Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг зохион байгуулж эхэлсэн. Монгол Улс 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил дэлхий нийтээр арваннэгдүгээр сарын 18-24-нд ‘’Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийг “Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одооноос эхэлье” уриатайгаар тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын дөрвөн байгууллага манлайлан бусад байгууллага, улс орнуудад хамтран оролцохыг өчигдөр уриаллаа.
Энэхүү аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн ам, малчид, тариаланчид, хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын мэдлэг хандлагыг сайжруулахад чиглэж байгаа юм.
Бичил биетэн гэж юу вэ?
Бактер, вирус, мөөгөнцөр, шимэгчийг бичил биетэн гэдэг. Бичил биетэнг устгадаг эсвэл түүний үржил, хуваагдлыг саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэдэг.
Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ?
Аливаа эм, бэлдмэлийг хэрэглэх үед бичил биетэн өөрчлөгдөн хувьсаж, уг эмэнд тэсвэртэй болсноос эмчилгээ үр дүнгүй /устгахгүй, үржил, хуваагдлыг саатуулахгүй/ болохыг бичил биетний тэсвэржилт (ББТ) гэнэ. Өөрөөр хэлбэл, халдварыг эмчлэхэд чухал ач холбогдолтой антибиотик болон бусад бичил биетний эсрэг зайлшгүй шаардлагатай эм эмчилгээний үр дүнгүй болж байна гэсэн үг.
Бичил биетний тэсвэржилтийн улмаас эрүүл мэндийн салбарт учрах сөрөг нөлөө дэлхий дахинд ямар байна вэ.
ББТ нь дэлхий нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх 10 аюулын нэг юм.
2019 оны байдлаар дэлхий дахинаа 4.95 сая гаруй хүн бичил биетний тэсвэржилттэй холбоотой эмгэгээр бөгөөд үүнээс 1.3 сая нь тэсвэртэй бичил биетний халдварын улмаас нас барсан байна. Үүний таван нас баралт тутмын нэг нь хүүхдүүд байна.
Бичил биетний тэсвэржилтийн улмаас үүсэх эдийн засгийн хохирол дэлхий дахинд ямар байна вэ.
Бичил биетний тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өсдөг.
Дэлхийн банкны тооцоолсноор ББТ нь 2050 он гэхэд эрүүл мэндийн салбарт нэг их наяд ам.долларын нэмэлт зардал, 2030 он гэхэд жилд нэг их наядаас 3.4 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) алдагдалд хүргэж болзошгүй.
Бичил биетний эсрэг эмийг шинээр нээж гаргахад 10-15 жил, нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:
Иргэд юунд анхаарах вэ?
-Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эм хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-ББЭЭ-ийг эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
-Томуу, томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик эмээр эмчлэхгүй.
-Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгаж, улмаар эмэнд үүсэх тэсвэржилтийг бууруулна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?
-Бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
-Бичил биетний эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
-Хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн бичил биетний эсрэг эмийг нэн даруй устгаж байх
-Хариуцаж буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх
-Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
-Халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх
Малын эмч болон мал, амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?
-Бичил биетний эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нян, бусад бичил биетний эсрэг эмийг мал, амьтандаа хэрхэн өгч байгаа байдалд нь хяналт тавих
-Өвчинг зөв оношилж, тухайн өвчинд тохирох бичил биетний эсрэг эмийг оновчтой сонгох
-Мал аж ахуй эрхлэгч, малчдад бичил биетний эсрэг эмийг буруу хэрэглэснээс бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүсдэгийг ойлгуулах мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх.
-Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах, био аюулгүй ажиллагааны дэглэмийг мөрдөх.
-Мал, амьтанг дархлаажуулалтад хамруулах, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх.
-Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүд, тариаланчидад хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Тэмдэглэлт долоо хоногийн хүрээнд ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна
-"Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн долоо хоног’’ аянд нэгдсэн тухай байгууллагын даргын мэндчилгээг нийгмийн сүлжээгээр түгээх
-Нийслэл болон орон нутгийн бүх шатлалын мал эмнэлгийн байгууллагуудыг аянд нэгдэх тухай албан бичиг хүргүүлэх
-Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхийг уриалсан видео контентийг орчуулан, дуу оруулан олон нийтийн телевиз болон нийгмийн сүлжээгээр түгээх
-Малчид, фермерүүдэд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхийг уриалсан зурагт хуудсыг олон нийтийг мэдээллийг хэрэгслээр түгээх.
-Улаанбаатар хотын сүүний зах зээлийн 80 орчим хувь, сүүн бүтээгдэхүүний 30 орчим хувийг дангаараа хангадаг Сүү ХК-ийн хамтран тус компанийн ханган нийлүүлэгч сүүний ферм эрхлэгч нарт бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулна.
-Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн долоо хоног аяны хүрээнд мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулна.
Мэдээлэл авах эх сурвалж:
-Хүнс, хөдөө аж ажуй, хөнгөн үйлдвэрийн яам вэб сайт: https://www.mofa.gov.mn/
-Хүнс, хөдөө аж ажуй, хөнгөн үйлдвэрийн яам фейсбүүк пэйж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Мал эмнэлгийн ерөнхий газар вэб сайт https://vet.gov.mn/
-Мал эмнэлгийн өрөнхий газар фейсбүүк пэйж: Мал эмнэлгийн ерөнхий газар
-Эрүүл мэндийн яам вэб сайт: https://moh.gov.mn/
-Эрүүл мэндийн яам фейсбүүк пэйж: Эрүүл мэндийн яам
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар вэб сайт: https://mmra.gov.mn/
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар фейсбүүк пэйж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
-НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар фейсбүүк пэйж: Food and Agriculture Organization of the United Nations (FAO)
Сэтгэгдэл ( 0 )