УИХ ажлаа хийж чадахгүй бол тарахаас аргагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Иргэний зориг-Ногоон намынхан өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, Сонгуулийн хуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд “Сонгуулийн хуулийг батлах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хэрэв шийдэхгүй бол ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тарах ёстой” гэж мэдэгдэв. Иргэний зориг-Ногоон намын дарга Д.Энхбат “Сонгуулийн хуулийн маргаан явсаар байгаад ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орсон. Гэвч ард нийтийн санал асуулгын үр дүн нь зөв гарах баталгаа алга” гэв. Үүний зэрэгцээ АН-ынхан пропорциональ давамгайлсан тогтолцоогоор сонгууль явуулна гэсэн байр сууринаасаа ухарч, 38:38 гэсэн тоог санал болгосонд харамсч буйгаа хэллээ.

Мөн ард нийтийн санал асуулга нэрээр далд сонгууль явуулах гэж байна хэмээн хардаж буйгаа ч Иргэний зориг-Ногоон намынхан илэрхийлэв. Сонгуулиа ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа МАН, АН-ын бүлгийнхэн санал асуулгын текст дээр хэл амаа оролцоход бэрх болно гэсэн юм. Тиймээс ард нийтийн санал асуулга явуулах нь жижиг асуудлыг том болгож дэлгэрүүлэн мухар гудамж орж байгаа хэлбэр хэмээн Д.Энхбат гишүүн ярилаа.

ИЗ-МНН-ын дэд дарга Э.Зоригт "Ард түмний дунд санал асуулга явуулахад 6-8 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарч байна. Хэрвээ Засгийн газарт санал асуулгад зарцуулах ийм их мөнгө байгаа бол ахмадуудад эхлээд амлалтаа өгөөч ээ. Заавал санал асуулга гэхгүйгээр хараат бус социологийн судалгааг ирэх найм, есдүгээр саруудад хийлгэх боломжтой" гэв.          

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top