Г.Занданшатарын "хүүхдүүд" дөрвөн найзыгаа авч үлдлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Парламент өнгөрсөн баасан /2022.04.29/ гарагт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтэд "үгүй" гэж хэллээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар бүрэн эрхтэйгээ үлдэв.

Тэднийг хууль, хяналтынханд шалгуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болохгүй, тэд дуудсан цагт нь очиж мэдүүлэг, тайлбар өгөх бүрэн боломжтой гэж бусад гишүүн нь үзжээ. 

Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Асуудлыг тав хоногийн дотор шийдсэн байх ёстой. Дэд хороо хоёр удаа хуралдлаа. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, нэмэлт тайлбар авсан. УИХ-ын даргаар өгсөн чиглэлийн дагуу уржигдар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, холбогдох хүмүүсээс нь тайлбар авсан. Дөрвөн гишүүнээс бичгээр нэмэлт тодруулга, тайлбар авсан. Энэ дагуу дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэмж ирсэн тайлбар, тодруулгатай танилцаж, гишүүн тус бүр дээр нь асуудлыг хэлэлцлээ. АТГ-аас гишүүдийг гэрчээр дуудаж, уулзсан байна. Ямар нэгэн саад учруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ бүхнийг харгалзаж үзээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ" хэмээн өнгөрсөн баасан гарагт ярьсан байдаг. 

Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулсан. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй, бүрэн эрх нь хаалт болохыг үгүйсгэхгүй гэдэг үүднээс санал оруулсан" гэдэг тайлбарыг өгсөн билээ. 

Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатарын "хүүхдүүд" прокурорын саналыг үл хүлээн зөвшөөрч, дөрвөн найзыгаа авч үлдлээ. Нөгөө талаараа дөрвөн гишүүний бүрэн эрхийг тайлах Ерөнхий прокурорын хүсэлт замхрав. Хэдийгээр яллагдгчаар татагдсан дөрвөн гишүүн бүрэн эрхтэйгээ үлдсэн ч хууль, хяналтынхныг дуудсан цагт нь очиж тайлбар, мэдүүлэг өгөх боломжтой гэж мэдэгджээ. Тиймээс тэднийг бүрэн эрхтэй нь үлдээсэн аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.90.148) 2022 оны 05 сарын 02

ямар юмныхан найз, хөгийн дээрэмчидээ 70 хэдэн малнууд нь баастай бохир хотондоо аваад л үлдсэн байна даг тонил цаашаа

0  |  0
Top