УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийллээ.
-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. Таныг ямар шалтгаанаар буруутгаад байгаа юм бэ?
-Намайг есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрээр буруутгаж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх ганцхан хар замаар MCS-ийн машин явж байхад манай орон нутгийн Тавантолгойн машин шороогоор явдаг байсан. Нүүрсний үнэ унаад байсан тул зардлаа багасгах шаардлага гарч, энэ замыг “Эрдэнэс MGL”-д худалдан авч өгөх шийдвэр гаргасан юм. Ингэснээр тээврийн зардал хямдарч, хураамж нэмэгдсэн. Тэнд цугласан мөнгөөр эргүүлээд зээлээ төлөх тогтоол оруулж ирсэн. Ийм тогтоол гаргасан хэргээр намайг яллагдагч болгож байна.
-Тогтоол гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм биш үү?
-Тогтоол гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж байна. Засгийн газраар асуудал оруулахдаа тухайн яам нь боловсруулж, ЗГХЭГ-т өгдөг. Ингээд ЗГХЭГ-аас бусад яам руу явуулж санал аваад, Засгийн газарт оруулж ирдэг. Намайг дэг зөрчсөн гэж яриад байгаагаас улстөр харагдаж байна. Би АТГ дээр очихдоо Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбогдуулан буруутгаж байгаа юм байх гэж бодсон. Тавантолгойн замыг 170 тэрбумаар авч, 324 тэрбум төгрөг цуглуулсан нь айлд ашигтай, “Эрдэнэс MGL”-д ашигтай зүйл болсон.
-Хөгжлийн банктай холбоотой асуудалд таныг буруутгаж байгаа юу?
-170 тэрбум төгрөгийг “Эрдэнэс MGL”-д Хөгжлийн банкнаас аваад төлөөгүй байгаа гэнэ. Энэ нь надад ямар хамаатай юм бэ. 324 тэрбум төгрөг олсон айл 170 тэрбум төгрөгийн өр төлөх боломжтой байсан байна.
-Нэхэмжлэгч нь хэн юм бэ?
-Нэхэмжлэгчийг би мэдэхгүй.
-Таныг буруутгах асуудалд улстөр орсон гэж та хэлэх гээд байна уу?
-Намайг улаан цайм буруутгах гэж байна. Хөгжлийн банкны асуудал гарч ирснээс хойш зохион байгуулалттай юм яваад байсан. Нэг намаас олон хүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд ирэхээр гуя дагаж хүзүү гэдэг шиг намайг дагуулж байна. Халдашгүй байдлын дэд хорооны хуралд дандаа сайд хийж байсан хүн байна. Тэгэхээр Засгийн газрын ажил яаж явдаг вэ гэдгийг мэддэг хүмүүс асуудалд ханатай хандах байх. Муйхарлана гэвэл 62 кнопоороо явна. Есөн жилийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр яллагдагч болно гэвэл инээдтэй санагдаж байна.
-Бүлгийн дарга Д.Ганбаттай уулзсан уу?
-Д.Ганбаттай уулзаагүй. Бүлгийн гишүүдтэйгээ хамт сууж байгаад гарч ирлээ.
-Дэд хорооны хурал хаалттай явж байна. Цаашид нээлттэй явуулах хүсэлтийг та гаргах уу?
-Намайг яг юугаар яллаж байгааг та хэлж өгөөч гэхэд хурал даргалагч Ерөнхий прокуророос юм асууж болохгүй гэсэн. Би хурлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Хэргийн процесс гэж нарийн юм ярих биш. Намайг юунд буруутгаж байгаагаа мэдэх нь хүний эрхийн асуудал биз дээ.
-Нээлттэй явуулах санал гаргах уу?
-Нээлттэй явдаг хурал учир хаалттай явуулна гэдэг санал гардаг юм.
Сэтгэгдэл ( 1 )
300 davj ashig olson ailtai holbootoi zuil bl ene hund hamaa bn uu? harin ter hurgendee tal zassan gedegt yrival yay gehev, tuunees heltsej bgaa darga nart n bas boditoi zeeldegch suuj l bn ,tegeed yaj yrih ym ? yrih l bhdaa halhavchtai nuur ichdeggui gej tiim uu?