Швейцарт аварга ихтиозаврын чулуужсан яс олджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Палеонтологичид Швейцарын Альпын нуруунд ихтиозавр үлэг гүрвэлийн чулуужсан яс олжээ. Амьд байхдаа энэ аварга амьтан 80 тн жинтэй, 20 м урт байжээ.

Боннын их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, эдгээр ихтиозавр далайн гүнд амьдардаг сүрэг загасаар хооллодог байсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Аварга хэвлийгээр явагчид ангаа эрэг орчмын гүехэн газар руу хөөж, хооллодог байжээ. Яг ийм гүехэн газар эл ихтиозавр үхсэн гэж таамаглаж байна гэж Швейцарын Цюрих хотын Палеонтологийн музейн тайлбарлагч Хайнц Фуррер ярьжээ.

Палеонтологичид дэлхий дээр олдсон хамгийн том ихтиозаврын чулуужсан ясыг Швейцарын Альпын нурууны хүрэхэд хамгийн хэцүү газарт олжээ. Энэ бүсэд 205 сая жилийн өмнө далайн гүнд үүссэн Мезозойн галавын эрт үед хамаарах чулуулаг бий.

Тухайн үед Европын нутаг дэвсгэр бараг бүхлээрээ Тетис далайн ёроол байжээ. Европын палеонтологичдын илрүүлсэн эдгээр гүехэн газруудад дэлхий дээрх хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох ихтиозаврууд амьдардаг байжээ. Эдгээр хэвлийгээр явагч үлэг гүрвэлүүд Юрийн галавын эхэн үед ор мөргүй устаж, үгүй болжээ.

Хималайн нуруу болон АНУ-ын нутаг дэвсгэрт аварга ихтиозавруудын чулуужсан араг яс саяхан нээснээр Альпын нуруунд ХХ зууны сүүлээр олдсон ихтиозаврын чулуужсан шүд, нурууг дахин судлах сонирхол төрүүлжээ. Шинжилгээгээр эл ихтиозавр Shastasauridae төрөлд хамаардаг болохыг тогтоосон ч ямар зүйлд хамаардаг болохыг одоогоор тогтоогоогүй байна. Палеонтологичид Альпын нуруу болон Тетис далай байсан газар тогтсон уулсад малтлага хийснээр шинэ олдвор нээнэ гэж найдаж байна. Эдгээрийг судалснаар ямар учраас ихтиозавруудын олдвор Мезозойн галавын чулуулагт тэр бүр олддоггүй болохыг олж мэдэхэд дөхөм болно гэж эрдэмтэд найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top