Монгол, Чехийн Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яам хоорондын 5 дахь зөвлөлдөх уулзалт өчигдөр /2022.04.07/ Прага хотод болов.

Төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Чехийн талаас Гадаад хэргийн дэд сайд И.Козак нар тус тус тэргүүлэв. Талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх болоод олон улс, бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

 

 

Сайд нар Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг санал нэгтэй тэмдэглэхийн сацуу чехийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын дүнд Чех улсад албан ёсоор ажиллах монголын мэргэжилтэй ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар манай улсын 11000 гаруй иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд чехийн тал жилд 1000 орчим хүнд ажлын виз олгож байна. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, БНЧУ-ын хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг Чех улсын Парламентаар хэлэлцэж эхэлсэн болон манай улсад ногдох квотыг нэмэгдүүлэх болсныг талархан тэмдэглэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top