Үндэсний музейд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарлаа

2022 оны 04 сарын 05

БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан түр үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022.04.05/ Монголын үндэсний музейд боллоо.

Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны 9 сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны 10 сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм. 1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү 74 жилийн хугацаанд хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байгаа билээ.

Эдүгээ Монгол Улс, БНАСАУ хоёр орны хоорондын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа дэлхий дахинд болон олон улсын байдал, нийгэм эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлттэй уялдуулан, хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг баримтлан амжилттай ажиллаж байна.

Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал Л. Жаргал нээж, БНАСАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо, БНАСАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайд н.Эрдэнэдаваа, Ахмад дипломатч, Элчин сайд, доктор Ж.Ломбо нар баяр хүргэж үг хэллээ.

Үзэсгэлэнг Монгол Улсын Их хурлын гишүүн, Парламент дахь БНАСАУ Найрамдлын бүлгийн дарга, П.Анужин болон албаны бусад төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирлээ.

Хоёр улсын дипломат харилцааны 74 ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу санд хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг олон нийтэд 2022 оны дөрөвдүгээр сарын 05-10-ныг дуустал толилуулна.

Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуугийн Сан, БНАСАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын Жүче судлалын төв хамтран зохион байгуулж байна.  Зураг дээр БНАСАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайд н.Эрдэнэдаваа баяр хүргэж үг хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.51) 2022 оны 04 сарын 06

Инээдтэй юм МАН хойт Солонгостой коммунист түүх, коммунист соёлын харилцаатай байдаг гэнэ. Түүнийгээ баталгаажуулж ийм нэг өнгөрсөнзавхарсан Ким Ир Сений музейг залуу коммунист П.Анужингаар нээлгэж байгаа юм бна. Ингэхэд Монголчууд ямар оронд ядуураад байнаа.

0  |  0
Top