Д.Тогтохсүрэн: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.02/ болж хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч  Б.Баярсайхан, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол концевци нь төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 сарын 31 хүртэл зогсоох хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэг дахиж хэлэлцээд удахгүй Засгийн газраас өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай дээрх хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Мөн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ хүлээж аваагүй. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж гишүүдээс тодруулга авсан. Баасан гаригт уг асуудлыг УИХ хэлэлцсэн. Гол нь Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй ганц хороо. УИХ гишүүдийг шалгуулахгүй гээгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр дэд хороо болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж саналаа өгсөн байх" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top