Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг ухаж ойлгох гэж оролдсоноос эмэгтэй хүнийг ойлгох нь илүү хялбар гэсэн хошин яриа гарсан байна билээ. Үнэхээр ч сүүлийн хэдэн жил АН ёстой л нөгөө мордохын хазгай гээч болчихоод байгаа. Хэдэн сонгууль дараалан ялагдал хүлээсэн учраас С.Эрдэнэ гэж хүн намын даргынхаа ажлыг Ц.Туваанд түр шилжүүлснээс энэ бүхэн эхэлсэн юм.
Одоо бол хэн нь хэнийгээ намаасаа хөөгөөд, хэнийх нь дүрэм журмаар ажил яваад байгааг ойлгохын аргагүй болсон. Тийм ч болохоор сөрөг хүчингүй шахам болж, эрх баригчид нь ард түмнээ хэмнэлтийн горимд шилжихийг сануулж, үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрч, НӨАТ-ынхаа буцаалтаар амьдралаа залгуулж байна хэмээн даапаалж чадаад байгаа хэрэг.
Хяналт тавих, ард түмний хүчтэй дуу хоолой болох нь бүү хэл давтан үйлдэлтэй гэмт хэрэгтэн шиг байнга л шүүхийн хаалга татаж суудаг болсоор дариу хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Мултрах аргагүй дөнгөө АН ноднин жилийн яг өдийд өөрсдийнхөө хүзүүнд углаж байлаа. Тэр үед хоёр тал болон үзэлцээд нэг хэсэг нь уламжлалт аргаар, нөгөө хэд нь цахим сонгууль гээчийг зохион байгуулж, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг, АН-ын дарга С.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг дарга болгосноо зарласан. Улмаар хоёр тал дарга нараа баталгаажуулахын тулд Улсын дээд шүүхэд уралдан хандсан.
Учраа бөхчүүд хайн унахаар засуулууд нь хөлийн цэц рүү хар хурдаараа гүйдэг байсан шиг л юм болсон юм даг. Харамсалтай нь тэдгээрийн хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүйгээр үл барам намынхаа дотоод асуудлыг эхлээд нэг талдаа шийд гэсэн утгатай хариу өгөв. Ингээд л хоолойдоо өөрсдөө угласан өнөөх дөнгө нь өдөр өдрөөр чангарч, тэр уурандаа бие биенийгээ намаасаа хөөж эхэлсэн. Бүр сүүлдээ намынхаа даргаар тодруулж Дээд шүүхэд саналаа хүргүүлээд байсан М.Тулгатыгаа С.Эрдэнэ “Намын эсрэг ажилласан” гэсэн нэр хоч өгөөд өөрийгөө намын даргаар бүртгүүлэхээр зүтгэсэн. Энэ тухай М.Тулгат нь манай сонинд өгсөн ярилцлагадаа “С.Эрдэнэ намайг өөрийнх нь үгээр явахгүй юм байна гэдгийг мэдсэн учраас намайг бүртгүүлэх сонирхолгүй байсан” хэмээн хэлсэн байдаг.
Намынхаа дарга, тамга тэмдэгийн асуудлыг нэг талдаа шийдэж чадалгүй мунгинаж байтал өнгөрсөн сарын 10-ны өдөр АН-ын шинэ даргын сунгаа гээчийг зарлаж Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишгүүн Ж.Батсуурь нар нэр дэвшихээ илэрхийлэн дэнчингийн мөнгөө тушааснаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Гэтэл гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ нарын хүргүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” хүсэлтийг бүртгэж авснаар асуудал орвонгоороо эргэсэн гэж хэлж болно. Ингэж байтал өөрийгөө “Залуу” гэсэн тодотголтойгоор өрсөлдөж байсан Ж.Батсуурь сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.
Ингэхдээ “Энэ сунгааг АН-ын 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгосон. Гэтэл шинэ дүрмийг бүртгэж авсан учраас сонгуулийг хойшлуулахыг хүссэн ч Дотоод сонгуулийн хороо нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Тиймээс нэрээ татаж байна” гэж мэдэгдсэн. Хөөрхий минь гэхдээ өөрийгөө ялна гэдэгтээ итгэлтэй байсан л гэж байна лээ. Анхнаасаа ялах боломжгүй тулаанд орж байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байсан ч ямартаа ч тэрээр дэнчингийн мөнгө болох 540 сая төгрөгөөр хэд хоног сайхан жүжиг тоглох шиг боллоо.
Асуудал ингээд дууссангүй. Холбогдож болох бүхий л хэрэг төвөгт нэр нь орооцолдсоор өдийг хүрсэн Х.Баттулга гэж хүн нөгөө сонгуульдаа өрсөлдөгч нь нэрээ татчихаад байхад ганцаараа өрсөлдөж үнэмлэхүй ялалт байгууллаа хэмээн цахим ертөнцөд шуугиулж байна. Харин С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү болохоор “Х.Баттулга гэж хүн манай намын гишүүн биш” гэж мэдэгдсэн. Энэ бүхнээс л АН-ын учрыг ойлгоход ухаан дутаж эхэлнэ. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар Ардчилсан нам С.Эрдэнэ, М.Тулгат, Х.Цогтгэрэл, Х.Баттулга гэсэн дөрвөн даргатай болчихлоо.
Гэсэн хэдий боловч асуудал нь нэг талдаа гарах талаар хонгилын үзүүр дэх гэрэл харагдахгүй л байна. Энэ хаврын улстөржилт АН-ынхны дөрөв хуваагдлын жагсаал цуглаан, Дээд шүүх дээрх маргаан, бие биенээ элдвээр хэлсэн, бичлэг эвлүүлсэн байдлаар үргэлжилж мэдэх нь. Дөрвийн дөрвөн даргатай болсон ч гэсэн өөрсдийнхөө хүзүүнд углаж орхисон дөнгөнөөсөө Ардчилсан нам салж чадахгүй байсаар ирэх сонгууль хаяанд тулж ч магадгүй.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
4 баттулга