Уул уурхайн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажилласан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр өнөөдөр /2022.05.03/ ОХУ-д ажиллах хүрээнд хийсэн хэлцлүүд болоод  салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг  хэвлэлийнхэнд өглөө.

Дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг ОХУ-ын  нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.

Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Улс орны дотоодын нөхцөл байдлыг аваад үзэхэд, ковид цар тахлын дараах сэргэлтэд чиглэсэн эдийн засгийн бодлого, шийдвэрүүд хэрэгжүүлэхийг төр, хувийн хэвшлийн аль аль нь зорьж буй ч хилийн чинад дахь гадаад шалтгаанууд бодит эрсдэлүүд дагуулсаар байгаа энэ үед “Алт-2” хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэх нь тун чухал.

Энэ онд 24 тонн алт олборлох зорилттой байгаа манай улсын тухайд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай бүтээгдэхүүний татан авалтыг хэвийн байлгах талаас ийнхүү  шийдэлд хүрч байгаа нь чухал байна.

Дэд сайд О.Батнайрамдал  уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад  нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон байна.

Энэ хүрээнд манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэнийг тэрбээр өнөөдрийн мэдээллийн үеэр хэллээ.

Тодотгоход, Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний үнийн өсөлттэй холбоотой Гаалийн албан татварыг  2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан.

Онцгой албан татварыг 2018 оноос эхлэн ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллароос буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Хэрэв Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мөн Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн дөрөвдүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр АИ-92 автобензин литр нь 3330 төгрөгт хүрэх байсан.

Харин дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан нийт 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өгч байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байгаа. Дэд сайдын хэлж буйгаар “Роснефть”-тэй хийсэн хэлцлийн хүрээнд АИ-92 автобензиний үнийг зургадугаар сар хүртэл энэ хэмжээнд барих нөхцөл бүрдэж буй аж.  

Мөн тэрбээр “Роснефть”-ийн удирдлагуудтай хийсэн энэ удаагийн уулзалтаар АИ-92 автобензинээс гадна дизелийн түлшийг хямдралтай үнээр авах санал тавьснаа хэлсэн.

Засгийн газраас уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бууруулж, тонн нь “O” төгрөг болгосон.

Дөрөвдүгээр сард дизель түлшний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ Онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байжээ.

Харин Онцгой албан татварыг  нь тэглэснээр дизель түлшний үнийг литр тутамд 235 төгрөгийн өсөлтөөс сэргийлжээ. Өнөөдрийн байдлаар дизель түлшний үнэ литр тутамд 3380 төгрөгөөр борлуулагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top