Монгол цементийг “ҮНС” болгох уу!

2022 оны 04 сарын 18

Хөгжлийн банкны дуулиан, шуугиан намжаагүй байгаагийн хажуугаар үндэсний үйлдвэрлэгчдээ татаж унагах популизмын уралдаан улстөрчдийн дунд ид өрнөж байна. Үүгээр далимдуулан дотоодын цемент үйлдвэрлэгчдийг нэг мөр нухах төлөвлөгөө хэрэгжээд эхэлэв үү гэсэн асуулт гарч ирэв. Монголчууд гэрэл цахилгаан, түлш шатахуун, гутал хувцас, хоол хүнс, цемент, арматур гээд ер нь байж болох зүйлсээ гаднаас авч байх нь харийнханд ашигтай байлгүй яахав. Импортлогч орны зовлон энэ. Сүүлдээ бүр гаднын энэ далд санаархлыг Монголд Монголоор нь хэрэгжүүлэх акц  ил цагаандаа гарав.

Уг нь Хөгжлийн банкыг улс орны хөгжилд хэрэгтэй том төслүүдээ санхүүжүүлж, үйлдвэрлэгч улс болох зорилгоор байгуулсан. Үүний дүнд 100 хувь гаднаас цементээ авч байсан Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах болж урд хөршийн уурыг хүргэсэн нь ч бодит үнэн. Гэтэл “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчийн үлгэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээл, далд луйвартай тэмцэх нэрээр халхавчлан нэгэнт баригдсан болон одоо баригдаж байгаа хэдэн цементийн үйлдвэрийнхээ үүдийг нь хааж, үнсийг нь хийсгэх үйл явц явагдаж байна.

Учир нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тал хувийг нь эзэлж буй Төрийн өмчит компаниуд, зээлээ зориулалт бусаар зарцуулж орон сууц барьсан, үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн, банк бус санхүүгийн байгууллагад оруулж мөнгө хүүлсэн, нүүрсний дамын наймаанд ашигласан, бүр ор мөргүй идээд уучихсөн нөхдөө огт дурсахгүй хэрнээ өдөр, шөнөгүй өнөө хэдэн цементийн үйлдвэрээ хэвлэл, сошиалаар балбаж, хэрүүлийн алим болгон шидэж байгаа нь ямар учиртай вэ.

Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цемент, барилгын материалынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болно, гэр хорооллыг орон сууцжуулна, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ерөөл магтаал шиг сайхан уриа тунхаг ёс юм шиг ордог. Тэр амлалт, хамаг зорилтыг нь өөрсдөө эрсдэлээ үүрч, олон монгол хүнийг ажлын байртай болгож, улсад татвар шимтгэлээ төлж, улаан гараараа бүтээн байгуулалт босгож зүтгэсэн цемент үйлдвэрлэгчдээ өнөөдөр зах зээлээс зайлуулж, хужаа цемент оруулах хуйвалдааны хөрсөө сийрэгжүүлж суугаа нь нууц биш боллоо гэж хардах хүмүүс ч байна.

Сүүлийн 30 жилд энэ хэдэн цементийн үйлдвэрийг эс тооцвол Монголд хийгдсэн өөр дорвитой том бүтээн байгуулалт гэж байхгүй. Сайрхаад яриад байдаг 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, 21 аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбосон гавьяа өнөөх л хэдэн муу нэр луу данстай болж цоллогдоод буй үндэсний цементийн үйлдвэртэй болсны гавьяа гэдгийг мэддэг нь хэлчих зориггүй бэртэгчин байдал Монголын хөгжлийг хойш татаж байгаа юм.

Хөгжлийн банкны асуудлыг ярихдаа арай эрүүл өнцгөөр харсан бол ямарт нь арилжааны банкных шиг өндөр хүүтэй долларын зээл олгов, ямарт нь маш бага хүүтэй төгрөгийн зээл өгөв, төрийн бодлогын дагуу төсөл хэрэгжүүлсэн баялаг бүтээгчдээ яагаад баалж яллаад байна вэ гэдгийг сүү тос шиг ялгаж хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг төсөвт оруулаад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулах ухааны юм ч эрх баригчдаас илт цухалзах болов.

Гэтэл буух эзэн буцах хаягтай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж засгийн зорилтыг биелүүлсэн компаниудаа цаазын тавцан дээр тавьчихаад бахаа хангаж суугаа нь эмгэнэлтэй. Хятадаас хямд цемент орж ирээд монгол хөгжихөд үндэсний цементийн үйлдвэрүүд саад болоод байна гэж ярих мунхаг нэгэн байх.

Хэрэв тийм бол тэр хүмүүс далд санаархалаа муу нуухаар сайн илчлээд “Бид Хятадын цементийн үйлдвэрүүдийг дэмжиж байна. Монголчууд үйлдвэрлэл эрхэлж, Монгол Улс хөгжихийн эсрэг талд байна” гээд ил тод зарлаач дээ. Ёстой нөгөө Хурмаст болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг идээд ир гээд явуулсан чинь нисдэггүй бор морийг нь эндүүрүүд жамирчихдаг чөтгөрүүд шиг даанч эрээгүй аашилж байна гэж харахаас өөр арга алга.

Монгол цемент сөнөхийн төлөө бахирагсдын гайгаар Монгол модоо барьж, үндэсний цементийн үйлдвэрүүдийн бүтээж босгосон бүхэн “үнс” болох аюул гэтсээр л байна. Төлөөсөнд нь эхлээд хямд үнэтэй орж ирж зах зээл дээр эзэн суусан хятад цемент дараад нь гэрийн байтугай төрийн хоймор эзэгнэж, та бид тав тухтай орон сууцанд биш таван ханатай гэртээ үнс нурамтайгаа хутгалдан халтайж суух вий дээ. Тэр цагт таны тархийг угааж үндэсний үйлдвэрлэгчдийг үзэн ядуулж асан өнөөх хөлсний бичээчид, улсаа хорлогч улстөрчид шүлстэй амаа үдүүлсэн мэт таг хамхиж, бузар аргаар олсон мөнгөөрөө тансаг хауст тарвалзаж, далайн эрэгт далилзаж явах нь гарцаагүй. Монгол цементийг “үнс” болгох дотор төлөвлөгөөг хальт гадарлахад ийм л байна.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.165.92) 2022 оны 04 сарын 18

Ганц хашаа барихад ямар хэцүү байдаг билээ, Гэтэл бүхэл бүтэн үйлдвэр босгох ямар хэцүү нь ойлгомжтой шүү дээ

0  |  0
БАЙР АВАХ(202.21.114.139) 2022 оны 04 сарын 18

ӨНГӨРСӨН 30-Н ЖИЛИЙН ХУВИЙН ХӨРӨНГӨӨР ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЭЭ БАРИСАН НЬ ХЭД ВЭ... АРД ОЛОНЫ ХӨРӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН ОРЛОГЫГ ЗУВЧУУЛЖ, УЛСААС УДАА ДАРАА ҮНЭГҮЙ ХУВЬЧЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ,ЗЭЭЛ, ТУСЛАМЖ АВААД АРД ТҮМЭНЭЭ ӨРӨНД ОРУУЛЖ, ӨНДӨР ҮНИЙГ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ТОГТООСОН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ИЧИХ.... НҮҮР БАЙНА УУ.

0  |  0
Юв(192.82.88.69) 2022 оны 04 сарын 18

МАН-ЫХАН ДЭЭР НЬ ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ АЖИЛ ХИЙЖ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ТА БИД БҮГДЭЭРЭЭ ХАРЛАА. .......ҮЗЛЭЭ.....ОДОО БОЛЛОО....ГҮЙЦЭЭ. ОЮУНЭРДЭНЭ АЖИЛ ХИЙХ САНАА БАЙВЧ САЧИЙ ХҮРЭХГҮЙ. ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ЮМЫГ СУРААГҮЙ АЖЛЫГ Ч ХИЙХ Ч АМАР БИШ Л ДЭЭ ХӨӨРХИЙ

0  |  0
Top