Г.Дамдинням: Л.Халтар сайд та АТГ-т шалгуулсан нь дээр байх

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

УИХ-ын өнөөдрийн /2022.05.05/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцэж байна. 


Энэ үеэр Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Нөгөө л Дарханы зам. Гол замаа дөрвөн жил самарч хаячихаад сууж байна. Дарханы зам дээр учирч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах юм. Энэ хохирлын үндсийг тарьсан Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа хоёр болон дөрөвдүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компани хамгийн эхэлж өгсөн Үнэлгээний хороог АТГ-т шалгуул гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан. Гурван удаа татгалзаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Сайд та шалгуулах үүрэгтэй. Шалгуулахгүй яагаад тойрч зугтаагаад байна вэ, та" гэлээ. 

Үүнд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Тийм ээ, танаас ирсэн. Яам үүнийгээ АТГ-т өг гэж. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банкыг АТГ-т өгөхтэй агаар нэг болчихоод байгаа юм. Үе, үе хамтарч ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банк, хамтраад шалгаруулсан тендерийнхээ байгууллагыг өгөх нь таатай зүйл биш. Яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш, Ажлын хэсэг өгч болно. Бүтээн байгуулалтын ажил сайн явж байгаа. Замчдын ажлыг битгий харлуулаарай. Бүх ажил дээр нь зохион байгуулалт хийгээд явж байна" гэх хариултыг өглөө. 

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар бий болсон уу. Хоёрт, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг сайд танд бий. Та мундаг ёс зүйтэй харагдах гээд шалгуулахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах гээд байна даа. Та шалгуулсан дээр байх аа, наадах аа. Ажил сайн явах тал дээр бүгд хичээж байгаа" гэсэн юм.  

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Тендерийн үнэлгээний хороог байгуулдаг. Гэхдээ Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Хоёрт, би ёс зүй баримталж ажиллаж байгаа хүн. Тиймээс хамтарч ажиллаж байгаа байгууллагыг шалгуулья гэж хэзээ ч явахгүй. Алдаа юу байна гэвэл хямд үнэтэйг нь сонгосон л байгаад байна. УИХ дээр байгуулсан тэр Ажлын хэсэг нь АТГ болон шалгуулдаг байгууллагадаа өгөөрэй" гэх нэмэлт тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.240.53) 2022 оны 05 сарын 05

Энэ нэгл замаар шоу хийсэн нөхөр байнаа өөрийг нь шалгах хэрэгтэй хөгжлийн банкыг дампууруулсан

0  |  0
иргэн(192.82.72.238) 2022 оны 05 сарын 05

Дамдинням гээч нэг сагсуу попрогч гарч ирж байна даа. Энийг дахиж сонгож болохгүй шүү. Батзандангийн хойд дүр.

0  |  0
Zochin(66.181.160.104) 2022 оны 05 сарын 05

Дарханы замын мөнгийг яачихаад цэргүүдээр бариулж байгааг нь шалгах хэрэгтэй.Гэхдээ өмнөх сайд Энх-Амгаланг хамт шалгах ёстой шүү

0  |  0
Top