Ардчилсан намын даргын сунгаа явагдаж байсан ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан. Гэвч энэ сунгаа нэг нэр дэвшигчтэйгээр явагдлаа. Тиймээс энэ асуудлын эргэн тойронд АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын байр, суурийг тоймлон хүргэж байна.
Х.БАТТУЛГА: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ БҮРТГЭХ Л ҮҮРЭГТЭЙ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Хан-уул дүүрэгт саналаа өгснийхөө дараа мэдээлэл хийсэн юм.
-Өнөөдрийн сонгуулийн талаар та байр сууриа илэрхийлээч?
-Гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Ардчилсан намын даргын дотоод сунгаа явагдсан. Ингээд өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзаад дөрөвдүгээр сарын 03 буюу өнөөдөр сонгуулийнхаа дүнг гаргах сонголт болж байна. Сонгуулиа хүндэтгээд өөрийнхөө оршин суудаг Хан-Уул дүүрэгт ирж сая саналаа өглөө. Ардчилсан намын гишүүд намынхаа даргыг сонгох энэхүү сунгаанд бүгдээрээ маш идэвхтэй оролцож байна.
Сошиал ертөнцөд ч энэ талаарх мэдээ, мэдээлэл их явлаа. Энэ бүхнийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ардчилсан нам эргээд сэргэж байна. Өнгөрсөн 14 хоногт бид 21 аймгаа тойроход ардчилалынхан маань хүсэн хүлээсэн уулзалтууд, нүүр тулсан ярилцлагууд болсон. Одоо бидэнд өнөөдрийн нөхцөл байдлаас ухралт байхгүй. Ардчилсан намын гишүүддээ, залуучууддаа, ахмадууддаа хэлэхэд өнөөдрийн сонгуульд идэвхтэй оролцох нь ирээдүйн ялалтын эхлэл шүү.
-С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн өгсөн АН-ын дүрмийг бүртгэж авсан Улсын дээд шүүхийн шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?
-Улсын дээд шүүх бол зүгээр л бүртгэх үүрэгтэй байгууллага. Тэр намыг бүртгэнэ, энэ намд үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол улс төрийн башир арга. Гэхдээ монголчууд бид бие биетэйгээ хэмлэлдэж одоо боллоо. Цаашид хэмлэлдэж байхаар амьдралаа, ахуйгаа бодоё. Бидний дайсан бол ядуурал, ажилгүйдэл юм.
-Энэ сонгуулиар гарсан үр дүнг УДШ бүртгэж авахгүй бол яах вэ?
-Тэрийг мэдэхгүй байна. Бүртгэж авах л ёстой. Яагаад гэвэл зүгээр л бүртгэлийн ажиллагаа. Хүн төрөхөд хүүхдийг нь бүртгэж авдаг. Гэр бүл болоход бүртгэж авдаг шиг бүртгэлийн л үйл явц. Бүртгэлийн явцад битгий улстөржөөрэй, битгий явцуу байгаарай.
-Ж.Батсуурь гишүүн нэрээ татсан явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэр хүний хувийн л асуудал байх. Гэхдээ тухайн байгууллагынхаа дүрэм журмыг бид мөрдөж байж сунгаанд орсон. Мөрдөх ч хэрэгтэй, энэ бол үүрэг. Нэгэнт л ямар нэгэн юманд оролцож байгаа бол дүрмийг нь дагах ёстой.
-Таныг өөр нам байгуулах гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Ирц өндөр болоод, гишүүд идэвхитэй санал өгөөд Ардчилсан намын дарга шийдэгдчих болов уу гэж бодсон уу, өөр нам байгуулах гэж байна гэдэг цуурхалыг өчигдөрөөс /04.02/ эхэлж гаргалаа. Тийм юм байхгүй. Энэ олон дэмжигчээ хаяад дахиад нам байгуулах гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил байх. Энэ бол цуурхал.
О.БААСАНХҮҮ: Х.БАТТУЛГА ГЭДЭГ ХҮН АН-ЫН ГИШҮҮН БИШ
АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс болж байгаа үйл явцын талаар дараах тодруулгыг авлаа.
-АН-ын даргын сунгаа ганц нэр дэвшигчтэй үлдсэн ч гэсэн үргэлжилж байна гэх мэдээлэл байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мөнгөтэй хүмүүсийн л тоглоом, зугаа. Мөнгөөрөө аархаж байгаа зүйл гэж харж байна. Хэрвээ ухаантай хүн бол бодит байдлаа хараад болих ёстой шүү дээ. Гэтэл шүүхээ хүндэтгэхгүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй яваад байна гэдэг чинь цаад утгаараа өөр зүйл яваад байна.
-Улсын дээд шүүхээс танай намын дүрмийг бүртгээд авчихсан байдаг. Гэтэл нөгөө талд нь Х.Баттулга гэдэг ганц нэр дэвшигчтэй сонгууль болоод байна шүү дээ?
-Х.Баттулга гэдэг хүн Ардчилсан намын гишүүн биш. Өөрөө хэвлэлээр Х.Баттулга гэж хүн АН-ын гишүүн мөн. Ноднин жилийн зургаа, долоодугаар сард Хан-Уул дүүргийн АН-аас намын гишүүний эрхийг сэргээсэн гэж яриад байгаа юм. Үнэхээр тийм юм бол намын гишүүн мөн гэсэн батлахыг нь харъя. Тэр батлах дээр нь АН-ын хэн нэгэн даргын гарын үсэг байх ёстой. Үүнийгээ харуулчих хэрэгтэй. Тэгэх л юм бол бүх зүйл тодорхой болно. С.Эрдэнэ гэж хүн Х.Баттулгад гишүүний батлах өгөөгүй гэж байгаа. Тэгэхээр чинь хуурамч бичиг баримт үйлдсэн болно. Эсхүл бусдын өмнөөс шийдвэр гаргасан болно.
-Х.Баттулгыг намын гишүүн биш гэлээ. Энэ талаараа дэлэгэрнгүй тайлбарлаж өгнө үү?
-Х.Баттулга бол Ерөнхийлөгч байсан хүн. Ерөнхийлөгч болоод намын гишүүнээсээ татгалзсан. Хуулиараа түдгэлзээгүй, татгалздаг байхгүй юү. Төрийн албан хаагч бол түдгэлздэг. Харин ажлаасаа гарсан тохиолдолд автоматаар намын гишүүн сэргээгддэг. Татгалзана гэдэг нь шинээр намд гишүүнээр орох хүсэлт өгдөг юм. Энэ хоёр чинь ялгаатай. Буцаад намын гишүүн болохын тулд хүсэлтээ өгөөд тухайн намын дарга нь гарын үсгээ зурсан батлахыг өгдөг.
-Одоо ингээд сонгууль нь болохоор Х.Баттулга ялсан болж таарна. Тэгэхээр дахиад л танай намын шүүхээр явдаг асуудал гарах юм биш үү?
-Энэ хүн эхлээд АН-ын гишүүн гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ хүн МАН-ын даргын орон тооны зөвлөх хийдэг гэдгийг бүгдээрээ мэднэ.
-Ж.Батсуурь гишүүн нэр дэвшиж байгаад нэрээ татсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Х.Тэмүүжин тайлбар өгсөн байна лээ. Би андуурсан байна, энэ чинь хувийн дансаараа мөнгө авчихсан байна. Энэ чинь гэмт хэрэг. Дээд шүүх хууль ёсны нам нь энэ гэдгийг батламжиллаа гээд хэлчихсэн. Ер нь бид намын даргаа сонгох гэхээр л хажуунаас нь ийм сонин хүмүүс гарч ирж маргаан үүсгээд, шүүхээр яваад асуудал үүсгээд байгаа юм.
-Энэ хүн тэгвэл юунд найдаад ийм сонгууль явуулаад байна гэж та харж байна вэ?
-Анхнаасаа л Ардчилсан намыг аль болох хувийнхаа нам болгох гээд үзсэн. Жаахан өнгөтэй өөдтэй хүмүүсийг нь шоронд хийнэ. Нэр хүндийг нь гутаан доромжилно. Л.Мөнхбаясгалан зэрэг хүмүүс нийлээд хятад болгоно, Мүүнчин, сайн ах болгоно. Ингэж лидергүй болгож аваад өөрийнхөө халаасны хүнийг тавих гэж үзсэн. Тэр нь бүтэхгүй болохоор ингээд л бүдэрч яваа хүн. Яагаад гэхээр үнэн гэдэг чинь эцсийн эцэст дийлдэг. Их шуналтай хүн юм даа.
Ж.БАТСУУРЬ: С.ЭРДЭНИЙН НАМААС НАМАЙГ ХӨӨСӨН
АН-ын даргын дотоод сунгаанд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ сарын 02-ны өдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.
-Улсын дээд шүүхийн шийдвэр гарсны дараа өдөр та цахим хаягаар дамжуулан намынхаа даргын дотоод сунгаанд оролцоно гэдгээ мэдэгдэж байсан. Харин гэнэтхэн ийм шийдвэр гаргахад тань юу нөлөөлсөн бэ?
-Нийгмийн сүлжээнд миний үндсэн хаягаас бус хуурамч хагчнуудаас ард түмнийг, намын нийт гишүүдийг төөрөгдүүлсэн олон мэдээллүүд явсан. Сонгуулийн үеийн 10 гаруй хоногт ийм зүйл маш ихээр гарсан. Улсын дээд шүүхийн шийдвэр гуравдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш гарсан. Үүнийг тодруулах зорилгоор өчигдөр /04.01/ бид бүхэн ажиллаж, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд энэ удаагийн дотоод сунгаа 2017 оны УДШ дээр хадгалагдаж байгаа дүрмийн дагуу явагдаж байсан.
Гэтэл энэ дүрмийг УДШ шинэчилэн бүртгэчихлээ. Яг юуг бүртгэсэн, юунд өөрчлөлт оруулсан талаар бидний гар дээр хэлбэржиж иртэл сунгааны санал хураалтыг хойшлуулъя гэсэн шаардлагаа хүргүүлсэн. Гэсэн хэдий боловч Дотоод сонгуулийн хороо шууд нэг талыг барьж, Дээд шүүхийн шийдвэрийн тайлал гар дээр ирээгүй байхад таамгаар сонгуулийн санал хураалтыг шууд хийнэ гэж байгаа нь өөрөө учир дутагдалтай гэж үзэж байгаа юм.
-Та энэ сонгуульд ялна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ. Хэрэв итгэлтэй байсан бол нэрээ татах шаардлагагүй байсан уу. Нөгөөрэйгүүр С.Эрдэнийн талтай нэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Би энэ сонгуульд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Итгэлтэй байгаагаа ч өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчдийнхээ өмнө хэлж байсан. С.Эрдэнэтэй холбох ямар ч нөхцөл байхгүй. Яагаад гэхээр С.Эрдэнийн намаас намайг хөөчихсөн байгаа. Тийм болохоор Ардчилсан намыг нэгтгэх, шинэчлэх ажилд энэ нам үүсгэн байгуулсан 32 жилийн түүхэнд намын нүүр царайг ийм байдалд хүргэсэн хүмүүсийг нэг удаа араагаа арагш нь татаж, дунд шатны мэдлэг боловсролтой, намынхаа төлөө явж ирсэн, сайд дарга хийж байсан эрдэмтэн докторуудыг гарган ирж, хэлэлцээрийн ширээний ард суух замаар бүтэн ардчилалыг бий болгоно. Бүтэн Ардчилсан намыг бий болгон гэж ярьж явсан.
Үүнээсээ ухраагүй байгаа гэдгээ хэлье. Нэг л мэдэхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд Ардчилсан нам гишүүн, намын хороо төвтэй биш хэдхэн дарга нарын гарт орчихсон. Бүх эрх мэдлийг дээд шатны дарга нар булаагаад аваад явчихсан байсан. Үүнээсээ болж өнөөдрийн амжилтгүй байгаа байдал, маргаан үүссэн гэдгийг маш олон удаа хэлсэн. Тэгэхээр намайг ямар нэгэн үйл явдал, хэн нэгэнтэй холбох боломжгүй.
-С.Эрдэнийг намын дарга мөн гэсэн шийдвэрийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Бид 2017 оны Улсын дээд шүүх дээр бүртгэлтэй байгаа намын дүрмээр сунгаанд оролцож байсан. Түүнээс хойш Ардчилсан намын дүрэм Дээд шүүх дээр бүртгэгдсэн үйл явдал болоогүй. Сүүлд бүртгэгдсэн дүрмийн өөрчлөлтийг гар дээр иртэл санал хураалтыг хойшлуулъя. Ямар өөрчлөлт орсныг мэдсэний дараа оролцъё гэсэн саналаа өгсөн ч Дотоод сонгуулийн хороо нэг талыг барьж үгүй гэсэн хариуг өгсөн. Тийм болохоор нэрээ татаж байгаа.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )