даргын ямар нэгэн шийдвэр гараагүй, байхгүй. Өнөөдөр бид АН-ын даргаа өөрсдөө сонгох ёстой. Түүнээс ямар нэгэн улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар намынхаа даргын сонгохгүй. Үндэсний хэмжээний намын хүрээнд гишүүд өөрсдөө даргаа сонгох ёстой. Энэ бол зөвхөн намын асуудал" гэсэн юм. 

Харин Ж.Батсуурийг намын даргын сунгаанаас нэрээ татсан явдалд “Бүлэг дээр ямар нэгэн ярилцсан зүйл байхгүй. Гэхдээ хувь хүний үзэл бодлыг хүндэтгэнэ. Гэвч Ж.Батсуурь гишүүнийг болчимгүй үйлдэл хийчихлээ гэж харж байна, миний хувьд. Учир нь, АН-ын сонгогчдод Ж.Батсуурь гишүүнийг дэмжих хэсэг байсан байх гэж бодож байна. Үнэхээр залуу хүний хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд 21 аймгаа тойроод л үгээ хэлээд явсан шүү дээ. Тэр иргэд, сонгогчдынхоо итгэл, найдварыг бадрааж ажлаа явуулах байсан байх л гэж бодож байна даа" гэх хариултыг өгсөн байдаг.


-Ж.БАТСУУРЬ ЭРХ ТАНХИЛ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ НАМААР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ-

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав "Яах вэ, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Дээд шүүх шийдсэн байна билээ. Түүнээс намын даргатай нээх хамаатай зүйл бол биш. Энэ сонгуулийг болох, болохгүй гэдэг асуудал биш. Нам хоёр хуваагдалтай байгаа зүйлийг нуухгүй. Гэхдээ манай намын лидерүүд биш МАН-ын том тоглолт болж байна гэж харж байна. Ж.Батсуурийн хувьд нэрээ татсан нь хувь хүний л асуудал. Сонгуульд сөргөөр нөлөөлөхгүй. Хариуцлагагүй зүйл гэж хэлэх байна. Ж.Батсуурь бол миний дүү залуу. Ээж, аавынхаа эрх танхил хүү байж болно. Гэхдээ намаар тоглож болохгүй" хэмээн болж байгаа үйл явцад байр сууриа илэрхийлсэн байна. 


-С.ЭРДЭНИЙН ТАЛЫНХАН Ч ЧИМЭЭГҮЙ БАЙСАНГҮЙ-

О.Цогтгэрэлийн талын АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж байхад С.Эрдэнийн талын АН-ынхан ч чимээгүй байсангүй. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “АН-ын нэр барьсан, туг ашигласан нөхөд өөрсдийгөө нам гэж нэрлээд намын хүчингүй, хууль бус сунгааг зохион байгуулж байсан. Энэ хугацаанд намынхаа дүрмийн өөрчлөлтийг бүртгүүллээ. Ингэснээр Монгол Улсад хууль ёсны нэг л нам байгаа гэдгийг давхар баталж өглөө. Энэ ч утгаараа АН хуваагдаагүй. Ямар ч талцал байхгүй. Нам, бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна” гэсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүн бүр янз бүрийн үзэл бодолтой. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой. Түүнээс хэсэг бүлэг хүмүүс тэгж болохгүй л дээ” гэх байр суурийг илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (23.84.101.194) 2022 оны 04 сарын 04

Зи гийн хэлдгээр л хууль бусаар хөрөнгөжигчид нэг талдаа гарчихжээ

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 04

женко, жонку хоёр сонгуульд өрсөлдсөн юм уу хаашаа юм бэ, ийм сонгууль гэж байдаг юм уу, соц үе санаанд орчихлоо, тэр үед ч нэг хүн 99,99% санал авдаг ч нэр төдий өрсөлдөг ч бас байдаг л байсан

0  |  1
ЕР НЬ ЮУ БОЛЖ БАЙНА (64.119.19.108) 2022 оны 04 сарын 04

Хэнтэй өрсөлдөөд ялчихсан бэ, нэг л ойлгож өгөхгүй байна.Нөгөө талаар Эрдэнэ, элбэгээ хоёр АН-ыг сул байлгаж 2024 оны сонгуульд ялагдуулах даалгаварыг МАН-аас авсан. Биелүүлэхгүй бол хулгайлсан юмаа хураалгаж дээлээ нөмрөх занаанд орсон. Тиймээс эрдэнэ НДС-ийн хөрөнгөөр босгосон хөрөнгөө алдчих вий гэж амьсгаа дээр байгаа гэж амьтан яриад байх юм.

1  |  0
АН-ыг үгүйлж ардчилл(192.82.74.76) 2022 оны 04 сарын 04

хэрэв хууль бус сонгууль гэсэн бол гишүүд нь саналаа өгөхгүй байх байсан биздээ. Эрдэнэ гэдэг баасын мэдлээс аль хэдийн АН-ын асуудал гарсан

1  |  0
эрдэнэ барьцаанд(64.119.19.108) 2022 оны 04 сарын 04

Хэнтэй өрсөлдөөд ялчихсан бэ, нэг л ойлгож өгөхгүй байна.Нөгөө талаар Эрдэнэ, элбэгээ хоёр АН-ыг сул байлгаж 2024 оны сонгуульд ялагдуулах даалгаварыг МАН-аас авсан. Биелүүлэхгүй бол хулгайлсан юмаа хулаалгаж дээлээ нөмрөх занаанд орсон. Тиймээс эрдэнэ НДС-ийн хөрөнгөөр босгосон хөрөнгөө алдчих вий гэж амьсгаа дээр байгаа гэж амьтан яриад байх юм.

1  |  0
Зочин(66.181.161.82) 2022 оны 04 сарын 07

Хууль зөрчсөн сонгууль хүчингүй, бүгд малнууд юм аа

1  |  0
Зочин(203.91.115.48) 2022 оны 04 сарын 04

Санжмятав мөнгөнд л явчихаад байна уу?

0  |  0
Top