Энэ хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийнх нь хувьд, ард түмний олонхын саналыг авч сонгогдсоных нь төлөө бид хүндэтгэх хэрэгтэй. Магадгүй хуулиндаа "Ерөнхийлөгчийг хүндлэх ёстой" гэсэн заалт байхгүй ч бид хүн чанар, ёс жудгаа баримтлан болж өгвөл муулахгүй байхыг бодох шаардлагатай. Гэхдээ энэ бүхэн түүнийг "сайн хүн" гэх шалтгаан биш л дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн улсыг зорьсон өдөр МАХН-ын нэрийг Улсын дээд шүүх бүртгэчихсэн. Олон хүн энэ хэрэг явдлыг түүнтэй холбож байна. Эзгүй хойгуур нь Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж чадаагүйгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч хэсэг гэдийв. Гэтэл нэг л өдөр хоёр намын бүлэг Бүх ард түмний санал асуулга явуулах болсноо зарлаад асуултаа томъёолж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч эх орондоо ирэхтэй зэрэгцэн АН-ын бүлэг "Санал асуулга явуулна" гэсэн амнаасаа буцаж шогтов. Энэ асуудлыг эрхэм Ерөнхийлөгчтэй холбож ярих хүн олон байна. Төрийн тэргүүн маань ч санал асуулга явуулахыг эсэргүүцсэн утгатай үгийг улс төрчдөд хэлсэн сурагтай. Ямартай ч үүсээд буй нөхцөл байдлыг талууд нэг тийш шийдэхгүй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн имиж өөрчлөгдчих вий дээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )