МАН-д ч, АН-д ч тэр Н.Алтанхуягийг "явуулах" сонирхол бий!

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг суудлаас нь буулгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг барьж байгаа МАН-д ч тэр, тэднийг сөрж байгаа АН -д ч тэр Н.Алтанхуягийг "парламентаас хөөх" сонирхол бий.

Учир нь, Н.Алтанхуяг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшин сонгогдсон ч "замын дунд"-аас АН-даа буцаж очсон. 

Тэр хоёр хуваагдсан намынхаа О.Цогтгэрэл даргатай АН-ыг сонгож, С.Эрдэнийн эсрэг зогссон билээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийг Д.Ганбат зангидаж, түүний ард С.Эрдэнэ бий.

Нэг үгээр Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх "кноп"-ыг МАН-аас сонгогдсон гишүүдээс гадна С.Эрдэнийн талын гэх тодотголтой намынх нь С.Одонтуяа, Д.Ганбат, Ш.Адьшаа, Д.Ганибал,  Ж.Батсуурь нарын гишүүд хүч нэмж, Н.Алтанхуягийн эсрэг дарах магадлал өндөр. 

Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийгөө Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүй, нөлөөлсөн зүйл байхгүй гэж мэдэгддэг ч хууль хяналтын байгууллагаас түүнийг яллагдагчаар татчихлаа. Түүгээр ч зогсохгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хүсэлтэй байгаагаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2022.04.25/ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.

Ингэхдээ Н.Алтанхуягтай хамт МАН-ын гурван гишүүн болох Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын нэрийг орууллаа. 

Энд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас ялгаатай нь Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нар намын дэмжлэгтэй, нам нь төрийн эрхийг барьж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, мань гурав гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхтэй үлдэх "боломжтой".

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг эсрэгээрэй, бүр намын дэмжлэг ч байхгүй. Эндээс харахад, Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүн байх хугацаа, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх нь цаг хугацааны л асуудал болжээ. Нөгөө талаараа эрх баригч намынхан зөвхөн Н.Алтанхуягийг явуулахын тулд гурван гишүүнээрээ "туг тахиж" байгааг ч үгүйсгэхгүй билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.42) 2022 оны 04 сарын 27

МАН бодлоготой хандахгүй бол 2024 оны сонгуульд олон суудал алдах вий. Өөрийнхөө намын гишүүдийг сугалж үлдвэл нэр хүндэд нь муу нөлөөтэй. Адилхан түдгэлзүүлээд шалгуулах ёстой.

0  |  0
Ман(66.181.179.193) 2022 оны 04 сарын 27

Хөгийн Ман-ын явуургүй ажиллагаа \nХөгжлийн банкаар дамжуулж амыг нь татжээ.\n24-онд Дүнгээ тавиулна даа ТА нар.\nАрд олон тэнэг биш.

0  |  0
Zochin(184.151.190.208) 2022 оны 04 сарын 26

Duuschee

0  |  0
Top