СОНСГОЛ I Дуулиант хэргийн хохирогчид үгээ хэллээ

2024 оны 11 сарын 22

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалж Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. 2008 оны долоодугаар сарын 1-ний үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан хошууч генерал Ч.Амарболд, Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр яллагдан хоригдож байсан Т.Чимгээ ах Т.Хүрэлбатын хамт, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр 4.6 жилийн ял сонсон хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Л.Гансүх, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр, сэтгүүлч А.Баярмаа нарын олон хүн сонсголд оролцон, дуулиант хэргийн хохирогчид үгээ хэллээ.


МИНИЙ ДҮҮ ЯРГАЛАЛ ТАМЛАЛ ДУНД ЯВСААР ГАРСАН
 

Сонсголын үеэр хохирогчдын илэрхийлсэн байр сууриас хүргэвэл,

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:

-Миний дүү эрүүдэн шүүлтийн улмаас ял авч, таван жил есөн сар хоригдсон. Жаахан яаруулбал сандарч, унаж татдаг болсон учраас би өмнөөс нь ярьж байна. Энэ бол УИХ-ын гишүүдэд хүргэх боломж тул ярья. Миний дүү яргалал тамлал дунд явсаар гарсан.

Одоо ч энэ нь УИХ-ын гишүүнээр түүчээлж, үргэлжилж байна. Ч.Лодойсамбуу гишүүн "С.Зоригийн хэрэг илэрсэн шүү дээ" гэж ярьсан. Цагаатгах шүүхийн тогтоол гарсан байхад ийм юм ярьж байна. Сахилгын хороо Ч.Лодойсамбуу гэж гишүүнд арга хэмжээ авч өгөөч. Хоёрт, бид нөхөн төлбөр авах асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч есөн удаа буцсан. Энд ч мөн эрүүдэн шүүлт явагдаж байна. Энд мэдээж адилхан хэлмэгдсэн хүмүүс байгаа. Эхний ээлжид энэ хүмүүсийн хэргийг багцалж, нэг тийш нь болгомоор байна. Бид шүүхэд огт итгэхгүй байна. Энэ бол тодорхой кейс шүү дээ. Энэ хэлмэгдсэн хүмүүст тусад нь хууль гаргаж өгөөч гэж хүсмээр байна.

 

2013 ОНООС ТАГНУУЛЖ, ЧАГНУУЛЖ, ХОРИГДОЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЛАА

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр яллагдан хоригдож байсан Т.Чимгээ:

-Эрүүл мэндийн хувьд тууштай эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Бидний амьдрал хүнд байна. 2013 оноос шүүхээр тагнуулж, чагнуулж, дээрэлхүүлж, доромжлуулж, одоо хүртэл ч доромжлуулаад байж байна. Миний үр хүүхэд ч надтай хамт сошиалаар доромжлуулаад байж байна. Ирээдүйд үр хүүхдийн минь удам судар нурчихлаа. Хэдэн үеэрээ дамжихаар “Алуурчин” гэдэг нэртэй болчихлоо. Үүнд би үнэндээ гомдолтой байна. Бид хэрэг хийж суучихаад ирээд таван цаас нэхээгүй. Би хэлмэгдэж орлоо, үр хүүхдээ алдлаа. Одоо биднээс юу авах гээд байгаа юм. Би ядахдаа үлдсэн хүүхдийнхээ нэр хүндийг сэргээчихээд нүд анимаар байна шүү дээ. Эрүүл юм шиг явж байгаа хэрнээ надаас эрүүл авах юм ганц ч байхгүй. Шүд зуугаад хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг сэргээгээд нүд анимаар байна. Ямар нотлох баримттай болоод сая сэтгүүлч намайг “Алуурчин” гэж дуудаж байгаа юм. Миний хүүхэд сая утсаар сонсчихоод над руу ярьж байна шүү дээ. “Ээжээ, юу болоод байна аа” гэж. Бидний гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болчихсон шүү дээ. “Энэ хүн хэрэг хийгээгүй, гэм буруугүй. Эрүүдэн шүүгдсэн байна” гээд тогтоогдоод гараад ирчихсэн. Гэтэл хэний заавраар, ямар нүдээр хараад байгаа юм. Ядарсан биднийг шороо, устай хольчихоод одоо яамаар байгаа юм. Энд дандаа зовсон хүмүүс ирсэн байна. Дээрэлхүүлсэн, зовсон, хүүхдээ алуулсан, нэгийгээ алдчихсан, өөрөө зодуулсан, дандаа хэлмэгдсэн, ядарсан улс. Ард түмэндзээ хандаж хэлэхэд намайг дэмждэгт би баярладаг. Ц.Нямдорж гуай үнэн зөв талаас нь олж харсны үндсэн дээр би амьд гарсан. Содномдаржаа амьд гарсан. Олон хүнийг аварсан, Ц.Нямдорж гуай. Хуулийг зөв харсан. Хэлмэгдэж байгааг мэдсэн. Буруу зүйл болоод байна шүү гэдгийг хэлсэн. Би намайг алуурчин гэсэн сэтгүүлчид гомдол гаргана. Миний доромжлуулах багадаагүй. 2013 оноос доромжлуулаад өнөөдөр амьдрал орвонгоороо эргэчихсэн л явж байна шүү дээ.  Орох орон алга. Үр хүүхдээ хэдэн тийш нь тараачихсан. Том хүүхдийнхээ хүүхэд, өнчин зээгээ дагуулчихсан. Ер гарсан хөгшин дагуулчихсан. Бидний амьдрал хэцүү байна. Буланд суугаад гуйлга гуйхгүй юмсан. Авах ёстой юмаа би авах ёстой л гэж бодож явна.

 

МОНГОЛЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ЭНЭ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН, ТЭНД ОЧИЖ МӨНГӨ АВСАН, ОЧИЖ НӨЛӨӨЛСӨН

 

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу:

-Өнөөдрөөс яг 19 жилийн өмнө Малайзид миний охиныг хороосон. Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг ч ярих ёстой юм. Бид үнэндээ гадагш явсан хүмүүсээ мартсан. Тэд өөрсдийнхөө эр зоригоор, тэр улсын хуулиар, тэдний эрх мэдэлд хохирч явдаг. Гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явлаа, надад тусалдаггүй. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ бичиг өгсөн, “Боломжгүй” гэдэг нэг л хариу өгдөг. Боломжгүй гэдгээ эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй гэж тайлбарладаг. Боломжгүй гэдэг үгийг чадахгүй гэдэг үгтэй зүйрлэдэг. Эрх зүйн гэрээгээ байгуулаач ээ. Эрх зүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу гэж би асууж байна.

Энэ асуудлыг би саяхан Ерөнхий сайдад тавьсан, Хууль зүйн яам руу шилжүүлсэн байна лээ. Надтай уулзаж, “Боломжгүй” гэдэг хариултаа өгөх болов уу гэж горьдож байна. Манай хуулийн байгууллага хүний өргөдөл авдаг, өөртэй нь уулздаггүй. Нэг сар хүлээлгэдэг хуулийн хугацаатай. “Боломжгүй” гэдэг хариулт л өгдөг.  Би хүн хүнтэйгээ харилцдаг гэж боддог, гэтэл хүн цаастай харилцсаар удаж байна.

Эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг ярьж байгаа бол тодорхой бодитой юм ярих ёстой. Үнэнийг хэлье гэхээр үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Тийм болохоор айгаад байдаг.

Шүгэл үлээгчийн тухай хуулиа хэлэлцээд өгөөч ээ, УИХ ын гишүүд ээ. Юуг тусгах юм гэдгээ ард түмнээсээ асуугаач ээ. Өмнөх УИХ -аар хоёр удаа хэлэлцэх гээд чадаагүй. Юунаас айгаад байдаг юм бэ гэхээр хэн нэгэн хүний эрхэд нөлөөлсөн шударга үнэнийг хүлээх гээд байна гээд айгаад байдаг бол харамсалтай юм болж байгаа шүү.

Би Малайзын хуульд нөлөөлсөн, хууль цаазын ялын хэд хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Хэрэг үйлдэгчдийн ялыг сая аравдугаар сарын 10-нд өөрчлүүлж чадсан. Миний өмгөөлөгч Монголд ажилладаг Б.Баяр, тэнд ганц Энэтхэг эмэгтэй бид гурав болж байна. Хил даваад хэдэн улсын цаана асуудлыг шийдэж чадаж байхад боломжгүй гэдэг ганц үгийг энд сонсох надад харамсалтай санагддаг.

Энэ хугацаанд манай Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон, тэндээс очиж мөнгө авсан, тэнд очиж нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, Хууль зүйн яаманд өгсөн албан бичигт бичсэн байгаа.

 

ДОЛООДУГААР САРЫН 1-НИЙ АЙХАВТАР ХАР ӨДРИЙН НҮГЛИЙГ БИДНЭЭР ҮҮРҮҮЛЖ, АМЬДРАЛААР ТОГЛОЖ, МАНАЙ АЛБА ХААГЧДЫГ ХОХИРООЖ, ЯЛТАН БОЛГОЖ ХИЛСДҮҮЛСЭН

 

2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан хошууч генерал Ч.Амарболд:

-Манай төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хүсэлтээр Монголд хүний эрхийн асуудал хэрхэн хангагдаж байгаа асуудлаар зориуд нээлттэй сонсгол хийж байгаа нь маш ач холбогдолтой арга хэмжээ юм. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүдэн шүүхийн конвенци гээд бүх бичиг баримтад нэгдсэн орон. Манайх хууль ёсыг дээдэлсэн, ардчилсан төр засагтай улс учраас эрүүдэн шүүх асуудал гарахгүй байх гэж боддог. Гэтэл амьдрал дээр ийм асуудал гарсаар байдаг. Эрүүдэн шүүлтийг хүмүүс өнгөц ойлгож ирсэн. Хүнийг барьж аваад зодож, хоолгүй, нойргүй байцаахыг хэлдэг гэж ойлгодог. Гэтэл хүний эрхийн бичиг баримтад эрүүдэн шүүлтэд хүнд хүч хэрэглэхээс гадна хүнийг удаан хугацаагаар хорих, хилс хэрэгт гүтгэх, гөрдөх, хилсээр шийтгэх, ажил, амьдралыг нь доройтуулах зэрэг багтдаг. 

Би цагдаагийн ажилтан байсныхаа хувьд 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр буруутгагдаж байсан. Бид олуулаа байсан. Цагдаагийн байгууллагын Эргүүл хамгаалалтын газрын 14 албан хаагч, удирдах дөрвөн дарга энэ асуудалд холбогдож, шалгагдсан. Тэр үймээн дээд цэгтээ хүрч, дийлдэхээ байсан үед Онцгой байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай зарлиг гаргаж, тэр дагуу манай байгууллага үймээнийг албадан тараасан. Хууль нь ерөөсөө тэр. Хэрвээ ингэж тараагаагүй байсан бол Монголын нийгэмд ямар хохирол учрах байсныг таахад хэцүү. Лав л Улаанбаатарыг  тэр чигээр нь шатаахад бэлэн байсан. Ямар ч мөргөлдөөнд хүрч болохоор байсан. Иргэд архи хэрэглэсэн, улайрчихсан. Монголын шинэ түүхэнд гараагүй эмх замбараагүй явдал шүү дээ, энэ бол. Юу болж дуусах байсныг одоо таахад хэцүү. Ингээд Монгол Улсын хууль, тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид албадан тараасан юм.

Үймээнийг тараахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр миний бие асуулт тавьж, хариулт авсан. Тэр үед "Цагдаагийн байгууллага хуульд заасан хүч ба арга хэрэгслээр гэдэг нь юу гэж байгаа вэ. Бид өмнө нь ингэж ажиллаж байгаагүй. Арга хэрэгсэл гэдэгт цагдаагийн зэвсэглэлд байдаг гав бороохой, резинен сумтай буу, нулимс асгаруулагч орохоос гадна байлдааны галт зэвсэг ордог. Алийг нь хэрэглэх вэ. Олон хүн бужигнаж байгаа газар байлдааны галт зэвсэг хэрэглэж болохгүй. Хүсээгүй муу үр дагавар гарч болзошгүй" гэж хэлсэн. Тэр дор нь үймээнийг тараах үүргийг албан хаагчдадаа өгсөн. Тэгээд шөнийн 01.00 цаг гэхэд үймээнийг тараасан.

Үнэхээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэнээс 800 гаруй хүнийг баривчилсан. Зарим нь ял авсан, зарим нь аваагүй. Манайхаас 532 цагдаа хэмх цохиулсан. Гэтэл үүрээр буудагдсан хүний тухай яриа гарсан. Цагдаагийн байгууллагад "Улсын нэгдүгээр эмнэлэгт хүн нас барсан байна" гэдэг дуудлага ирсэн. Тэнд үзлэг хийхэд буудуулж нас барсан хүн байдаг. Дараалаад гурван хүн ингэж нас барсан байсан. Үүнийг хэн буудсан бэ гэдэг эзнийг тогтоохын тулд прокурортой нийлж, галт зэвсэг хэрэглэсэн, хүний амь хөнөөсөн хэргийг шалгахаар 51 хүнтэй ажлын хэсэг байгуулсан ч маргааш нь татан буулгасан. Тэр ажлын хэсгээр уг хэргийг олох гэж байсан юм. Цагдаа буутай явсан нь үнэн ч хошуутай сумгүй, дуу гардаг хонгиотой явсан. Хүн хөнөөх зэвсэггүй явсан. Бид сум олгоогүй. Энэ бол миний өгсөн үүрэг. Сошиалаар “Цагдаагийнхан буутай явсан байна” гэсэн мэдээлэл яваад ирэхээр цагдаа буудсан байж магадгүй гээд гөрдөөд шалгаад эхэлсэн. Манай нэр бүхий 14 албан тушаалтныг “Та нар буутай явсан байна. Та нар буудсан байж магадгүй. Энэ бүс дотор өөр хүн байгаагүй” гэж гөрдсөн. Уг нь тэр хавиар битүү хүн байсан. Гэтэл тэнд цагдаа л буутай байсан, өөр хүн ороогүй гээд манай хэдийг хорьж цагдаад, явсаар байгаад, дөрвөн жил биднийг мөрдөөд, “Цагдаа буудсан нь сүүлд тогтоогдох байлгүй дээ. Ямар ч гэсэн та нарт ял өгчихье” гээд яллачихсан. Өршөөлийн хуульд хамруулж болохгүй гэж чиглэл өгч, цэргийн гэмт хэрэгтэн болгож ялласан. Кинон дээр гардаг шиг “Босоод, галлаад” гэдэг зүйл цагдаад байдаггүй юм. Ял өгөөд, бидний дөрвөн хүн гурав нь нэлээд олон жилийн ял аваад, дараа нь арай хөнгөрч гурван жил зургаан сарын ялыг биечлэн эдлээд дууссан. Гэтэл сүүлд прокурор “Цагдаа хүн буудаагүй нь тогтоогдлоо” гээд цагдаагийн 14 албан хаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр бид хилс шийтгэгдсэн байгаа биз дээ. Өнөөдөр яг бодит байдал нь энэ. Энэ бол хуулийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдал. Гэм буруу тогтоогдоогүй байхад биднийг ялладаг нь ч буруу. Сэжгээр яллаж болохгүй л дээ. Нотолж байж яллах ёстой. Үндсэндээ долоодугаар сарын 1-ний айхавтар хар өдрийн нүглийг биднээр үүрүүлж, бидний амьдралаар тоглож, манай алба хаагчдыг хохироож, ялтан болгож хилсдүүлсэн. Бидэнтэй хамт ял эдэлсэн нэг дарга маань бурхан болсон. 500 гаруй цагдаа хүнд, хөнгөн гэмтсэн. Тэднээс дөрвөн цагдаа нас барчихаад байна. Үүрд тахир дутуу болсон нэлээд олон хүн байдаг. Зөвхөн цагдаад учирсан биет хохирол энэ.

Хэрэв үймээнийг тараагаагүй бол Монголын нийгэмд, ард түмэнд, амар  тайван амьдралд нь ямар хохирол учрах байсныг таахад хэцүү. Бид ямар ч байсан хуулийн өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр тэмцэж, үүнийг таслан зогсоосныхоо төлөө хилсээр буруутаж, ял эдлээд, өнөөдөр цагаатгагдаагүй явж байна. Шүүх, прокурорт гурван удаа бичээд хариу аваагүй явж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесст оролцож байгаа мөрдөгч, шүүх, прокурор хуулиа ягштал биелүүлдэг болмоор байна. Хонгил гэдэг бараг биднээр эхэлсэн шүү дээ. Хуулийг дур мэдэн тайлбарлахгүй, хууль зөрчихгүй, хүн хохироохгүй, ганц яллах талыг барихгүй, захиалгаар хүн яллахгүй л болчихвол хэлмэгдүүлэлт, эрүүдэн шүүлт байхгүй болно шүү дээ. Энэ сонсголын зорилго тэр гэж ойлгож байна. Тэрнээс биш бид Монголын төрөөс мөнгө нэхээд байгаа зүйл алга. Хийгээгүй хэргийн төлөө, үүргээ ёсчлон биелүүлсний төлөө, цагдаа гэдэг төр, түмний төлөө тангараг өргөсөн байгууллага, алба хаагчдыг хэлмэгдүүлсэн нь цаашаа асар том хохиролтой. Алба хаагчдын урам зориг, төрдөө итгэх итгэлийг унтрааж байгаа явдал шүү дээ. Үүнийг л цайруулж, засч өгөөсэй. Үүнийг цагаатгавал тэдэнд маань хэрэгтэй. Энэ албанд хэрэгтэй, хүний эрхэнд хэрэгтэй гэж бодож байна.
 

ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ГЭДГИЙГ ЗОДОЖ ЦОХИДОГ ЮМ УУ ГЭЖ БОДТОЛ
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛД ОРУУЛЖ, ЧАНГАЛДАГ ЮМ БАЙНА

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр:

-Эрүүдэн шүүлт гэдгийг зодож цохидог юм уу гэж бодсон. Гэтэл сэтгэл санааны хохиролд оруулж, чангалдаг юм байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэг гэдэг хүнд Сүхбаатар, Хан-Уул хоёр дүүргийн шүүхээс өглөө нь хилийн хориг тавиад, орой нь баривчлах шийдвэр гаргасан. Энэ чинь бол бас эрүү шүүлт байдаг юм байна. Н.Өнөрцэцэг гэдэг хүн тувт эрүү шүүлтээр явчихаж байгаа юм байна. Өнгөрсөн жил баригдахдаа хоёр сар гаруй хоригдсон шүү дээ. Суллагдаад хоёрдугаар сарын 6-нд гарсан хүн долоодугаар сарын 18,19 хүртэл гэрийн хорионд байсан. Анхан шатны шүүх энэ гэрийн хорионд байх хугацаа буюу таван сар, 105 хоногийг шүүхийн шийдвэрт оруулж дөрвөн жил есөн сарын ялаас нь хасаж оруулаагүй. Таван сар гаруй гэрийн хорионд суусан нь унтаад босоод ирэхэд болдог асуудал юм уу. Энэ цэвэр эрүү шүүлт болоод явчихаж байгаа. Мөн өмгөөлөгчгүй хуралдсан. Би ямар албан тушаалтанд хандах вэ гэдгийг энэ хүмүүсээс асуумаар байна. Манай ар гэрийн зүгээс тийм л байр суурьтай байна.

 

ТЭР ХҮН НАС БАРАХААСАА НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНД ӨРГӨДӨЛ ГАРГАСАН

 

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын өмгөөлөгч Д.Ганбаяр:

-Би энэ онд эрүүдэн шүүгдсэн хоёр асуудал ярья. Нэг асуудлаас болж хуульч өмгөөлөгч Г.Батбаяр эрүүдэн шүүгдсэнээс болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тэр хүн нас барахаасаа нэг хоногийн өмнө Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Мөрдөн байцаах албаны эрүүл мэндийн хэсэг, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Цамбацэнгэл, дарга Мөнхнаран нь иргэн Г.Батбаярыг хийгээгүй гэмт хэрэгтэй нь холбогдуулан шалгахдаа хүнлэг бусаар, хэрцгий хандаж, сэтгэл санаанд нь шаналал зовиур үүсгэж, нотлох баримтыг устгах, өөрчлөх, эзэнгүй хэрэгт гүтгэхийн тулд бусдын орон байранд хууль бусаар нэгжлэг үзлэг явуулсан.

"Хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх, хэргийн мэдээ баримтыг хохирогч гэх этгээдэд задруулах, сэтгэл зүйн дарамт учруулж хууль зөрчсөн арга хэмжээ хэрэглэж хүчээр гарын үсэг зуруулсан тул энэхүү өргөдлийг гаргаж байна" гэсэн байдаг. Хохирогч гэх этгээд нь худал мэдээлэл тараах гэдэг асуудлаар талийгаач Г.Батбаярт хэрэг үүсгэсэн. Үүн дээр тулгуурлаж орон гэрийг нь нэгжсэнээс тэр хүн шаналал зовиур амссан. Ингээд хэдхэн хоногийн дараа тэр хүн алга болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хэд хэдэн эрүүгийн зүйл заалтаар гомдол гаргасныг шалгаж өгнө үү гээд Хан-Уулын нэгдүгээр хэлтэс дээр гомдол гаргасан. Харамсалтай нь энэ асуудал явагдаагүй. Одоог хүртэл энэ хүнийг яагаад нас барсныг тогтоолгож чадахгүй байгаа. Энэ асуудлын эхлэл нь түүний охиноос эхлэлтэй. 2021 оноос эхлээд охиныг нь дарамталж, хаана явж байна гэдэг зургийг нь аав руу нь явуулдаг байсан. Эцэст нь хүний толгой дээр кофе асгасан болгоод сошиалаар сэвээд одоо охин нь гадаадад, Монголдоо ирж чадахгүй амьдарч байна.
 

ЭРҮҮ ШҮҮЛТ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ШУУД БОЛОН ШУУД БУСААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Тас.мн сайтын эрхлэгч сэтгүүлч А.Баярмаа:

-Би сэтгүүл зүйн салбарт 20 жил ажилласнаас 10 жилд нь хууль эрх зүй, эрэн сурвалжлах чиглэлээр ажилласан. Мөрдөн байцаах албанаас 2024  оны нэгдүгээр сарын 11-нд 07:00 цагт миний гэр болон автомашинд нэгжлэг хийсэн. Намайг эрүүдэн шүүсэн. Энэ эрүү шүүлт өнөөдрийг хүртэл шууд болон шууд бусаар үргэлжилж байна. Бичсэн нийтлэл мэдээлэлтэй холбогдуулж, сэтгүүлчийг жилдээ 10-20 орчим удаа цагдаагийн байгууллагаас шалгадаг. Гомдол мэдүүлж байгаагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаад, байцаалт мэдүүлгээ өгөөд явдаг. Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албаны нэр бүхий албан хаагч миний гэр болон машинд нэгжлэг хийхдээ намайг хилс хэрэгт гүтгэсэн. “Чиний хийсэн хэрэг тогтоогдсон" гэх мэтээр хэзээ ч болоогүй үйл явдлыг болсон мэтээр,  тогтоогдоогүй хэргийг тогтоогдсон гэхчлэн шүүхийн үйл ажиллагааг нэг мөрдөгч нь хийгээд, хэрэгт гүтгэж, харлуулж, доромжилж, эрх зүйн байдлыг минь  маш их дордуулсан.

Энэ хэрэг явдлыг миний ард сууж байгаа цагдаагийн нэр бүхий дарга нар мэдэж байгаа. Энэ асуудлыг бүр нуун дарагдуулсан. Эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор энэ асуудлаар би Авлигатай тэмцэх газарт хандсан. Гэтэл АТГ нь санаатай юм уу, санаандгүй юм уу, эрүү шүүлтийг нуун дарагдуулж байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг авдаг өрөө нь дуу болон дүрсний бичлэг хийдэг байтал надаас авсан мэдүүлэг яахаараа дууны бичлэггүй байдаг юм. Надаас авсан мэдүүлэг дээр миний хэлээгүй үгийг бичсэн байдаг, энэ асуудлыг шалгуулъя гээд АТГ-т хандахаар тогтоогддоггүй. Надаас мэдүүлэг авна гэчихээд 07.00-12.00 цаг хүртэл суулгасан.

“Миний эрүүл мэнд муудаад байна, миний эмийг өгөөч” гэхэд өгөөгүй. “Чиний хэрэг чинь тогтоогдсон” гэж хийгээгүй хэргийг тулгасаар байсан. Үүнээс болж Яаралтай түргэн тусламж дуудсан. Яаралтай тусламжийн бичигт “Зүрхээр өвдөнө, толгой өвдөнө, сууж чадахгүй, хэл яриа ээдрээтэй” гэж бичсэн байгаа. Миний амь нас эрсдэлтэй нөхцөлд байхад мөрдөгч намайг гадуур дагуулж явж, хэрэг тулгаад эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ асуудлаар АТГ-т хандахаар хэрэг үүсгэдэггүй. Би нотлох баримтаа хуулбарлаж авъя гэхээр хүсэлт хангадаггүй. Мөрдөн байцаах албаны  байцаалт авдаг өрөө нь стандартын шаардлага хангасан гэдэг мөртлөө яагаад дүрс биччихээд дууг нь бичдэггүй юм. АТГ, Цагдаагийн мөрдөн байцаах алба, прокурор нь сэтгүүлчийг эрүүдэн шүүчихээд хэргээ нуун дарагдуулаад байна. Сэтгүүлчийн хохирсон хэрэг дээр Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт гаргаж байж, арай дөнгүүр болгож байна. Надаас гадна миний гэр бүл дордож байна. Хуулийнхан болиоч ээ. Улайм цайм нотлох баримттай байхад яагаад прокурор нь хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ. ХЭҮК-оос А.Баярмаа нь хүний эрхийн хамаарагч мөн юм аа гэдэг дүгнэлт гаргачихаад байхад цагдаа, прокурор, АТГ нь эрүүдэн шүүсэн хэргийг нуун дарагдуулж байна.

 

ХУУЛИЙН ХОНГИЛ ГЭЖ ЮМАНД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙГ ӨӨРСДИЙГ НЬ ЯЛЛА

 

УИХ-ын гишүүн асан, "Нүүрсний" гэх хэрэгт татагдан хорих ял эдэлсэн  Л.Гансүх:

-Энэ бүхэн юунаас эхтэйг, цаашид яаж засах ёстойг ярих гэсэн юм. Завхралыг засахгүй байгаатай л холбоотой юм. Долоо, найман жилийн өмнөөс л ил ярьж эхэлсэн. Хууль хүчний байгууллагын завхарлыг Ц.Элбэгдорж удирдаж, Б.Хурцаар дамжуулж хийсэн. Хонгил бий болгосон. Төрийн эргэлт хүртэл хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд хоёр удаа оролдсон. Олон УИХ-ын гишүүний хаалгаар орж тэднийг шантаажилсан гэдэг. Тэр Засгийн газрыг огцруулах санал хураалтад ороогүй долоон хүний нэрийг хэлж чадна. Ингээд ганц хүний саналын зөрүүгээр Н.Алтанхуяг унасан. Тэгээд юу болсон бэ. Нөгөө Дубайн гэрээ, Оюутолгойн асуудал бүгд өрнөсөн. Энэ хуулийн хонгил гэж юманд оролцсон хүмүүсийг өөрсдийг нь ялла. Тэгж байж эхнээсээ цэвэршинэ. Одоо тэр үеийн шүүгчдийг солиогүй л явж байна шүү дээ. Би нэртэй устай нь хэлж байсан, өнөөдөр яг хэвээрээ байна. Хонгил байдаг юм байна гэж У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хүртэл хэлсэн шүү дээ гэлээ.

 

СОНСГОЛЫН ДАРАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ,
ТӨСӨВ МӨНГӨНИЙ АСУУДЛЫГ Ч ШИЙДЭХ ЁСТОЙ

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Өглөөнөөс хойш олон хүний жаргал зовлонг сонслоо. Харин энэ хурлаар ямар үр дүнд хүрэх юм бэ. Юу хүлээх вэ. Мөн хуулийн байгууллагын алба хаагчдаар эрхээ зөрчүүлчихээд, энэ талаар иргэд гомдол гаргахад шийдвэрлэгдэхгүй байгааг яах юм бэ?

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-УЕП-оос гаргасан журмаар байгууллага өөрийгөө биш бие биенээ шалгана. Цагдааг цагдаа биш, АТГ шалгана гэх мэт. Амьдрал дээр нэг үеийнхэн, нэг ангийнхан, хамт ажиллаж байсан улс болж таардаг. Тэгээд нэгнээ шалгахад хүнд болдог юм болов уу гэж харсан. Түрүүчийн УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд сайн тогтоол баталсан. Түүнийг бас хэрэгжүүлмээр байна. Хуучны тахарын байгууллагыг сэргээх үзэл санааг баримталж ажиллаж байгааг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч П.Сайнзориг:

-Шийтгэл хүлээсэн иргэд өөрийн хүсэл зоригоор орхиж гарах боломжгүй газар 843 байршилд байгаа. Тэдгээрийн цаана эрүүдэн шүүлт байна уу, үгүй юу гэдэг асуудал яригддаг. Гарсан зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Иймд сонсголын дараагаас хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөв мөнгөний асуудлыг ч шийдэх ёстой. Мэдүүлэг авах өрөөг сайжруулсан нь энэ гэмт хэргийн гаралтыг бууруулсан гэж өнөөдөр нэг өмгөөлөгч ярилаа. Дараагийн дараа долоо хоногт санал санаачилгыг нэгтгэж, ХЗБХ-нд танилцуулна. Улмаар Байнгын хороогоор шийдвэл УИХ дээр ч танилцуулж болно. Иргэд олон нийтээс гадна төрийн байгууллага ч хүнтэй хүнлэг бус харьцах тал дээр ойлголттой болж чадахгүй байна" гэлээ.

Сонсголд Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм.

Тус комисс цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч байна гэж дүгнэсэн байна.Зэвсэгт хүчний жанжин штабаас авсан мэдээллээр 2021-2024 оны хооронд амь хохирсон хугацаат цэргийн алба хаагч тав, эрүүл мэндээрээ хохирсон офицер ахлагч 16, эрүүл мэндээрээ хохирсон хугацаат цэргийн албан хаагч 13 байв. Хил хамгаалах байгууллагаас авсан мэдээллээр эрүүл мэндээрээ хохирсон алба хаагч 14 байна. Үүний шалтгаан нөхцөлийг дүрмийн бус харилцааны зөрчил, эрүүл мэнд суурь өвчний улмаас, ар гэр, найз нөхдийн хүрээнд үүссэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, цэргийн албанаас шантарч өөрийн биед санаатай гэмтэл учруулсан гэж ангилжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны байдлаар шүүхээс хугацааг тогтоогоогүй 13 хүнийг засрал сайжрал олоогүй үндэслэлээр 5-20 жилийн хугацаагаар тус байгууллагад үргэлжлүүлэн албадан эмчилж байгаа аж. Албадан эмчлүүлж байгаа хүний тоо 39 байгаа ба тус клиникийн байрны хүртээмж, стандартын шаардлага хангасан өрөө, тасалгаагүйгээс албадан эмчлэгдэж буй хүний эрх зөрчигдөж байна.

Гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Төрийн болон албаны нууц мэдээлэл агуулсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хаалттай хийх, нотлох баримт шалгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, оролцогчдод танилцуулахгүй байх, нууцын баталгаа авч өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээг хязгаарлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болгож хэрэглэх, хавтаст хэргийн материалд хамааралгүй төрийн нууц, түүнд хамаарах мэдээ баримтыг хавсаргаж хэргийг бүхэлд нь нууцад хамааруулах зэрэг нөхцөл байдал илэрчээ.

Хорих анги, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн боломж өнөөг хүртэл нээлттэй байгаа нь эрүү шүүлт тулгах, хүний эрхийн аливаа зөрчил үүсэх эрсдэлийг үүсгэж байна. Хорих ангиудын орчин нөхцөл НҮБ-ын хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм зарчимд нийцсэн байдлаар сайжрахгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хоригдогч, бүх насаар хорих ялтай хоригдогсдыг хамгаалах шаардлагатай. Сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна.

Эрүү шүүлтийн хохирогчдыг үр нөлөөтэй хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, хохирогчдыг нөхөн сэргээхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгарч байгаа нь хохирогч дахин хохирох нөхцөл байдал үүсэж байна гэж ХЭҮК дүгнэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top