“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. Тус хэлэлцүүлгийг НЗДТГ Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийн талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж:
-Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 125 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Үүнээс хойш таван үе шаттай ерөнхий төлөвлөгөө хийж, 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байна гэж төсөөлж байсан. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн амтай болсон. Нийслэлчүүд бүх хэрэглээндээ маш сайн гүний ус хэрэглэдэг ч дамжуулах шугамаараа муу болж иргэдэд очдог.
Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 160 мянган метр куб байна. Цэвэр усны шугамын урт 586 км ч 40-өөс дээш жилийн насжилттай 68.9 км, 20 жилийн насжилттай 229 км шугам бий. 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт усны хэрэглээний 50 хувийг гүний уснаас, 25 хувийг гадаргын уснаас, үлдсэн хувийг цэвэршүүлсэн уснаас хангахаар тусгасан.
Сүүлийн үед Улаанбаатар хот барилгажиж байна. Хөрсний ус хөрсөөр дамжин агаараа чийгшүүлж байдаг. Барилгажсанаас болж агаараа чийгшүүлэх нь багасдаг. Агаар хуурайшихаар хур тунадасны хэмжээ багасдаг. Тэгэхээр Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсацтай болгон, нуур, цөөрөм хийж, агаараа чийгшүүлэх хэрэгтэй.
Мөн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудаа моджуулбал агаар чийгшиж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ. Хотын ундны усны эх үүсвэр зүүн талдаа байдаг. Баруун талд Мянганы сорилтын сангаас хоногийн 140 мянган метр куб нөөц бүхий усан санг бий болгож, дамжуулах шугамын ажил 50 хувьтай байгаа. Мөн саарал усыг цэвэршүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн үерийн ус зайлуулах шугам сүлжээ маш муудсан. Нийт 153 км шугам, сүлжээ байдгаас 30 жилээс дээш настай, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон 92.7 км шугам байна. 2040 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд 270 км үерийн шугам, борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөсөн. Туул голоо 57 км сувагчлахаар төслүүд хийсэн. Ингэснээр Туул гол тогтмол урсацтай болж, усан тээвэр хөгжих боломжтой болж, агаарын чийгшил нэмэгдэнэ хэмээлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эхлээд Туул голын урсацыг нэмэгдүүлэх тогтмол нэг хэмжээнд байлгах тохирууулгын далангаа барих Туул, Тэрэлжийн билчэрийн усан сангаа хийгээрэй. Сэлбэ ч ялгаагүй бид эхэнд усан хуримтлууртай болговол күгэр бус уу. Энэ мэт Улайстай. Дунд гол зэрэг мөн адилв