М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 оны дундуур ашиглалтад орно

2022 оны 05 сарын 04

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингхтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та өмнө нь өгсөн ярилцлагадаа бүрэн эрхийн тань хугацаа энэ жил дуусах талаар дурдаж байсан. Бүрэн эрхийн хугацаа тань сунгагдсан уу?

-Энэтхэгийн Элчин сайд нарын аль  нэг улсад томилогдон ажиллах хугацаа гурван жил байдаг. Миний бүрэн эрхийн хугацаа хоёр сарын өмнө дууссан. Гэхдээ 1.236 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тосны үйлдвэр тэргүүтэй хэд хэдэн чухал төслийн бүтээн байгуулалт, хяналттай холбоотойгоор Монголд ажиллах хугацааг маань хэдэн сараар сунгасан.

-Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар босож буй хоёр томоохон бүтээн байгуулалтын нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр бол нөгөөх нь Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбооны төв билээ. Төвийн бүтээн байгуулалт ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас  бүхий л үйл ажиллагааг цахимжуулж, өргөжүүлэхэд анхаарч байгаа энэ үед 20 сая ам.долларын өртөгтэй технологи, мэдээллийн төвийг барьж дуусгах нь 2022-2023 онд  дэвшүүлсэн зорилтын минь нэг хэсэг байсан. Цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг үл харгалзан Энэтхэгийн “M/s P K Saxena” компани энэхүү төвийн барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард ШУТИС-ийн дэргэдэх Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хажууд эхлүүлж, өвлийн улирал хүртэл үргэлжилсэн. Харин одоо бол бүтээн байгуулалт түр зогсоод байгаа бөгөөд  тун удахгүй дахин эхэлнэ гэж бид найдаж байна. Атал Бихарийн нэрэмжит мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төвийг байгуулснаар, жил бүр 5000 хүртэлх тооны  мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх боломжтой юм. Түүнчлэн 650 орчим ажлын байр бий болно. Мөн эхний ээлжинд 30 монгол сургагч багшийг Энэтхэгт мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшний сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2023 онд дуусах  ёстой байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Хэзээ бүтээн байгуулалт, дуусаж ашиглалтад орохоор байгаа вэ?

-Энэтхэгийн хөгжлийн түншлэлийн хамгийн том төсөл болох 1.236 тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн барилгын ажил  2021 оны нэгдүгээр  сард албан ёсоор эхэлсэн бөгөөд  2025 оны дундуур дуусгахаар төлөвлөж байгаа. Одоогоор Энэтхэгийн сонгосон “JMC India” компани EPC-1 буюу Инженерчлэл - худалдан авалт - барилга угсралтын ажлыг эхлүүлээд 52 хувьтай явж байна.  Түүнчлэн  эрчим хүч дамжуулах сүлжээ, төмөр зам, 550 айлын орон сууцны хороолол зэрэг  холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд дуусах шатандаа явж байна. Харин Дорнод-Дорноговь чиглэлд нефть боловсруулах үйлдвэр хүртэл түүхий эд тээвэрлэх 530 км  хоолой барих гэрээг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн  дөрөвдүгээр сард эцэслэн байгуулсан

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цар тахлаас  үүдэлтэй хөл хорио, тээврийн хүндрэл, материалын өртөг өссөн болон  аялал жуулчлалын хязгаарлалт, хорио цээрийн дэглэм зэргээс шалтгаалан хойшилсон.  Одоогоор Газрын тос  боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар  үе шатны гүйцэтгэгчийг (EPC2 & EPC-3 ) дахин сонгон шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа бөгөөд ойрын хэдэн долоо хоногтоо багтаад гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна гэж найдаж байна. Монгол Улсын хувьд нэн чухал уг мега төсөл нь 1.5 сая тоннын хүчин чадалтай. Тодруулбал, 824 мянган тонн дизель түлш, 339 мянган тонн автобензин, 80 мянган тонн агаарын тээврийн түлш, 43 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

-Газрын тос боловсруулах үйлдвэр, мэдээлэл, технологийн төвөөс гадна Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээнийхээ талаар товчхон дурдахгүй юү?

-Дээр дурдсан хөгжлийн түншлэлийн хоёр чухал төслөөс гадна 2021 оны нэгдүгээр сард Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад 150 мянган ширхэг КОВИД-19-ийн вакциныг бэлэглэсэн нь томоохон үйл явдлуудын  жагсаалтын дээгүүрт бичигдэх болов уу гэж бодож байна. Үүний дараа 200 орчим мянган тун "Ремдесивир" тарилгыг арилжааны журмаар Монгол руу экспортлосон. Энэтхэг КОВИД-19-ийн вакциныг Монголд хамгийн  түрүүнд нийлүүлсэн  улс болсонд би ихэд баяртай байдаг. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үл харгалзан 2021 оны есдүгээр сард 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын Хяналт, удирдлагын төвийн  серверийн системийг шинэчилсэн.

Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард  ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг эхлүүлсэн. Үүнээс гадна, Зайсан толгойн ойролцоо Энэтхэг-Монголын найрамдлын сургууль барихаар төлөвлөж байна. Мөн Гандантэгчинлэн хийдтэй буддын шашны нэг сая гар бичмэлийг цахимжуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Худалдаа, аялал жуулчлал, технологийн салбарыг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулсны үр дүнд манай хоёр талын худалдааны хэмжээ 2019 онд 38 сая байсан бол 2021 онд 63.8 сая болж өсөөд байна.  БНЭУ-ын Сонгуулийн комисс, Монгол Улсын Сонгуулийн хороо, БНЭУ-ын ОБЕГ, Монголын ОБЕГ, хоёр улсын Төрийн албаны хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 орчим мод суулгац тарьсан,  Энэтхэгт, Монголын  найрамдлын цэцэрлэгт төгөл байгуулсан,  Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан Монгол шуудангаас хоёр марк гаргасан,  Ерөнхийлөгч Х. Баттулга (2019 оны есдүгээр сард), УИХ-ын дарга Занданшатар (2021 оны арванхоёрдугаар сард), Энэтхэгийн Газрын тосны сайд (2019 оны аравдугаар сард), Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын  (2021 оны арваннэгдүгээр сард) айлчлал зэргийг дурдаж болох бөгөөд эдгээр айлчлал нь  хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлэхэд ихээхэн түлхэц болж, хоёр талын худалдаа, эдийн засгийн  харилцаа гүнзгийрэхэд нөлөөлсөн. 2020, 2021 онд Энэтхэгийн 55 ангит “Бурхан багш” киног МҮОНТ-ээр дамжуулан олон нийтэд хүргэж,  цар тахлын ид үед Энэтхэг улсаас 350 орчим монгол ламыг тусгай нислэгээр эх оронд нь буцаасан, Петуб хийдэд Уламжлалт анагаах ухааны төв байгуулсан, 2020 оны арванхоёрдугаар сард Гадаад харилцааны сайд нарын түвшинд Засгийн газар хоорондын уулзалт, 2019, 2021 онд манай Батлан хамгаалах яамд хоорондын ЗХЖХ-ын уулзалт зохион байгуулсан, Монгол Улсаас туршилтаар  коксжих нүүрс экспортлох ажлыг эхлүүлсэн зэрэг нь сүүлийн гурван  жилийн хугацаанд бидний хийж чадсан онцлох үйл явдал юм.

-Одоогоор хоёр улсын Засгийн газрын хооронд яригдаж буй төсөл, хэлэлцүүлэг байгаа юу?

-Дээр дурдсан төслүүдээс гадна Энэтхэг, Монголын найрамдлын сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх, Буддын шашны нэг сая гар бичмэлийг цахимжуулах, Монголоос Шинэ Дели рүү шууд нислэг үйлдэх саналыг эцэслэн шийдвэрлэх, Кибер аюулгүй байдлын сургалтыг дуусгах зэрэг төсөл яригдаж буй. Мөн Монгол дахь Буддын шашны өв соёлыг сурталчлах зорилгоор Гандантэгчинлэн хийдэд Музей-номын сан байгуулах, 1000 монгол багшийг англи хэлний сургалтад хамруулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтанг  бэлтгэхээр  жил бүр 40 хүнд холбогдох мэргэжлийн  тэтгэлэг олгох, сүү сүүн бүтээгдэхүүнийг арилжааны зориулалтаар ашиглах зорилгоор Сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөлийг байгуулах зэрэг төслүүд хэрэгжиж байна. Мөн бид Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Энэтхэгийн Үнэт цаас, биржийн зөвлөл (SEBI) хоёрын хооронд институцийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа бөгөөд Монгол Улсад хоёр VVIP бирж байгуулах боломжийн талаар Монгол Улсын Засгийн газартай ярилцаж байна.

-Хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгөх боломжтой салбараар ямар салбарыг нэрлэх вэ?

-Өмнө дурдсанчлан, Энэтхэгийн хувьд  ирэх гурван  жил нь  оюун санааны  болон  гурав дахь хөршийн хувьд худалдааны харилцаагаа хөгжүүлэхэд зориулагдана. Бид Худалдаа, технологи, аялал жуулчлалын салбар дахь  эрхэм зорилгоо Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, уялдуулахыг хичээсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд уул уурхайн бус салбарууд, мэдээллийн технологийн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг судлахаар нэгдсэн хүчин чармайлт гаргаж байгаа. Ерөнхийдөө манай хоёр улс мэдээллийн технологи, дээд боловсрол, эрүүл мэнд, эм зүй, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар болон хот байгуулалтын салбарт хамтран ажиллахад ирээдүйтэй.

Дэлхийд мэдээллийн технологийн салбарт  тэргүүлэгч орнуудын нэг болохынхоо  хувьд Энэтхэг улс стратегийн түнш Монгол Улсдаа технологийн хөшүүргийг иргэдийн сайн сайхны төлөө, цахим засаглал, цахим үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын газар зүйн байршил болоод шатахуун, хүнсний үнэ өсөхөд нөлөөлж буй геополитикийн нөхцөл байдлыг харгалзан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах мега төсөл нь Монгол Улсын хувьд маш чухал юм.

-Боловсрол бол аль ч улсын тэргүүлэх салбарын нэг гэдэгтэй та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна?

-Мэдээжийн хэрэг, манай хоёр талын харилцааны тэр тусмаа ЭСЯ-ны хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мэдээллийн технологи, боловсролын салбарын хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд  Энэтхэгийн Засгийн газрын хоёр тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 3500 орчим монгол мэргэжилтэн бэлтгээд байгааг дуулгахад таатай байна. Элчин сайдын яам жил бүр 250 монгол иргэнд бүрэн хэмжээний  тэтгэлэг олгодог. 50 тэтгэлэг нь ICCR хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг олгох урт хугацааны сургалтанд зориулагдсан.

Түүнчлэн Энэтхэгийн Техник солилцооны хөтөлбөрийн (ITEC) хүрээнд IT, англи хэл, бизнесийн удирдлага, аудит, төрийн засаглал гэх мэт 100 гаруй чиглэлээр богино хугацааны сургалтанд хамруулдаг. Одоогоор цар  тахлын улмаас ITEC хөтөлбөрийн сургалтууд түр зогсоод байна. Түүнчлэн  бид ICCR-ийн урт хугацааны тэтгэлгийг зарлаад байгаа бөгөөд өргөдөл гаргах сүүлийн  хугацаа нь 2022 оны энэ сарын 31-нээр дуусгавар болно. Эдгээр тэтгэлэг аль аль нь  насны шаардлага тавьдаг бөгөөд өргөдөл гаргагчаас англи хэлний анхан шатны мэдлэг шаарддаг. Сонгон шалгаруулалтад хамрагдах эрх, үргэлжлэх хугацаа, тэтгэлэг, их дээд сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн анкетыг ЭСЯ-ны “https://eoi.gov.in/ulaanbaatar” вэб хуудаснаас үзэх боломжтой бөгөөд тодруулга авахыг хүсвэл ЭСЯ-ны ulaan@mea.gov.in хаяг руу имэйл бичих боломжтой.

-Ажлын туршлагаас тань харахад таныг мэргэшсэн дипломатч гэж хэлж болохоор. Таны бодлоор  дипломатчдад байх ёстой хамгийн чухал чадвар юу вэ?

-Технологийн асар их дэвшлийн хурдацтай хөгжлийн  өнөө үед дипломатч гэсэн нэр томьёог бүрэн тодорхойлох  тодорхойлолт бараг байхгүй. Гэсэн хэдий ч дипломатч хүн өөрийн үндэстний үр дүнтэй, сайн  элч байх нэн тэргүүний чанар бол итгэмжлэгдсэн улстайгаа улс төр, эдийн засаг, соёлын хоёр талт болон олон талт харилцааны асуудлаар нягт харилцаатай байх. Төр засгийнхаа эрх ашиг, бодлогыг оновчтой, зөвөөр илэрхийлэх, томилогдсон улсынхаа удирдлага, өндөр албан тушаалтнуудтай харилцах харилцааг уялдуулах, бүх түвшинд найрсаг харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх нь дипломатчийн үүрэг, хариуцлага юм. Дипломатч хүн удирдах чадвар сайтай сайн удирдагч, уран илтгэгч, аналитик зан чанартай байхаас гадна уян хатан хэлэлцээч байх ёстой.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бааска(202.55.188.103) 2022 оны 05 сарын 04

Хаха болио боль

0  |  0
Ха(64.119.21.44) 2022 оны 05 сарын 04

2025, 2026, 2027... монгол дахь орсын гөлөгнүүд их садаа болж байгаа даа

0  |  0
Sharav(73.25.114.116) 2022 оны 05 сарын 04

Yamarch tusul tuluvluguund mongol hun nohoi 2iig buu oirtuul!

0  |  0
Top