Баянзүрх дүүрэгт гэрийн буурь засаж, гэрлийн шон босгосон ч очдог өгөөмөр хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Үүнээс үүдэж, баянзүрхчүүд түүнийг “Хуримын генерал”” хэмээн нэрлэх болжээ. Монгол Улсад анхны эмэгтэй генерал төрөөд хэдхэн хонож байгаа бол эрхэм гишүүн нэлээд эртнээс энэ нэрийг зүүсэн хүн.
Ард түмнийхээ дунд явж, энэ хэрийн нэр цол хүртэнэ гэдэг сайхан хэрэг. Тэр тусмаа олон нийтийн саналаар сонгогддог УИХ-ын гишүүнд бол аз завшаантай зүйл. Үнэхээр тэр тус дүүрэгт шав тавьж байгаа, үүдээ нээж байгаа байшин барилга хаана юу байна, тэнд зогсож л байдаг цор ганцхан түшээ бол тэр.
Ёстой л “Хуримын генерал” шиг явна. Түүний хамтрагч Б.Энхбаяр гишүүнийг парламентын болон бусад хурал цуглаан дээр үг санал хэлж, хууль санаачилж байгаагаар мэдэхээс баянзүрхчүүд төдийлөн таних ч үгүй байх. Харин Б.Саранчимэг гишүүнийг бол тойргийнх нь зуудаг нохой ч андахаа больсон, аргагүй л ард түмний хүн. Орчин цагийн УИХ-ын гишүүний мөн чанар үүнд л оршино биз дээ.
Айсуй 2024 оны сонгуулиар хэрвээ Б.Энхбаяртайгаа хөтлөлцөөд очих завшаан тохиовол сонгогч олон түүнд л хүндэтгэл үзүүлж танимхайрах байх. Түүний давуу тал нь энэ юм. Тэгээд ч өнгөрөгч 2020 оны сонгуулиар УИХ-ын 22 дугаар тойрогт нийт 28 нэр дэвшигч өрсөлдөхөд 25228 иргэний санал авч парламентад ирсэн хүн. Энэ хэрээр тууз хайчилж, хурим найрын хойморт залраад байвал энэ саналын тоо нэг бол нэмэгдэнэ, нөгөө бол ихээхэн уруудах л байх.
Жирийн нэг автоматжуулалтын инженер мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад нь УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратораар ажиллуулахаар болсон нь улс төрд хөл тавих бодлыг анх төрүүлсэн байж таарна. Түүний улсад мэргэжлээрээ ажилласан түүх гэвэл ердөө 1995-1999 оны хоорондох таван жил байсан болов уу. Мөнгөтэй хүний эгчид ажил хийх шаардлага ч юу байхав. Жинхэнэ утгаар нь улс төр хийж эхэлсэн байж таарна.
Тэгээд ч УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан жирийн нэг админ бүсгүйд үүдэндээ туслах суулган, цайгаа зөөлгөж, бөөрөндөө зөвлөх наачихсан Төрийн түшээдийн амьдрал гоё агаад тун сонирхолтой санагдаа биз. Мөнгөтэй бөгөөд өнгөтэй хүний сонирходог ажил бол яах аргагүй улс төр.
Уг нь тэр улс төрд гавьяа ч байгуулаагүй, гай ч болоогүй бодь нэгэн. Их улс төрд хөл тавихад нөлөөлсөн гол зүйл бол мэдээжийн хэрэг хөрөнгө байдгийг нуух юун. Тэр зүгт таргийн таван ямаатай нөхөр зүтгээд ямар ч нэмэргүйг хөгшин залуугүй мэдэх болсон цаг. Түүнээс тэр МАН-ын нүүр царай болж, гудамж талбайд жагсаад, Төрийн ордонд бужигнуулаад байх хүн биш. Ямартай ч Тусгаар тогтнолын ордонг барихад ихээхэн хэмжээний хандив өргөчихсөн гэх мэдээлэл байдаг.
Үүнээс улбаалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар 2010 онд томилогдож, 2015 он хүртэл ажилласан. Хуучин социалист нийгэмд сурч хүмүүжсэн хүн учраас хариуцлагатай ажилласан гэдэг. Өнөөдөр нийслэлийн ногоон байгууламжийн 20 гаруй хувийг эзэлдэг гэх Үндсэний цэцэрлэгт хүрээлэнг өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн нэг бол яах аргагүй Б.Саранчимэг. Даанч түүний дүү Б.Наранхүү цэцэрлэгт хүрээлэнгийн хөрш зэргэлдээ ундны усны хагалбар дээр “Дүнжингарав” худалдааны төв байгуулчихсан нь эгчийнхээ үйлсийг харлуулдаг тал бий.
Хуучин нийгэмд сурсан гэснээс тэр 1987 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженерээр төгссөн. Өөрөөр хэлбэл цагийн зөөлөнд улсын зардлаар боловсорсон хүн. Сүүлд 1998 онд Гавайн Пасифик Их сургуульд Төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй гэдэг. Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам.доллар байдаг гэхээр чамгүй мөнгөөр сурсан нь харагдана.
МАН-ын эмэгтэйчүүдийг боловсролоор жагсаахад тэр энэ мэтээр дор орохгүй. Үүнээс гадна 2012 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд магистр, 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг, 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ийм хүнийг эрдэмтэй гэхээс ч өөр яахав. Даанч энэ их эрдмийн үр шимийг хаана, хэрхэн, юунд зарцуулж, гаргаж байгааг бодитоор харсангүй. Тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа тус тус сонгогдсон гэхэд нэрлэх бодит ажил, нэрлээд явах хууль алга.
Уг нь бүхэл бүтэн аймаг байгуулчих хэмжээний урт хугацааг тэр нийслэл, төрийн эрх барих байгууллагад өнгөрөөжээ. Тодотгож хэлэхэд 10 гаруй жил ажиллачихаад нэрлэх хууль ч байхгүй, бүтээн байгуулалт гээд нийгэмд нэрлээд үлдээчих зүйлгүй байна гэдэг харамсалтай. Магадгүй, хувь хүний суурь материал, байгалиас өгсөн хэм хэмжээ нь өөр өөр байдаг ч байж болох юм. Түүнээс бус ямар нэг зүйл хийж бүтээе гэвэл заавал дөрөв, таван сургуульд сурч, олон удаа парламентад сонгогдох хэрэггүй юм.
Ганц мэдэх зүйл гэвэл дээр дурдсанчлан Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгийн нээлт, ойн баяр, шинэ жилийг бол алгасахгүй очно. Нэг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нээсэн ч тууз хайчлаад зогсож байдаг идэвхтэй гишүүн. Ард түмнээс сонгогдсон түшээ тэднийхээ дунд очих нь ч зүйн хэрэг байх. Ингэхдээ бас ганзага хоосонгүй. Компьютер, хувилагч машин гэх мэт зүйлээр гар цайлгачихна.
Ийм л нэг гишүүн Баянзүрхчүүдийг төрд зургаа дахь жилдээ төлөөлж байна. Баянзүрх дүүрэгт өргөтгөлийн тууз хайчилж, хувилагч машин бэлэглэхээс өөр том асуудал олон бий. Нэрлэхээс залхамаар олон зүйл байгаа даа. Тэр асуудал руу ороход дэндүү жулдаад байх шиг байна. Ганц Б.Саранчимэг гишүүн ч бус парламентад ажиллаж байсан үе үеийн бүсгүйчүүд нэрлээд үлдээх юу ч хийгээгүй байдгийг он цагийн гэрч өөрөө хэлээд өгнө.
Энэ талаараа тэд намын бүлгийн нэг кноп бололтой юм. Гэхдээ тэр УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын нэртэй шатарчидтай өгөө аваатай нүүдэг хүн. Тэр тусмаа шатрын өрөг, нүүдэл, түүний тухай “Шийдэмгий нүүдэл” ном бичсэн нь олонд эрэлттэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй.
Энэ хэсгээс Б.Саранчимэг гишүүн чухам ямар ажил хийдэг вэ гэдгийг харж болно
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Ийм балай юмнууд 76 д зөндөөн бузар авгай ... улс яаж хөгжихөв дэ
Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юмуу
ми наранхүү эд нарын газрын наймааг хамгаалж байх гал хамгаалагч маягаар л ойлгодог штээ
ЖДҮ чин хулгайч. Намдаа мөнгө өгч суудал авсан юм.
ЗАЙЛ