Г.Ёндон сайд Оюу толгой Монголбанканд алтаа тушаадаггүйн учрыг тайлбарлалаа

2022 оны 04 сарын 05

УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар олны анхаарлыг эрдэс баялгийн салбарын мэдээлэл хамгийн их татлаа.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбар энэ онд 100 нас хүрч байна. Манай салбар өдгөө ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна.

Хэрэглээнд суурилсан үйлдвэрийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн салбарын ирээдүйг тодорхойлох шаардлагатайг дэлхий нийтийн чиг хандлага харуулж байна. Өнгөт болон хар металлийн хэрэглээ хэд дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Улсын төсвийн нэгдсэн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол сэргээгдэх эрчим хүчний сэргэлтээс үүдэж буурах хандлагатай байна. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин нэвтэрснээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөж, газрын ховор элемент 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ 2050 онд нэг дахин өсөх төлөвтэй байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй урт дунд богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар сүүлийн жилүүдэд жилд дунджаар 15 төсөл зарлаж, тухайн жилдээ үргэлжлүүлж буй төслүүдтэй нийт 50 орчмыг хэрэгжүүлж, 23-25 орчим тэрбумын геологийн судалгааны ажил үргэлжилж байна. Төрөл бүрийн маштабтай геологийн судалгаанаас гадна Монгол орны бүс нутгийг хамарсан геоэкологийн, төрөл бүрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэх ажил хийгдэж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж, 2022 онд 27.7 тэрбум төгрөг 2023 онд 45.3 тэрбум төгрөг зарцуулсан.  Монгол орны суурь судалгааны ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлвийг үргэлжлүүлэн цаашид хайгуулын ажлыг судлах боломжийг нэмэгдүүлнэ.

Хувийн хөрөнгөөр Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэж байгаа. 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн дөрвөн хувь буюу 6.2 сая га талбайд ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1.2 хувь буюу 1.8 сая га талбайд 1692 ашиглалтын 2.8 хувь буюу 4.4 сая га талбайд 900 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос хоёр дахин багассан. Энэ нь уул уурхайн салбараас 20-30 жилийн өмнө түрүүлэн явах ашигт малтмалын нөөцийг тогтвортой нэмэгдүүлж байх улс орны эдийн засгийн хөгжлийг хангах ёстой салбарын хувьд чамлахаар үзүү­лэлт байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна.

Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх улс орны эдийн засагт нөлөөлөх орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.

Олборлолтын чиглэлээр өнөөдрийн байдлаар нүүрс, зэс төмрийн хүдэр, алт, хайлуур жонш цайр зэрэг 10 орчим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлон анхан шатны экспортод гаргаж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 19 тонн алт, 6.3 мянган тонн молибдены баяжмал 3.7 сая тонн төмрийн баяжмал, 118.3 мянган тонн жонш, 60.3 тонн жоншны баяжмал, 75.3 мянган тонн цайрын 9.2 сая тонн төмрийн хүдэр олборлосон. Цар тахлын улмаас хил хаалттайн улмаас нүүрсний экспорт 56.3 хувь, нүүрсний баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан бол бусад ашигт малтмалын гүйцэтгэл харьцангуй сайн байсан. Цаашид томоохон ордуудыг эдийн засагт нөөцөд оруулж ордыг иж бүрэн ашиглах чиглэлээр Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цогцолбор төсөл, Цагаан суварга, Зүүн цагаан дэл, Асгат, Баянхөндий, Алтанцовоо зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Дээрх төсөл хэрэгжсэнээр зэсийн баяжмалын экспорт гурав дахин, нүүрсний экспорт 2-3 дахин нэмэгдэх боломжтой” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн ангилалд орсон Бэрэн компанийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлд­вэрийн асуудалд салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгааг нь гишүүд асуув. Мөн Оюу Толгой компани яагаад алтаа Монголбанканд тушаахгүй байгаа талаар тодруулсан юм.

Уг асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Хөгжлийн банктай холбогдсон Бэрэн компанийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийг цааш нь үйл ажиллагааг нь явуулах уу гэж байна. Би үүн дээр цааш явах ёстой гэж үздэг. Хөгжлийн банктай холбоотой асуудал нь хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдэх ёстой байх. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжлээд явах ёстой. Энэ асуудал нь үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй, бүтээгдэхүүнээ гаргаж байх нь зөв гэж үзэж байна.

Оюу Толгой үйлдвэр Монголбанканд алтаа тушаадаггүй. Яагаад гэвэл, одоохондоо баяжмал хэлбэрээр алтаа гаргадаг. Энэ дотор нь алт нь орж явдаг. Баяжмалд байгаа алтны агуулгын хэмжээг тооцож байх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ чиглэлд нөгөө талтай хэлэлцээр хийх ажил эхэлж байгаа" гэсэн юм.

Ө.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Top