Ирэх сонгуулийн пиарын салхи Спикерийг чиглэв үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Хүнд үед парламентыг амжилттай удирдаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарын тухай сөрөг мэдээлэл илтэд давлагаалах болов. Арай л “буруу хөлөөрөө эхэлж гишгэлээ” гэх нь халаг харааж, ерөөж байгаагийн цаана зохион байгуулалттай “ажиллагаа” байгаа нь илэрхий. Бараг захиалагч эзэн нь цаанаасаа гэрэлтэж харагдсан сөрөг мэдээ мэдээлэл цацагдаж байгааг нуух юун.

Түүний сонгогдсон тойрог буюу Баянхонгор аймгийн зүгээс, эсвэл бүр экс ерөнхийлөгчийн зүгээс ч сэвэлзүүлж буй салхи байхыг үгүйсгэхгүй. Арга ч үгүй, Баянхонгорт Г.Занданшатараас том өрсөлдөгч гэж тус тойрог, энэ улс төрд байхгүй. Тийм ч учраас Баянхонгорт нэр дэвшихийг хүсэгчид айсуй 2024 оны сонгуулиа асар эрт эхлүүлж байгаагийн нэгэн жишээ энэ болж байна. Энэ мэт хар пиар нь томоохон үйлсийг харлуулж үл чадах ч нэр хүндийн оргилд гарсан том улстөрчид тулга тойрсон жижиг асуудлаар өрсөлдөх шиг муухай зүйл байхгүй л гэдэг сэн.

Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “хэмнэлтийн горимд шилжье” гэсэн санааг анх гаргаж, улмаар төрийн албан хаагчдын том оврын автомашиныг “журмалсан” юм. Гэтэл “Энэ бол хэмнэлт биш, бодит зүйл байх ёстой. Ард олон биднийг бүсээ чангала гэлээ” гэх мэтээр муу муухайн жишээнд “хөрвүүлэн” бичиж байна. Үүнийг эгэл жирийн иргэд ярьж хэлээгүй, харин ч магтан сайшааж, өрсөлдөгчид нь хэргээр мушгин гуйвуулсан хэрэг.  

Үнэн хэрэгтээ Монгол Улс бүү хэл дэлхий нийт хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед УИХ-ын дарга дээрээсээ эхлээд хэмнэх хэрэгтэй, тэгээд хууль эрх зүйн хүрээнд томоохон асуудлаа ярьж, шат дараатай хэлэлцээд явна л гэсэн. Үүнийхээ дагуу эхний ээлжинд төрийн албан хаагчдын тансаглалыг хасаж, төрийн байгууллагад тавилга худалдан авах тендерүүдийг цуцлалаа, гадаад дотоод зарим томилолт гэх мэт зардалд томоохон “сануулга” өгсөн. Эдгээр нь бүгд тэвчиж болох зардал мөн. Түүнээс иргэдийнхээ талхны нормыг багасга гэж хэлээгүй биз дээ. Дарга нарын тансаглалыг л зогсоо гэсэн.

Одоо хууль эрх зүйн хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хазаарлах талаар өөрөө санал оруулан, УИХ-аар “Үнэ тогтворжуулах хууль”-ийг хэлэлцэн баталлаа. Энэ бол өнөөдөр тулгамдаад байсан асар том зүйл. Гагцхүү парламентаас гаргасан энэ хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг нь үлдэж байна. Мөн Г.Занданшатар төсвийн тодотгол яаралтай хийхийг өөрөө хурлын индэр дээрээс уриалсан дагуу өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Ингэж л тал талаас нь хэмнэж байж сая хэмнэлт гарна. Том оврын автомашины шатахуун түлшнээс, тавилганаас, төрийн албан хаагчдын тансаглалаас, томилолтоос гээд тэвчиж болох бүх зардлыг танаж байж цогц хэмнэлт гарна. Ингээд төсвийн тодотголоор онц шаардлагагүй барилга байгууламж, хөшөө дурсгал гээд зарим зүйлийг танаад ирэхээр энэ улсын сан хөмрөгт чамгүй мөнгө хэмнэгдэж, хуримтлагдаж үлдэхийг л тэр харсан болохоос бус “иргэдээ хэмнэ” гээд шатахуун түлшинд анхаарсан хэрэг биш шүү дээ.

Үүгээр ч зогсоогүй, хэзээний ч юм, Далай ламын ойролцоо нэг зураг гаргаж ирээд сэвэв. Тэр мөн байлаа ч, биш байлаа ч хамаа алга. Адгуус л биш бол хүн аливаа нэг зүйлийг шүтэж байж сая мөн чанар нь оршино. Монгол Улсын Үндсэн хуульд ч заачихсан байгаа. Тэр ч бүү хэл “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. УИХ-ын дарга ч хүн, Ерөнхийлөгч ч хүн учраас тэд юу шүтэх нь тэдний хувийн хэрэг. Энэ мэт Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн зүйлийг, тэр тусмаа хувь хүний эрхэнд халдсан зүйлээр улс төр хийж, хүнийг харлуулах гэдэг арга ядсан л ажил гэдгийг дахин дурдъя.

Үндсэн хууль гэснээс Г.Занданшатар хоёр парламент дамжин удирдахдаа нийгэм, улс төрийн суурь тогтолцоонд шинэчлэл хийе, парламент, Гүйцэтгэх засаглалын эрх, хэм хэмжээг салгаж өөрчлөх хэтийн зорилготой ажиллаж байгаа хүн гэдгийг түмэн олон мэднэ. Энэ нь гагцхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илаарших, зөв гольдиролд орох зүйл гэдгийг надаар хэлүүлэх юун. Ихэс дээдэс маань Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олон жил ярьсан ч өөрчилж чадаагүй. Харин Г.Занданшатарын үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зоригтой хийж чадсан. Бидний “Дордуулсан долоон зүйл” хэмээх заалтыг өөрчлөөд авсан нь олон эерэг өөрчлөлт гарсныг улс төр, нийгэм өөрөө хэлээд өгнө.

Нуршаад яахав, ганцхан жишээ дурдъя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр урьд өмнө парламентадаа 100 хувь мэдүүлж байсан Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өндөр түвшинд авчирсан. Өнөөдөр Засгийн газар нь парламентаас 100 хувийн хараат бус ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь тодорхой амжилт үзүүлж байгааг судлаач, шинжээчид ч сайшаах болов. Урьд өмнө Засгийн газрын гишүүдийг 100 хувь парламентаас томилдог байхад сайд нар бүгд парламентын дохио зангаагаар хөдөлж, өөрсдийнхөө гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлж чаддаггүй байв. Харин одоо Гүйцэтгэх засаглал нь парламентад шууд хамааралгүй, өөрсдийн гүйцэтгэх эрхээ хэрэгжүүлэх болсон нь эерэг тусгалаа өгч байна. Нөгөө талаар Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа томилж, чөлөөлж болдог ийм эрх зүйн орчинг бий болгож чадсанд оршино. Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж гарсан хууль, эрх зүйн шинэчлэл бий болсон гэхээр төр, нийгэмд нэгэн дэвшил гарчээ гэсэн үг. Үүнийг тэр УИХ-ын дарга болоод хийгээгүй, бүр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө судалж, хэлэлцүүлж эхэлсэн ажил гэдгийг дуулгах хэрэгтэй.

Ийм том асуудлын дэргэд нэг тойргийн жижиг улс төр, өрсөлдөгч рүүгээ өчүүхэн чулуу шидэх бол огтхон ч асуудал биш юм. Ёстой л “Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэдэг дээ. Төр, түмний ажил явдгаараа явж, тулга тойрсон хэрүүл өрнөдгөөрөө л өрнөнө.  

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.84.92) 2022 оны 04 сарын 17

ГИШҮҮН АСАН ӨӨРИЙН НАМЫНХ НЬ ЭЛДЭВ- ОЧИР ГЭЭД НЭГ МУУХАЙ УЛЦАЙСАН ЦАРАЙТ Л ТЭГЭЭД БАЙГАА ЗДЭЭ .

0  |  0
Иргэн(64.119.22.8) 2022 оны 04 сарын 16

Үхсэн ирэх сонгуулаар МАН гарч чадах уу. Хулгайч луйварчдаа цэгцэлж чадахгүй байж их мөрөөдөж байна

0  |  0
Зочин(203.91.115.45) 2022 оны 04 сарын 15

Энэ хүн чинь шоронд сууж байх учиртай хүн шүү дээ.

0  |  0
Зочин (192.82.75.126) 2022 оны 04 сарын 15

Энэ Батүүл хүн алсан гээд Сосорбарам яриад байхад яагаад шоронд нь хиих ёстой биздээ баахан айлыг орох оронгүй болгосон биздээ энэ хулгайч яагаад гарч ирээд Батулгагыг доош хиигээд байгаа юм бэ Эрдэнэ хулгайч байна бас хүн алсан эхнэрээ алсан гээд яриад байгаа биздээ яагаад иим хулгайчаа шоронд хиихгүй байгаа юм бэ МаНан гиин гар хөл болоод яваад байгаа Эрдэнэ хулгайчииг шоронд нь хиигээчээ !!!!!!!!Их хуралын дарга занданшатараа чи ч гэсэн бас цүнх баригч шүүдээ !!!!!!!!!

0  |  1
Top